Манай улс энэ оны эхний хоёр сард экспортод 3.04 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 52 орчим хувиар өссөн дүн болжээ. Харин 1.5 тэрбум “ногоон”-ы бараа, бүтээгдэхүүн импортолсон нь жилд 200 гаруй саяар буурсан хэмжээ аж. Түүнчлэн гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ. Гол нэрийн бүтээгдэхүүн болох чулуун нүүрсийг хоёрдугаар сард 15.8 сая тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 54.4 хувиар өсөж, 0.52 сая баррель газрын тос нийлүүлсэн нь 14.5 хувиар буурчээ. Харин хоёрдугаар сард 12 228 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 53.9 хувиар буурсан дүн аж. Түүнчлэн 218.9 мянган тонн шатахуун худалдан авсан нь 41.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Манай улсын нийт экспортын 80 орчим хувийг зэсийн баяжмал, чулуун нүүрс эзэлдэг бол импортод зарцуулсан хөрөнгийн хамгийн их нь буюу 35 орчим хувь нь автомашин, шатахуунд ногддог.
С.Цэрэн