Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 90 сая төгрөгийн шагналын сантай олимпын жингийн “Шилдэг-8” дотоодын чансаа өндөр тамирчдын анхдугаар тэмцээн Орхон аймагт үргэлжилж байна. Эхний өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жинд өрнөв. Тэмцээний салхийг хагалж, эмэгтэйчүүдээс 50 кг-ын жинд өсвөр үе болон залуучууд, 23 хүртэлх насныхны ангиллын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл, Б.Мөнхнарыг аваргын төлөөх барилдаанд ялж түрүүллээ. Эл жинд сүүлийн хоёр жил дараалан аваргалсан Б.Мөнхнар энэ удаа мөнгөн медаль гардав. Тэгвэл 57 кг-д хүч сорьсон тамирчдаас тив, дэлхийн мөнгөн медальт Б.Хулан Х.Болортуяаг финалд цэвэр ялж, жиндээ аваргаар тодорсон. 68 кг-д Азийн хошой мөнгө, дэлхийн хүрэл медальт Т.Энхжин Б.Ганцэцэгийг буулган авч тэргүүллээ.
Эрэгтэйчүүдээс 57 кг-ын жинд сүүлийн жилүүдэд 61 кг-д зодоглох болсон дэлхийн хүрэл медальт З.Занабазар, М.Даваабандитай тэргүүн байрын төлөө ширүүхэн өрсөлдөж хожив. 74 кг-д тивийн хүрэл медальт, улсын гурван удаагийн аварга З.Сумъяабазар Э.Төгсжаргал нар алтан медалийн төлөөх барилдаанд ана мана өрсөлдсөн. Энэ удаа З.Сумъяабазар тус жинд цахиур хагалах болсон хүчтэй өрсөлдөгчөө туршлагаар илүүрхсэн юм. Тэдэнтэй нэг жинд барилдсан Дэлхийн мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин жин өгсөн оролцож хүрэл медалийн эзэн боллоо. 97 кг-д Т.Тулга олимпын наадамд улсаа төлөөлж оролцсон ОУХМ Б.Бат-Эрдэнэ шилдгүүдийн нэг болох Азийн наадмын болон тивийн хүрэл медальт, улсын харцага Г.Ганхуягтай аваргын төлөө таарч, хожсоноор алтан медаль гардав. Тус жинд хүрэл медаль хүртсэн Т.Дэмчигдорж, дэд байр эзэлсэн Г.Ганхуяг нар өнгөрсөн нэгдүгээр сард болсон УАШТ-д түрүүлж, үзүүрлэсэн билээ. Хоёр дахь өдрийн тэмцээн эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.