Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Пүрэвбаатарын Мөнхтулга 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Архангай аймагт нэр дэвшээд унасан ч 2024 онд “даагаа нэхээд”, хангайн бүсээс 59 200 гаруй сонгогчийн саналаар төрийн эрх барих дээд байгууллагад гишүүнээр сонгогдсон нэгэн. Нэхэл хатуутай “үзсээр” УИХ-ын гишүүн болонгуутаа наймдугаар сард нь Архангай аймгийн АН-ын даргын тамгыг хулгайлсан “хэрэг”-т нэр холбогдсоноор “П.Мөнхтулга хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг увайгүй загналаа” хэмээн нутгийн иргэд, сонгогчид дургүйлхэж байв. Түүнийг Суварга хайрхны тахилгад оролцохоор очихдоо даргыг нь эзгүй хойгуур “Намын байраар ороод гаръя” хэмээн түлхүүрийг нь авхуулан, тамгыг нь хулгайлуулаад зогсохгүй, Архангай аймгийн АН-ын хорооны хурлыг Улаанбаатар хотноо зарлан хууль бусаар хуралдуулсан гэж хэсэгтээ л шуугьсан юм даг.
Архангай бол хэзээнээсээ ардчиллын үнэ цэн, үзэл баримтлалыг дэмжиж, олон ургалч байдал, тэгш эрх, шударга ёсны зарчим, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг мэдрэмжтэй сонгогчидтой гэдгээрээ орон нутагт оройлон манлайлж ирсэн аймаг. 2016, 2020 онд л түүхэндээ байгаагүйгээр нэг тал руу “налсан” сонголт хийж, МАН-ын гурван залууг багаар нь сонгож төрд илгээсэн ч харамсалтай нь иргэдийн итгэлийг тэд даалгүй авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, эхнээсээ шоронд хүртэл орсон билээ. Хаширсан сонгогчдын нэн эмзэг итгэл сэтгэл дээр хангайн бүсээс УИХ-д сонгогдсон П.Мөнхтулга гишүүн эрийн сайндаа биш, АН-ын буянаар, намын гишүүд, дэмжигчдийнхээ ачаар, “Одоо нэг өөрчлөгдөх болов уу” гэсэн эгэл ардын сүүлчийн найдлага горь дээр дэнжигнэн байж улс төрийн өндөрлөг рүү мацаж яваагаа санах хэрэгтэй.
Түүний хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын дунд сургуульд хэсэг сурч байгаад 2003 онд нийслэлийн 83 дугаар сургуулийг төгсжээ. 2002 онд буюу есдүгээр ангидаа Ардчилсан намын гишүүнээр элссэн байна. 2007 онд МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны сургуулийг эдийн засагчаар, 2008-2011 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр, 2011-2013 онд Сингапурт “Раффлес” институтийг санхүүгийн удирдлагаар тус тус дүүргэсэн. Мөн 2015 онд Удирдлагын академийг төрийн удирдлагаар, 2017 онд АНУ-д Loyola Marymount их сургуулийг бизнесийн удирдлагаар магистрын зэрэгтэй төгссөн байдаг. Парламентын албан ёсны цахим хуудас дахь П.Мөнхтулга гишүүний намтар гэж баргийн хүн хараад, уншаад ойлгоход ээдрээтэй хэцүүхэн “юм” байх санж. Ажлын туршлагын хувьд “Хөх чоно” группийн гүйцэтгэх захирлаас бусад нь (Ардчилсан залуучуудын холбооны Бодлогын зөвлөлийн дарга, Монголын байт харваачдын холбооны ерөнхийлөгч, “JCI leader Mongolia” байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч) сонгуульт ажил голдуу юм даа гэж гөрдөж ойлгохоор байна.
П.Мөнхтулга Монгол Улсын алдарт уяач цолтой аавыгаа даган хурдан морь сонирхдог аж. Уяач гишүүний хувиар хааяа чуулганы индрээс “Уяачид морь уяхаа больё гэж байна. Мөнгөтэй хөрөнгөтэй, олон эрлийз адуутай хүмүүсийг барахгүй болсон гэнэ” гэж попрох нь гишүүний ажил биш байлтай. Багш нар удаан хугацаагаар ажил хаях үеэр “Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багш нарынхаа нийгмийн асуудлыг сайжруулахын тулд Боловсролын ерөнхий хуульд нэмэлт заалтууд оруулах шаардлагатай. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай хамтран Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна” хэмээн мэдэгдсэн ч өнөөх төсөл нь одоо ямар шатандаа яваа нь тодорхойгүй. Мөнхтулга гишүүний аав Ө.Пүрэвбаатар нь 2014 онд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн “Шийдлийн” Засгийн газарт Эрчим хүний дэд сайдын албыг хашиж байсан, инженер мэргэжилтэй нэгэн. 2014 оны үеэс нийслэлчүүдийг утаагүй коксон түлшээр хангах тендерт ялсан таван компанийн нэг болох “Хөх чоно” группийг үүсгэн байгуулагч тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөөд унаж байж.
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын болон Төсвийн байнгын хорооны гишүүн П.Мөнхтулга 2025 оны намрын чуулганы хугацаанд ердөө 52.8 хувьд нь хуралдаандаа суусан, 41.7 хувьд нь чөлөөтэй, 5.6 хувьд нь тасалсан, нийтдээ 735 цаг хоцорсон гэсэн ирцийн бүртгэлтэй байх юм. Анх удаа сонгогдсон шинэхэн гишүүд чуулганы болон байнгын хорооны хуралдаандаа бүрэн ирцтэй тогтон сууж, ард олны эрх ашигт хэрэгтэй ямар хууль тогтоомжуудыг хэлэлцэж буйд анхаарч, төрийн ажилд суралцах ёстой баймаар. Иргэд, сонгогчдоо төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буй гишүүдэд УИХ-ын чуулганы хуралдаанд суухаас илүү эрхэм чухал ажил, үүрэг гэж үгүй. Чуулган тасалдгаараа алдартай “Женко” Х.Баттулга гэх мэт үлгэр дуурайлгүй, үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй ах улс төрчдөө дуурайгаад, “том толгой” гаргавал сонгогчид тохирох дүнгээ та нарт бол өлхөн тавина гэдгийг сануулъя.
Л.Аргамжин