Хувь хүний орон зайн талаарх ойлголт тааруугаас монголчууд өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулах явдал цөөнгүй. Гэтэл энэ нь бүр хил хязгаар давж, хотын даргаасаа эхлээд айлын гэрт “дайрч” ороод дайлуулж цайлуулан, төрсөн жил, төөрөг заяаг нь хүртэл яриулдаг моод дэлгэрэв. Сар шинийн баярын өмнөхөн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, орлогчийнхоо хамт гэр хороолол дахь хийн түлшид шилжсэн айлуудад “гэнэтийн шалгалт”-аар явахдаа гэмшсэндээ буузыг нь хийгээд өгчихсөн. Тэрбээр гэрийн эзэгтэйд хандан “Гадаад, дотоодын баахан хүн дагуулаад гэнэт ороод ирлээ. Шавхай тарьчихлаа. Буузны мах татаж өгье” гээд ханцуй шамлаад суучихсан. Шавар шавхай татуулаад айлын гэрт зөвшөөрөлгүй орж ирснээ өөрөө ч хүлээн зөвшөөрөв.
Хэн дуртай нь камер бариад хувийн орон зайд халддаг явдал хэрээс хэтэрснийг шийдвэр гаргагчид, эрх мэдэлтнүүд залруулан засах атал өөрсдөө айлын гэрт асуулгүй орж ирээд бичлэг хийж, нийгмийн сүлжээнд байршуулах болов. “Дарга аа, манайд ирж, бууз хийгээч, гэр цэвэрлээд өгөөч” хэмээх цахим урилгад тэрбээр нэг хэсэгтээ дарагдсан. Айлын буузны мах татангаа ам хуурайгүй ярьж, гэрийн эзнээс үр хүүхэд, төрсөн жил, эхнэрийн ажил төрөл гээд л амьдралд нь хошуу дүрээд амжсан. Татсан маханд шүлс нь үсрэх вий гэхээс санаа зовохгүй байгаа нь илт, гэрийн эзэгтэй ч азаар сэжигч хүн биш бололтой, “Дарга минь, бууз ид” гээд сүрхий найрсаг зан гаргана лээ.
Хотын дарга айлаар хэсэж ажлаа амжуулдгаа дахин баталж, хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүрэгт хийн халаагуурт шилжсэн айлуудаар “зочилсон”. Энэ удаа ажил хийж өгөөгүй ч амаа тосдов. “За эгч, цай уучхаад гаръя, ажил хэцүүдлээ” хэмээн шавдуулсан хотын дарга маань “Нэг бууз идчих үү” гэснээ дахиад нэгийг нэмчихье хэмээсээр өдрийн цайгаа уучхаад мордсон. Айлын гэрийн хойморт залрахдаа гадуурх хувцас, гутлаа тайлдаггүй юм гэхэд, улавч өмсдөг соёлыг дэлгэрүүлсэн бол хотын даргаасаа иргэд суралцах нь лавтай байв. Гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч байршуулах, элдэв судалгаа авах нэрээр урилгагүй ирэгсэд хэзээ ч гадуур хувцас, гутлаа тайлж ордоггүй. Тэр ч бүү хэл, хандив, тусламж гэж хуучин хувцас, атга чихэр өгснөө хүүхэд, хөгшдийн зургийг зөвшөөрөлгүй авч, цахим хуудсанд байрлуулан өөрсдийгөө “алдаршуулдаг”. Түүнээс тухайн хүн цахим орчинд өөрийнхөө нэр, зураг, гэр бүлийнхээ байр байдлын талаар дэлгэх хүсэлтэй, эсэхийг үл тоодог.
УРДАХ АЖЛАА Л ХИЙ, БИД УЧРАА ОЛООД АМЬДАРЧИХНА
Нийслэлийн удирдлага, дарга, сайд нар иргэдийнхээ хувийн амьдралд хэт хошуу дүрж, хэрхэн, яаж амьдрахыг зааж зааварчлах нь хэрээс хэтэрлээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн хотын орлогч А.Амартүвшин “Эмэгтэйчүүдэд цэцэг өгөхийн оронд “чирч” аваачаад ч болов вакцин тариул” хэмээн ярьсан нь олон хүний эгдүүцлийг хүргэсэн. Ядаж ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ, охиндоо юу өгөх сонголтыг нь үлдээчхэж болохгүй юу. Эмэгтэйчүүдэд баярын өдрөөрөө юу хийхийг нь зааж, зааварчилж байхын оронд эрх ашгийг нь хамгаалах талаар дуугарч болсонгүй юу. Албаар ингэж анхаарлын төвд орох хүслээ гүйцээв үү. Үүний дараахан хотын дарга Х.Нямбаатар “Ипотекийн зээлээр байр авсан гэр бүл салбал түрээсний хэлбэрт шилжүүлнэ” хэмээн “айлгасан”. Үүнийг мөн л иргэд шүүмжилж, доог тохуу болгоод өнгөрөв. Ингэнэ, тэгнэ гэх ирээдүй цаг дээрх амлалт, эсвэл иргэдээ хэт дорд үздэг хандлагаа зогсооё, хотын дарга аа.
Сонгуулийн жилүүдэд сайд, дарга нарын бусдын орон зайд халдах явдал дээд цэгтээ хүрдэг. Айлын гэрт очиж бууз хийж өгөх нь бүү хэл, ус, түлээг нь зөөж, галыг нь түлж, цайг нь чанаж, “гэр бүлийн гишүүн чинь байна” хэмээн хайр зарладаг. Үүний нэг жишээ нь, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө нэр дэвшигч П.Наранбаяр нэгэн цэцэрлэгийн хүүхдүүдтэй тоглож, бага чуудын биед зөвшөөрөлгүй хүрсэн. Охидын хацрыг чимхэж, хөвгүүдтэй тоглоом эвлүүлэн, багачуудад үлгэр уншиж өгч, инээж баясаж байгаа бичлэг цахимд тавигдсан юм. Үүнийг иргэд ихээхэн шүүмжилж, хүүхдийн биед дураараа хүрч, бичлэг хийлээ хэмээн буруутгасан. Тэрбээр үүнийгээ эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан хэмээн сүүлд нь цайруулсан ч дарга сэтэртнүүд энэ мэт эрх мэдэлдээ дулдуйдаж, хүний хувийн орон зайд зүй бусаар халддаг жишээ үүгээр дуусахгүй. Албан тасалгааны тань цонхоор амьдрал сайхан харагддаг биз. Та бүхэн урдах ажлаа л хий. Ард түмэн чинь учраа олоод амьдарчихна. Харин хувийн орон зайд нь дураараа халдаж, амандаа орсноо бүү ярь.
Хүний хувийн орон зай, нууц, нэр төрийг хуулиар хамгаалсан байдаг юм. Энэ тухайд хуульч, судлаач Л.Галбаатар “Тухайн иргэн гэртээ орохыг зөвшөөрөөгүй бол хэн ч нэвтрэх эрхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүртэл прокурорын зөвшөөрөл авдаг шүү дээ. Түүнээс зөвшөөрөлгүйгээр хэн нэгний хувийн нууцад халдах, тараах, түгээхийг хуулиар хориглодог” гэв. Эрх мэдэлтнүүд нэр төрд халдлаа гэж гоншигнодог шигээ жирийн иргэдэд ч үнэт зүйл бий гэдгийг сануулъя. Цагдаа, хууль хүчнийхэнтэй хүч хавсраад хохирсон иргэдийг ч шүүхээс тогтоогоогүй байхад нь гэм буруутан мэтээр зарладаг явдал нэг бус удаа гарч байв.
АХ, ДҮҮ БАЙСАН Ч ХАМААГҮЙ
Хувь хүний орон зай гэдэг тухтай, аюулгүй байдлаа мэдрэх тэрхүү хил хязгаар юм. Өөрөөр хэлбэл, биед хүн хэт ойртохоор тухгүй, дарамттай мэдрэмж төрдөг шүү дээ. Хүний хувийн хил хязгаар, сэтгэл зүйн аюулгүй мэдрэмжийг ойлгох нь бусадтай хүндэтгэлтэй харьцах үндэс болдог юм. Энэ ойлголтыг нийгмийн сэтгэл судлалд “personal space” гэдэг. Америкийн антропологич Эдвард Холл хүмүүсийн хоорондын зай, харилцааны соёлыг судлаад үүнийгээ дөрвөн төрөлд хуваасан байдаг. Тодруулбал, дотно зай буюу гэр бүл, хайртай хүмүүс хоорондын зайг ч 0-45, хувийнхыг 45 см-ээс 1.2 м гэж үздэг байна. Үүнд найз нөхөд, танил хүмүүс “нэвтэрч” болно. Харин нийтийн орон зайг 3.5 м-ээс дээш байх ёстой гэж үздэг. Европт хувийн орон зайг ихэд хүндэлж, шаардлагагүй тохиолдолд нэгэндээ төвөг удахгүй байхыг эрхэмлэдэг бол Азийн улсуудад энэ нь соёлоосоо хамааран арай өөр. Гэхдээ танихгүй нэгэн чихэн дээр нь амьсгалах нь холгүй наалдаад байвал хэнд таатай байх билээ. Харамсалтай нь, манай улсад нийтийн тээврийн унаа, банк, зах, худалдааны төв, эрүүл мэндийн байгууллага зэрэг хүн ихтэй газар хувийн орон зайд халдах, цаашлаад нууц, эмзэг мэдээллийг нь түмэнд түгээх нь элбэг.
Нийтийн тээврийн автобусаар зорчиход “оюутан”, “ахмад настан”, “хөнгөлөлттэй зорчигч” гэх мэтээр нийгмийн гарал, байр байдлаар нь ялгаварлан гадуурхдаг. Ингэж цоллох нь байдаг л үзэгдэл мэт болж, хувийн нууц, орой зай гэх ойлголт улам алсарсаар. Ганц бие байхад “Хэзээ хүнтэй суух вэ”, хүнтэй суучхаар “Хэзээ хүүхэдтэй болох вэ”, хүүхэдтэй болчхоор “За хэзээ дүүтэй болгох гэж байна”, дүүтэй болгочхоор “Хүүтэй болооч”, хүүтэй болчхоор “Одонгийн хүүхдээ хэзээ төрүүлэх вэ” гээд бусад хүн хувийн амьдралд нь хэт оролцдог талаар цахим орчинд саяхан хуваалцсан байв. Энэ бол наад захын жишээ.
Саяхан “Хосын хөтөч” нэвтрүүлэгт И.Томоко, нөхөртэйгөө оролцсон. Тэрбээр, “Хадмуудтайгаа уулздаггүй, намайг байхгүйд хулгайч шиг гэрт орж ирээд гал тогоонд хоол хийж идээд явдаг” гэж хэлсэнд олон хүн дургүйцэж буйгаа цахим орчинд илэрхийлсэн байв. Гэхдээ энэ бол зөвхөн Япон, Монгол хоёр орны соёлын ялгаа бус, хувь хүний орон зайд хамаатай асуудал хэмээн үзэх хүн ч цөөнгүй. Ах, дүү нь гэхээрээ орон гэрт нь дуртай үедээ ирж, очиж, “бусниулчхаад” явж болохгүй. Хадам болон төрсөн аав, ээж нь хувийн амьдралд нь хэт оролцож, юу идэж, уух, өмсөхийг нь хүртэл зааж зааварчилснаас залуу хосууд салсан жишээ ч олон. Энэ бүхэн монголчууд хувийн орон зай гэх зүйлийн талаар ойлголтгүй, бөөрөнхий гэрт олуулаа амьдарч ирсэн нүүдэл чин соёлтой хамаатай байж мэдэх ч одоо хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Үүнийг улам дэврээдэг хэсэг бүлэг нь дарга, сайд, эрх мэдэлтнүүд болсон.
Баячуудын хүүхдүүд нийлж, хүн зодсон хэрэгт холбогдсон “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан шүүх хурлын дараа сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзаж, “Миний орон зайд битгий ойрт” хэмээн үл тоомсорлосон. Хүний орон зайд бүү хэл, бие махбодод нь халдсан хүн ингэж хэлэх нь хэр зохистой вэ. Эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй хүнд л хувийн орон зай, нэр төр байдаг биш, ардын хүүхдэд ч хамгаалах үнэт зүйл гэж бий. Ингэж иргэдийн нэр төрд халдаж, орон гэрт “дайрч” орж, хувийн орон зайг нь “зад өшиглөх” эрх хэнд ч үгүй юм.