“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Үүний хүрээнд Уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, эм, бүтээгдэхүүнийг гадаад улсад экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэх зэрэг зорилго тавьжээ.
Манай улсад уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажлыг 1959 оноос эхлүүлж, улмаар 1980 онд Ардын эмнэлгийн хүрээлэнг байгуулснаар энэ төрлийн тусламж, үйлчилгээ албан ёсоор хөгжих суурь болжээ. Одоогоор уламжлалт анагаах ухааны салбарт 1100 гаруй эмч ажиллаж байна. Мөн эмийн долоон үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1000 гаруй нэр, төрлийн эм бий. Энэ жил Ерөнхийлөгч Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан нь уламжлалт эмийн түүхий эдийг хамгаалах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанарын баталгааг сайжруулах, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд бодлогоор анхаарах болсныг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.
Ч.Туяа