1950 онд Хэнтийн Дархан сумын бага сургуулийг онц дүнтэй төгссөн ч зургаадугаар ангидаа хүнд өвдсөний улмаас сургуулиасаа гарсан Р.Чойном хүү өөрийн хичээл зүтгэл, төрмөл авьяас билгийнхээ хүчээр бие даан суралцсаар орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншин судалж, тэдгээр хэлээр шүлэг туурвилаа зохиодог болов. Тэрбээр зураг зурж, баримал, сийлбэр хийж, ноотыг нь хараад аялгуу тоглочихдог, хөгжим хэрхэн сурах тухай зөвлөмж хүртэл бичиж, зарим шүлэг зохиолд ая дан зохиож явсан “элдэвтэй” нэгэн байв. 43-хан наслахдаа Р.Чойном хэлмэгдэж, хоригдож, нутаг заагдан цөлөгдөж, хүндээр өвдөж ч явсан ахархан хугацаандаа “Гал морин цаг”, “Залуу нас”, “Сүмтэй бударын чулуу”, “Тал”, “Улаан дэвтэр”, “Хүн”, “Эрх чөлөө” зэрэг яруу найргийн шилдэг бүтээл туурвисан нь ард түмний оюун санаанд өнөө хэр хадаастай хэвээр буй. Тэнгэрт хальснаас нь хойш 11 жилийн дараа буюу 1990 онд Төрийн шагналыг түүнд нэхэн олгосон билээ
Танай Монгол жижигхэн үү?
Таван тивийн хаана ч нь очсон
Танай Монгол жижигхэн үү? гэж
Тавтиргүй нэг нь асуувал
Та ингэж хариулаарай.
Жижигхээн, миний эх орон жижигхэн
Жил сарын улирал дөрөв өртөөлдөг жижигхэн
Жалгын жаахан горхи нь далайд цутгадаг жижигхэн
Жаахан шаавай охидоос нь
Мандухай төрдөг жижигхэн Жангар,
Гэсэр хөвгүүдээс нь
Чингис тодордог жижигхэн
Дэлтэй жаалхан морьд нь дэлхийг тойрдог жижигхэн
Дээлтэй намхан өвгөд нь цээжний номтой жижигхэн
Дэвтэрлэж бичсэн судар нь тэмээнд ачихаар жижигхэн
Дээдэлж татдаг хуур нь дэлхийг уяраасан жижигхээн.
Жижиг гээд жийх юм бол
Томорч мэдэхээр жижигхэн
Жинтэй томоос ч хулчийхгүй
Толгойн мэдэлтэй жижигхэн
Живүүлж далайд хаясан ч
Монголоороо сэлүүрдэх жижигхэн
Жигүүр ургаад хөөрвөл
Морьтойгоо нисэхээр жижигхэн
Жижигхэндээ, миний эх орон жижигхэн.
Цэнхэр тэнгэрээ дээдэлдэг
Цэцэн билэг нь хэвээрээ
Чингис богдоос өвлөсөн цээжний омог нь янзаараа
Жижиг жижиг гэж орчлонг нэгээр үзэвч
Чингист чичирч сөгдсөн
Орчлон өөрөө жижигхээн.
Аав
Нэрийг минь хайрласан хүн аав
Нэгэн биеийг минь заяасан хүн аав
Нээгдэж амжаагүй өргөсөн цэцгийг орхиод
Нэн эрт явчихсан хүн миний аав
Цанид номын тарийн үсгээр
Цаст Гималайг давуулан авчирсан
Хэн бүхэнд байдаггүй нэрийг баруун чихэнд минь
Хэ.Цэрэнсодном багш Гэлэгрэнцэн аав
Хэлж өгсөн юм, “Чойном” гэж. (Санавал аав минь тэр зүгийн номонд Саяхны оюутнаас арай дээр байсан байлгүй)
Сар жилүүд тэр үеэс хойш улирсаар
Сахал ургаж би гучин намрыг үджээ
Эргэж бодоход миний бага нас
Эрээн бараан болоод уйтгар гуниг ихтэй
Эрчилгүй нүүдлийн зэрэглээт зам дээр
Эрт өнчирч, орой бойжсон байна
Аав минь, хөөрхий аав минь
Амьдрал хэмээх сархдын
Алтанхан аягыг та
Арай эрт хөмөрч дээ
Эрт намайг орхиж
Ээжийг, дүү нарыг орхиж
Эдүгээ би орхисон настай чинь чацуу болоод
Энэ заримдаг шүлгийг хэлж сууна.
Алаг үрийн сэтгэл өвөрлөсөн болохоор
Аавдаа би эгэлгүй хайртай билээ
Анх үзсэн ертөнц минь гучин хэдэн он болохоор
Аав бидэн хоёр нэгэн гэрт багтсан үгүй
Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс минь
Эцэг бид хоёр хоёр тийшээ явсан юм
Эргэж тэр хүн харсангүй, би ч харсангүй
Эргэж сүүлд нь харахад тэр хүн алга байлаа
Өмнөх үедээ би Өртэй ч төрсөн юм уу
Сэлгэж үлдэх үеийнхэндээ аав минь
Сэтгэл дундуур байсан ч юм уу
Нарийн ширийн юмыг нь би ч залхуугүй сүйтгэж
Намайг эцэг минь ч ялгахгүй шийтгэж
Эцсийн эцэст цэрэг суран бүсний
Эр цунгийн зузаан хавдрууд үлдээгээд
Энэ биеийн минь долоохон насан дунд
Ээж, дүү нарыг минь улаахан гачаал дунд
Эх орны дэлхийн дайны сүүдэр дунд
Гучин долоохон насандаа орхисон!
Тэр хүнийг байхад ач гавьяаг нь мэдсэнгүй
Тээршааж бараг ад үзэхэд бэлэн байсан
Тэнэг дуулгаваргүй балчир нас минь
Аавыг амьсгаа хураасан 1943 оны гантай намар
Алс өрнө зүгт Курскийн их тулалдаанд
Ажилчин тариачны хүүхэд
Аричуудын ган болд хоёрт хутгалдаж
Азай буурал Европ нойр хоолгүй чичирч байхад
Арай эртдэж хугацаа дууссан юм,
Адайр тэнэгхэн балчир нас минь.
Тэр хүнийг явчихаар ач гавьяаг нь
Би ч ойлгосон юм, Бишид нь ч ойлгосон юм.
“Тэнэгүүд амьд үлдэж Цэцнүүд нь явчихаж дээ” гэж
Амьдад нь оролдож муулж явсан хүн
Алгаараа нүдээ арчсан гэдэг
Алган дээр нь
Арвайн үрэл чинээ доголон нулимс
Байсан ч юм уу
Байгаагүй ч юм уу, бүү мэд
Байсан л байх болтугай!
Харин тэр хүнийг явчихаар
Ханат гэрийн минь хоймор
Харлан хонхойх шиг болсон юм
Айл хот даяар тэр хүний
Аргилдуухан дуу нь үгүйлэгдэж
Айл хотлоороо өнчрөх шиг болсон юм.
Хээрийн бэлчээр сумын нутаг
Хээр морин дээр
Хэлтгийдүүхэн суусан тэр хүнээр дутаж
Хэсэгтээ өвөл болж өгөхгүй удаж
Мэгдрэхдээ Мэнэрсэн тэнгэр
Манарсан газар хоёр
Мэгшин мэгшин уйлах шиг
Мичин жилийн их зуд болсон юм.
Байгаль хэмээх догшин эцэг
Баллуураараа Балрын зуршил
Баячуудын омог, дээрэнгүй зан
Хоттой малыг нь
Хоёр зуун саяд хүргэ! гэсэн
Оросын тушаалтай хамт
Арчаад өнгөрсөн юм.
Адилхан дааруулж
Адилхан өлсүүлж
Одооны энэ нийгэмд
Овоо дөхүүлж өгсөн юм
Олоохон хүний
Омгийг дарж өгсөн юм.
Хүнийг муу хэлэх нь биш би ч гэсэн
Хүүхэд байхдаа
Олон удаа аавыгаа уурлуулсан
Одоо гучин жилийн хойно магтаж сууна.
Хаана ч гэсэн, хэзээ ч гэсэн, хэн ч гэсэн амьдад нь
Харааж хавчиж хардаж хазайлгаж хажуу бөөрнөөс нь
Ар хонгоноос нь улнаас нь ухаж ухчихаад
Үхэхлээр нь
Үүрд садаа болохооргүй болохоор нь
Өөрөөс нь
Талхыг нь идэж
Чадахааргүй болохоор нь
Өргөн олонд
Арай дөнгүүр
Харагдахааргүй болохоор нь
Ганц үгээр хэлбэл:
Магтаал
Газар авахгүй болохоор нь
Гай ч болохгүй
Нэмэр ч болохгүй болохоор нь
Гашуудаж
Газар хотойтол магтдаг юм байна Үгүй!
Үхсэн хүнд нэхэж олгох
Үнэгүй алдар, үнэгүй магтаал хэрэггүй
Үнэн л хэрэгтэй
Хүнийг, хэнийг ч гэсэн үхэхээр нь
Хрущев шиг авсыг нь ухахгүй л байвал боллоо!
(Чадалтай бол амьдад нь довтолно биз Чадахгүй бол хохь нь)
Авсаа тонуулсан тэр сахалт хүн шиг
Аав минь тийм том гавьяатай ч биш
Нүгэлтэй ч биш
Амьтанд хал балгүй
Ард хүн байсан юм.
Хооронд маань яс хаясан тэр цаг үеийн
Хол явахгүй мунхруулал арилж
Хожуу би аавыгаа ойлгож
Хосгүй өрөвдсөн юм.
Аав минь эгэл нэгэн боловч
Ааваас цааших бүх үеийг харах
Аргагүй миний цонх
Тэр хүн байлаа
Тэр хүнээр би
Хорьдугаар зууны эхэн үеийг харж
Тэр хүнээр бас
Арван есдүгээр зууныг харж
Тэмцэл цөхрөл Амарсанаа, Чингүнжавыг харж
Тэнүүн говийн ухаантан Равжаа хутагтыг харж Тэмүүжин, Аттила эртний дорно дахиныг харж
Тив, дэлхийнхээ үсэн буурал эринийг
Хүн төрөлхтөнийг
Хүүхэд үетэй нь ойлгоном!
Намтар
Алд биеийн минь намтар гэвэл
Амьдралын хатуу бүхэнтэй
Аймшиггүй тулалдаж ирсэн
Ард Чойномын түүх юм.
Энэ биеийн минь намтар гэвэл
Эртдэж төрүүлсэн хорвоотой
Эрэгчин эмэгчнээ үзэлцсэн
Ринчиний Чойномын түүх юм.
Хонгор багын диваажинд Хотлын хүүхэд шиг байснаа
Хорвоогийн “үнэн” хэмээх
Хориотой модны жимсийг
Арванхан хэдтэйгээ тасалж
Амт, үнэрийг нь таньснаас
Амьдралын бараан ёроол уруу
Ад болж хөөгдсөн түүх!
Гарын бэлгүй тэнэж
Гашуун үнэнээр хооллож
Өнтэй жилийн чоно шиг
Өлсөж өссөний минь түүх!
Монгол шүлгийн атарт
Модон анжис үзгээр
Мохошгүй шан татаж
Морь мал шиг зүтгэж
Сургууль үзээгүй биеийнхээ
Жаргал үзээгүй хөлсийг
Нарнаар сарнаар асгаруулж
Найрагч болсны минь түүх!
Хорвоогийн цуут мэргэдийн
Үхэж явсан замаар
Хорьдугаар зуунд би
Үрэгдсэн ч яахав, гэхдээ
Шүлэг мэддэгүйчүүлийн ширээг
Шүдээ элэгдтэл мэрж
Нойтон хүйтэн шорон руу
Нохой шиг хөөгдсөн түүх!
Тэгэвч, сэтгэлээр унаагүй
Тэмцэж явсны минь түүх!
Яруу шүлгийнхээ мөрүүдээр
Ялж явсны минь түүх!
Утас шиг энэхэн биедээ
Уул шиг зовлон чирэвч
Харцын хүүхдийн гэрт
Хаан шиг жаргаж явлаа.
Сүүлчийн шүлэг
Ахар богино насалсан их яруу найрагчийн
Ашид мөнхийн дурсгалыг босголцлоо би.
Аль ч газрын урчуулын бүтээгээ нь үгүй хөшөөг
Ард түмний зүрхэн тольтноо цогцлууллаа.
Хүний ертөнцөөс, хүн нэг дутаж
Хүндэтгэлийн өргөөнд хөшөө нэг нэмж
Эрин үеийнхээ их тэнэгүүдтэй хийсэн
Ринчиний Чойномын цусгүй дайн ийнхүү дууслаа.
Хэнтий их уулын цэнгэлд шартам хормойд
Хэрлэн их мөрний цэцгийн гурван сард
Эхний шүлэг бичсэн алтан өдрөөс хойш
Эгэл миний биед хоёр хүн багтсан юм.
Жир амьдралаар амьдрах нүгэлт нэгэн иргэн
Жинхэнэ шүлэгчийн туулах хүнд замыг дагаж
Ядуу шүлэгчийн бууринаас яруу найрагч болтол нь
Ядрал, ялалт хоёрыг нь мөрөндөө үүрч явлаа.
Энхрийхэн гоо минь ээ, Ээмэг, бөгж, бугуйвч,
Эрдэнийн чулуун зүүлт
Энэ бүхэн чинь юу юм бэ?
Хүн алттай ханилдаггүй,
Хүйтэн чулуу тэвэрдэггүй,
Халуун цогцсыг тэвэрч,
Хайрын үгэнд уярдаг юм!
Алт үг хэлдэггүй
Алаг чулуу дуу дуулдаггүй.
Яруу найрагчийг мөрөн дээрээ үүрч
Ядрал, цэнгэлийг нь амсалцсан биеэрээ
Ялалтынх нь алтан хөшөөг бүтээлцлээ.
Үүрийн гэгээ шиг залуу зандан насаараа
Үнэ харгүй олсон энэ ялалтынхаа
Үр шимийг хүмүүс танаа барья.