-Засгийн газар төрийн өмчит компаниудад онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилох замаар бизнесийн салбар дахь нөлөөлөл, эрх мэдлээ бэхжүүлсээр байна
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр сан”-гаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдаанд гутгаар байр эзэлсэн, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаагийн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар уул уурхай, эрчим хүч зэрэг аль их мөнгө эргэлддэг, тэр хэрээрээ ашиг сонирхол, албан тушаалын “зодоон” ихтэй салбар дахь төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг ашигтай, алдагдалгүй ажиллуулах нэрийдлээр сүүлийн жилүүдэд сав л хийвэл онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилдог моод дэлгэрүүллээ. Ямар сайндаа л монголчууд “Манай Засгийн газар “Мета” компанид онцгой дэглэм тогтоож, төлөөлөгчөө томилох л дутуу байна” хэмээн ёжлох, шүүмжлэхийн завсарт ярьцгаах вэ дээ. Дэлхийн тэргүүлэх технологийн группийн үйл ажиллагаанд удирдлагын түвшинд хөндлөнгөөс оролцох боломж нөхцөл мэдээж манай засагт үгүй. Энэ бол төр өмчлөлийн хэлбэр, хувь хэмжээнээс үл хамааран төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагын эрхийг гартаа авч, дотоод үйл ажиллагаанд нь хүртэл хуруу, хошуу дүрэх болсныг тойруугаар ёгтолсон хэрэг. Том зургаар нь харвал төр нэг гартаа аврагч, нөгөөдөө сүйтгэгчийн дохиур барьчхаад төрийн өмчит компаниудыг буланд шахаж буй хууль бус томилгоог шүүмжилсэн явдал. Энэ талаар илүү дэлгэрүүлье.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад онцгой дэглэм тогтоож, БЭТ хэмээх “тусгай элч” томилох үйл ажиллагаа 2019 оноос эрчимжсэн. Монгол Улсын Засгийн газар тухайн оны хавар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д БЭТ томилсон. Энэ нь манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоосон анхны тохиолдол болсон юм. “Хууль бусаар, хуйвалдааны зарчмаар хувьчилсан, худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг зөрчсөн зэрэг үндэслэлээр эдгээр үйлдвэрийг төрд буцаан авахаар шийдвэрлэхэд Засгийн газар Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн”-ийг тухайн үед Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан Д.Амарбаясгалан дурдаж байв. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газар БЭТ томилсон билээ. Хамгийн сүүлд 2025 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх үүрэг бүхий, мөн “Дулааны цахилгаан станц-3”-т гарсан осолтой холбогдуулан Засгийн газар “төлөөний хүн”-ээ тус тус томилсон. Үндсэндээ Засгийн газар сүүлийн долоон жилийн хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит зургаан компанид онцгой дэглэм тогтоож, 6-18 сарын хугацаатайгаар БЭТ томилон ажиллуулав. Цаашид энэ томилгоо улам эрчимжиж, ийм албан тушаалд очигсдын тоо нэмэгдэж болзошгүй нь “Төрийн өмчит компаниудад реформ хийж, ашигт ажиллагаа, хариуцлагыг нь нэмэгдүүлнэ” гэх Засгийн газрын амбиц, үйлдвэр, станцад осол гарах төдийхөнд “элч” томилж сүр бадруулж байгаа одоогийн нөхцөл байдлаас харагдаж буй юм.
БЭТ-ийн томилгоог яагаад хууль зөрчсөн гэж үзэх болов. Үндэслэл нь юу вэ. Засгийн газар төрийн өмчит компаниудад онцгой дэглэм тогтоож, БЭТ томилохдоо 1991 оны нэгдүгээр сард баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримталж буй. Тодруулбал, БНМАУ-ын үед буюу өнөөгийн Монгол Улсын ардчилсан, эрх зүйт төрийн суурь зарчмуудыг баталгаажуулсан Үндсэн хуулиас ч өмнө баталсан хуулийг эш үндэс болгон ийм томилгоо хийсээр ирсэн. Өдгөө мөрдөж буй Компанийн, Иргэний, Төрийн болон орон нутгийн өмчийн, Засгийн газрын тухай зэрэг гол хууль тогтоомжид энэ томилгоотой холбоотой тодорхой заалт, зохицуулалт байхгүй. Гагцхүү Монголбанк л үйл ажиллагаа нь доголдсон арилжааны банкуудад Бүрэн эрхт төлөөлөгч томилох зохицуулалттай.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед яамдын харьяанд байсан улсын үйлдвэрийн газар буюу завод, фабрик, комбинат, нэгдэл, сангийн аж ахуйн үйл ажиллагаа доголдсон тохиолдолд норм, төлөвлөгөө биелүүлэх, сахилга бат, эмх цэгц тогтоох зорилгоор МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооноос онцгой дэглэм тогтоож, шилдэг боловсон хүчин бүхий төлөөлөгч томилдог байсан бол 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн хүрээнд томилгоо хийх үндэслэл нь эдийн засгийн тогтвортой байдал, хүн амын зайлшгүй хэрэгцээт бараа, үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангах байжээ. Харин орчин цагт санхүүгийн болон ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, үйл ажиллагааны доголдлыг арилгах, хяналт тогтоох зорилгоор, уг хуулийн 1 болон 2 дугаар зүйлд заасан үйлдвэрийн газар, байгууллага хэмээх нэр томьёог өргөжүүлэн тайлбарлах замаар томилгоо хийж байгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Г.Давааням, хуульч, судлаач Б.Тэлмэн нар хэлсэн юм. Нэг ёсондоо Монгол Улс улсын үйлдвэрийн газруудыг төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн компани хэмээх хуулийн этгээдийн бүтцээр өөрчлөн байгуулахаасаа ч өмнө баталсан “өвөг” хуулиар өнөө үед ийм томилгоо хийсээр байна. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлж, голдиролд нь оруулаад зогсохгүй төр хяналт, мэдэлдээ бүрэн авдаг болсон нь онцгой дэглэм гэдэг нь угтаа төрийн эрх мэдлийг зузаатгаж, далд ашиг сонирхлуудыг гүйцэлдүүлэх зорилготой үйл ажиллагаа, БЭТ нь сайд, дарга нарын “цүнхчид”-д тусгай эрх ямба эдлүүлэх шагналын албан тушаал гэх хардлага дагуулсаар өдий хүрсэн юм.
Энэ томилгоо Үндсэн хуульд харшилж, хийдэл үүсгэн, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалын хямралын нэг гол шалтгаан болж байгааг олон хуульч, эдийн засагч хэлдэг. Харин дээрх хоёр судлаач 2023 онд хийсэн “Онцгой дэглэм ба төрийн өмчийн хяналт” бодлогын шинжилгээндээ үүнийг ул суурьтай авч үзсэн. Нэгдүгээрт, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, онцгой дэглэм тогтоож, төр хяналтдаа авсан компаниудын дунд хувьцааны эзэмшлээр төртэй холбогдсон (“Эрдэнэс Тавантолгой” ХК гэхэд төрөөс гадна олон тооны хувьцаа эзэмшигчтэй)оос гадна хувьцаа эзэмшлийн огт хамааралгүй, орон нутгийн өмчит нээлттэй компани (51 хувийг нь орон нутаг эзэмшдэг “Тавантолгой” ХК) багтсан нь Үндсэн хууль дахь “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, ...хамгаална”, “Иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэсэн заалттай зөрчилдөөд зогсохгүй Иргэний болон Компанийн тухай хуультай үл нийцэж байгааг тэд хөндсөн юм. Дэлгэрүүлбэл, төр аливаа нэг компанийн хувьцааг эзэмшиж байгаа, эсэхээс үл хамааран бүх төрлийн ажахуйн нэгжийн харилцаанд Компанийн тухай хууль нийтлэг үйлчилнэ. Компани нь иргэний эрх зүйн чадвар бүхий, бие даасан хувийн эрх зүйн этгээд болохын хувьд өөрийн удирдлагын бүтэц буюу хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ), гүйцэтгэх удирдлагаар дамжуулан шийдвэр гаргах замаар эрх зүйн харилцаанд оролцох зохицуулалттай. Тов тодорхой ийм зохицуулалт байсаар атал Засгийн газар онцгой дэглэм тогтоох замаар удирдлагын бүх эрхийг гартаа авч байгаа нь хууль зүйн хэллэгээр бол нийцгүй шийдвэр, товчоор хэлбэл хууль бус үйл ажиллагаа юм.
Нэг баримт дурдахад, хуульч, судлаач Ж.Эрхэмбаатар төрийн өмчид онцгой дэглэм тогтоохтой холбоотой асуудлаар 2020 онд Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Харин цэц үүнийг хэлэлцээд 1992 оноос өмнө баталсан хууль тогтоомж, албан тушаалтны шийдвэр Үндсэн хуульд нийцэж буй, эсэх асуудлаарх гомдол, мэдээллийг хүлээн авч хэлэлцэх шийдвэрийг 2024 оны сүүлчээр гаргасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар БНМАУ-ын үеийн хуулийг баримтлан төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ хэмээх албан тушаалтан томилох эрхтэй юү гэдгийг хуулийн хүрээнд хэлэлцэх боломж нээгдээд жил гаруйн хугацаа л өнгөрч байна гэсэн үг. Гэтэл манай засаг энэ тодорхойгүй нөхцөл байдлыг үл харгалзан өнгөрсөн онд л гэхэд 1991 оны “Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилох” хуулийг хэрэглэж гурван хүнийг ийм албан тушаалд томилов.
Онцгой дэглэм тогтоож, БЭТ томилохгүйгээр төрийн өмчит компанийг ашигтай, хууль ёсны дагуу ажиллуулах боломжгүй гэж үү. Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор эдийн засгийн үр өгөөж, төсөв санхүүгийн нөхцөл нь эрс сайжирсан гэсэн пиарыг Засгийн газар хийдэг. Сайн үр дүн гарахгүй бол өөрсдийнх нь хийсэн томилгоо буруудах учраас ингэж ярихаас, харагдуулахаас ч аргагүй биз. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-д анх онцгой дэглэм тогтоож, төлөөлөгч томилсноор төсвийн орлого нь хагас жилийн дотор 1.8 их наяд төгрөгөөр давж биелсэн гэдэг. Мөн компанийн ил тод байдал сайжирсан, биржийн арилжаа зэрэг гацаанд ороод байсан зарим асуудлыг ч хугацаа алдалгүй шийдэх нөхцөл бүрдсэнийг олон нийтэд мэдээлсэн. Үүнээс үүдэн БЭТ ажиллуулах хугацааг хэдэнтээ сунгаж, мөн өөр хүнийг ч сэлгэж томилсон. 2025 оны эхний хагас жилд тус компани сар тутамд дунджаар 1.7 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоож, дахин БЭТ томилсноос хойших хоёр сарын хугацааанд энэ үзүүлэлт 2.7 сая тонн болж өссөн статистик бий. Эдийн засаг нь уул уурхайгаас үлэмж хамааралтай улсын хувьд нүүрсний борлуулалт нэмэгдэх нь олон салбарт өгөөжтэй. Гэхдээ энэ нь томилгооноос буюу хэн нэгнээс хамааралтайгаар өсөж, буурдаг зүй тогтолтой байна гэдэг нь асуудал юм. Онцгой дэглэм тогтоож байж орлого нь сайжирдаг, төр шууд удирдлагыг гартаа авч байж л ажил нь урагшилдаг, ил тод байдал хангагддаг байна гэдэг нь энэ тогтолцоо хэчнээн гажууд байгаагийн илрэл билээ.
Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд компаниуд гойд үүрэгтэй. Энэ үүднээсээ компанийн засаглалыг сайжруулах, ашиг орлого, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд төр бодлогын түвшинд анхаарч, дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг. Төсөвт орлого төвлөрүүлэх үүргээ биелүүлж хүчирдэггүй төрийн өмчит компани олон бий. 2024 оны байдлаар гэхэд төрийн өмчит 122 компани, үйлдвэрийн ердөө тав нь л цэвэр ашигтай ажилласныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас танилцуулсан. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг томоохон компаниудыг эс тооцвол нийт төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж хувийн хэвшлийнхээс эрс бага гардаг. Энэ хэдхэн үзүүлэлт л манай төр хэр муу менежер вэ гэдгийг, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагын тогтолцоог өөрчилж шинэчлэх цаг болсныг гэрчилнэ. Үүний тулд нэн тэргүүнд хийх ажил нь хууль, эрх зүйн орчныг сайжруулах, тэр дундаа, төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны үеийн хуучин удирдлага, зохицуулалтыг халах юм.
УИХ-ын дарга Н.Учрал “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцэж батлах нь энэ парламентын хамгийн том чөлөөлөлтийн нэг байх болно” хэмээн хэлсэн. Тэгвэл бодит байдалд төр хууль зөрчсөн томилгоо хийж, компанийн шууд удирдлагыг гартаа авахгүй байх нь л яг одоогийн нөхцөлд хамгийн эхний бөгөөд томоохон чөлөөлөлт болохоор байна.
Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр “1992 оноос мөрдөж эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Өнгөрсөн 33 жилд үүний дагуу Монгол Улсын олон хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулж, баталсан. Түүнчлэн Үндсэн хуулийн 70.1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан байдаг. Иймд Үндсэн хуульд харшилсан заалт бүхий, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг нэн даруй хүчингүй болгох шаардлагатай. Хууль зүйн талаасаа үүнийг цаашид мөрдөх боломжгүй. Үйл ажиллагаа нь доголдсон төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагыг хэрхэн өөрчлөх, томилох тухай асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах шаардлагатай” гэсэн юм. Харин судлаач Г.Давааням, Б.Тэлмэн нар “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын хүрээнд компанийн засаглалын зарчимд суурилсан тогтолцоонд шилжих шаардлагатай. Энэ хүрээнд төрийн өмчит компанид эзэн-төлөөллийн асуудал бий болж, өмчлөгчийн хяналт алдагдаж болзошгүй нөхцөл үүссэн үед Засгийн газар онцгой дэглэм тогтоох бус, Компанийн тухай хуульд заасанчлан хувьцаа эзэмшигчийн хувиар хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцож, ТУЗ (байхгүй бол гүйцэтгэх удирдлагыг)-ийг томилж, чөлөөлөх замаар өмчлөгчийн хяналтаа бэхжүүлэх боломжтой. Мөн хувьцаа эзэмшигчийн хурал дахь олонхын саналд тулгуурлах, эсвэл ТУЗ-д даалгавар өгөх замаар ТУЗ-ийн хараат бус гишүүний тогтолцоог бэхжүүлэх, дотоод хяналт, аудитын органыг бэхжүүлэх боломжтой” хэмээн үзэж буй. Төр онцгой дэглэм тогтоохыг урьтал болголгүй, өмчлөгчийн хяналтаа бэхжүүлж, удирдлагын тогтолцоог сайжруулах боломжтойг судлаач, эдийн засагчид ийн хэлж байна.
Гал унтраах төдий арга хэмжээ авсаар байвал юу болох вэ. Төрийн данхар бүтэц, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар байр сууриа сүүлийн үед идэвхтэй илэрхийлж буй эдийн засагч Р.Шинэгэрэл төрийн өмчит хуулийн этгээдэд онцгой дэглэм тогтоохыг гал унтраах төдий, үр дүнгүй шийдэл гэв. Тэрбээр “Төрийн өмчит компаниудад БЭТ томилох хэмжээний онцгой нөхцөл байдал үүссэн, эсэх нь тодорхойгүй үед энэ аргыг хэрэглэж байгаа нь анхаарууштай. Энэ бол гал унтраах төдий түр зуурын арга хэмжээ болохоос сайн шийдэл биш. Үүнийг улс төрийн томилгоог шагнал болгож хувиргасан, ТУЗ-ийн засаглалын зарчмыг алдагдуулсан, зах зээлийн хуулийг зөрчсөн, авлига, хулгайн дараагийн нүх сувгийг бий болгосон үйл явдал гэж харж байна. Хамгийн зөв шийдэл бол төрийн өмчит хуулийн этгээдийг нээлттэй хувьцаат компани болгож хөгжүүлэх замаар улс төрөөс бүрэн холдуулах, төрийн оролцоог хумих, хувийн хэвшлийн ажиллаж байгаа салбарт төр бизнес хийж өрсөлддөг явдлыг халах юм. Үүний хүрээнд олон шинэчлэл зоригтойгоор эхлүүлэх хэрэгтэй” хэмээв.
Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас түр удирдлага томилох нь гал унтраах арга хэмжээ гэдэг нь яалт ч үгүй үнэн. Тэгвэл ийм арга хэмжээгээр аргацаасаар байвал юу болох вэ. Ирээдүйд илүү хор хохиролтой, томоохон “түймэр” дэгдэх эрсдэлтэй. Нэгдүгээрт, энэ системийн өвчин болсон асуудлууд далд хэлбэрт шилжинэ. Гал унтраах зорилготой арга хэмжээ нь өвчлөлийн жинхэнэ шалтгааныг олох бус, шинж тэмдгийг дарах төдий нөлөө үзүүлдэг урхагтай. Хоёрдугаарт, дээр дурдсанчлан компанийн үйл ажиллагаа доголдох бүрд БЭТ томилсоор байвал тухайн аж ахуйн нэгж өөрөө асуудлаа шийдэх чадамжгүй, “сульдаа” бүтэц болж хувирна. ТУЗ, гүйцэтгэх удирдлага хариуцлагаас зайлсхийх боломж бүрдэнэ. “Алдаа гаргавал төр засчихна, ашиггүй ажиллавал төр дэмжлэг үзүүлчихнэ” гэх халамжийн сэтгэлгээ тогтоно. Мөн тухайн байгууллагын дотоод хяналт тэр хэрээр сулрах эрсдэлтэй. Гуравдугаарт, эрх мэдэл, ашиг сонирхлын төвлөрөл бий болно. БЭТ томилсноор компанийн санхүү, хүний нөөц, хөрөнгийн удирдлага гээд бүх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрдөг. Энэ тохиолдолд эрх мэдэл хитийж хэлбийх нь элбэг. Дөрөвдүгээрт, төр хариуцлагаас мултарна. Бодлогын алдаагаа онцгой нөхцөлөөр халхлах таатай хөрс бүрдэнэ гэсэн үг. Тогтолцоогоо засахын оронд БЭТ-ийг хариуцлагын бамбай болгож ашиглана. Магадгүй өнөөдөр аль нэг төрийн өмчит компанид үүссэн хямралыг төлөөлөгч томилж шийдэх нь амар хялбар хувилбар байж болох ч алсдаа ийм олон сөрөг нөлөө авчрах эрсдэлтэй.
Сайд, дарга нар, эрх мэдэлтнүүд төрийн өмчийн гэх томоохон үйлдвэр, компаниудад “өөрийн хүн”-ээ томилох гэж хөшигний цаана ана мана “үзэлцдэг”, Засгийн газраас томилогдсон төлөөлөгчид ч мөн очсон газартаа танил тал, хамаарал бүхий хүмүүсээ “шургуулах” гэж бужигнуулдаг тухай элдэв яриа улс төрийн хүрээнд бий. Гэхдээ үүнийг барим тавим нотлох баримт үгүй. Харин нэг л зүйл баттай нь төрийн өмчит компанид Засгийн газрын “илгээлт”-ээр очсон төлөөлөгч нар хэмжээлшгүй их эрх ямба эдэлдэг явдал юм. Дээр дурдсанчлан БЭТ-ийн томилгоо эрх мэдлийн хэт төвлөрөл бий болгодог гэдэг нь энэ. Авлига, ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлаж, шударга ёс тогтоох чиг үүрэгтэй томилогдсон албан тушаалтнууд өөрсдөө авлига, хулгайд холбогдох эрсдэлтэй. Ийм тохиолдол ч эхнээсээ гарсан. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ-өөр 18 сарын хугацаанд ажилласан Ж.Ганбат гэхэд энэ албан тушаалд томилогдсоныхоо дараа олон хүнийг нэгэн зэрэг халж, нийт 1.2 тэрбум төгрөгийн цалин урамшууллыг өөртөө олгосон хэмээн Д.Тэгшбаяр гэх шинжээч судлаач эмэгтэй мэдээлсэн. Хамгийн сүүлд “Дулааны цахилгаан станц-3”-т Засгийн газрын БЭТ-өөр томилогдон хагас жил ажилласан Н.Тавинбэх гэхэд авлига, албан тушаалын хэрэгт холбогдон саатуулагдсан. Энэ бүхэн нэг албан тушаалтны ёс зүйн асуудал гэхээсээ илүү БЭТ хэмээх албан тушаал хяналтгүй эрх мэдэл болж хувирсны дохио гэлтэй. Мөн энэ суудалд ямар хүмүүс очдог вэ гэдгийг ч харууллаа.
Аль замыг сонгох вэ. Үе үеийн парламент, Засгийн газар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд реформ хийнэ, төрийн оролцоог хумина, компанийн засаглалыг сайжруулж, ашгаасаа давсан алдагдалтай, татаасаар гол зогоодог аж ахуйн нэгжүүдийг цэгцэлнэ хэмээн ёс юм шиг лоозогносоор өнөөдрийг хүргэсэн. Наанаа ийн сайн сайхныг амлаж, яривч цаанаа дандаа бизнесийн бүлэглэлүүдэд үйлчилсэн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Өнгөн дээрээ эрх мэдлээс татгалзаж буй мэт дүр эсгэвч үнэн хэрэгтээ эрх мэдлээ зузаатгах арга замыг сүвэгчилж байдаг. Одоогийн Засгийн газар ч ийм хоёр нүүртэй ажлууд хийсээр байна. Иймд аврагч, сүйтгэгчийн дохиур зэрэг атгасан мэтээр зүйрлэсэн хэрэг.
“Шинэ сэргэлтийн бодлого” дахь “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулна” гэх зорилтын хүрээнд Засгийн газар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлээд буй. Парламент үүнийг батлах уу, Засгийн газар батлуулж чадах уу гэдэг нь хамгийн их анхаарал татаж байна. Өргөн агуулгаар нь харвал Г.Занданшатарын Засгийн газар хийгээд 126 гишүүнтэй анхны парламент хоёр сонголтын өмнө ирээд буй юм. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдох тоолонд БЭТ томилж, хариуцлагыг нэг хүнд төвлөрүүлсээр байх уу, эсвэл хуульд нийцсэн засаглалыг бэхжүүлэх замаар ТУЗ-ийн хариуцлага, ил тод байдлыг бодитоор сайжруулах уу. Эхнийхийг нь хэрэгжүүлэх зам бартаа саад багатай ч урт хугацаанд үр дүн муутай. Харин хоёр дахь нь саад тотгор ихтэй, удаан боловч тогтвортой засаглалыг авчрахад дэмтэй. Бид аль замыг сонгох вэ. Компанийн засаглал судлаач Н.Баттогтох “Хэрэв бид онцгой дэглэмийг хэвийн болгож, БЭТ байнга томилбол хуульд суурилсан засаглалаа алдах эрсдэлтэй” хэмээн анхааруулсныг энд зориуд дурдъя.