Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийн жил учраас эдүгээ намуудад сунгаа ид өрнөж байна. Сайн дураар өөрийгөө сойгчид, эсвэл олон нийтийн зүгээс “түлхэж” буй нь ч цөөнгүй. Гэвч горилогчдын дунд эмэгтэй хүн өдрийн од мэт байгаа нь нэгийг хэлнэ. Нэр нь дурдагдсан улс төрч бүсгүйчүүд түрүүчээсээ энэ мэдээллийг үгүйсгэж, өрсөлдөөнөөс татгалзаж байх юм.
Манай улс ардчилсан тогтолцоонд шилжээд 36 жил болж буй. Ирэх онд бид ес дэх удаагийн сонгуулиар долоо дахь Төрийн тэргүүнээ тодруулна. Гэвч энэ хугацаанд түүхэндээ ганц л удаа уг сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшсэн байдаг. 2013 оны сонгуулиар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Н.Удвал хэмээх эмэгтэй өрсөлдөж, шан татаж байв. Гэвч түүний хойноос алхах эмэгтэй өнөөдрийг хүртэл гарсангүй. Ер нь бол гаргасангүй. Ардчилсан улс атлаа Монголд Төрийн тэргүүний сонгууль яагаад бүсгүйчүүдийн хувьд хаалттай хэвээр байна вэ.
МАН-Д МАНЛАЙЛАЛ, АН-Д АРДЧИЛАЛ АЛГА
Үндсэн хуулийн 31.2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй. Энэ удаагийн парламентад дөрвөн нам, нэг эвсэл төлөөлөлтэй болсон учраас тэд бүгд тус тусдаа өрсөлдвөл хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль байх нь. Эдгээрээс 50 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгоно. Үндсэн хуульд ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ч хүйсээр дэмжсэн, эсвэл ялгасан заалт үгүй. Гэхдээ л өнгөрсөн найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн эрчүүдийн дунд л өрнөж иржээ. Тэд яагаад үүнийг “өмчилчхөв”.
Гол өрсөлдөөн өрнөдөг МАН, АН-аас нэр дэвшихээр горилогчдын жагсаалт үүсээд байна. МАН-аас Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр, Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт гэсэн улигт нэр дуулдаж буй. Ж.Энхбаяр, С.Бямбацогт хоёр гэж байж болох бүх л албан тушаалд нэрээ сойдог “бөөн дурынхан” байх. 100 гаруй жилийн түүхтэй, ардчилсан тогтолцооны 90 хувьд нь төрийн эрхийг барьж ирсэн энэ намд үнэндээ хүйсийн тэгш эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх тухайд бодит манлайлал огт байдаггүй. Тиймээс уг сонгуульд хэзээ ч эмэгтэй хүн нэр дэвшүүлж байсангүй. Өнөөдрийн горилогчдын дунд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр зурвас дуулдаад өнгөрсөн. Учир нь сайд бүсгүй “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодол байхгүй. Урдах ажлаа л сайн хийгээд явъя. УИХ-ын болон Засгийн газрын гишүүний ажлаа л чадан ядан хийж, хичээж ажиллаж байна” гэжээ. Гэтэл тэр Гадаад харилцааны сайдаар гурав дахь Засгийн газартаа ажиллаж буй, чадварлаг, туршлагатай улс төрч. Ийм хэмжээнд бэлтгэгдсэн улс төрч эмэгтэй нь хүртэл өөрийгөө “Сайдын албан тушаалаас хэтрэхгүй” хэмээн “голж” байгаа нь гунигтай. Эмэгтэй улс төрчид үргэлж өөрийгөө чамладаг, итгэл муутай байдаг бол эрчүүд эсрэгээрээ өөртөө маш итгэлтэй гэдэг дүгнэлт зүгээр ч нэг гараагүй биз. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд бүсгүйчүүд өрсөлддөггүйн нэг шалтгаан. Нөгөө талаас Б.Батцэцэг сайдын тайлбараас нам нь түүнийг ийм болтол “жижгэрүүлсэн” гэдгийг харж болно. 100 гаруй жилийн түүхэнд МАН-ын удирдлагыг эрчүүд атгаж ирсэн. Энэ намын даргад хэзээ ч эмэгтэй хүн нэрээ дэвшүүлдэггүй, төрийн эрх барихдаа өндөр албан тушаалуудад ч бүсгүйчүүдийг томилдоггүй. МАН-ын Засгийн газрын 19 гишүүний хоёр нь л эмэгтэй. Улс төрийн намын тухай хуулийн 17.7-д “Намын төлөөллийн болон гүйцэтгэх төв байгууллага, хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна” хэмээн заасны дагуу эмэгтэйчүүдийг томилох үүрэг хүлээсэн. Мөн хуулийн 8.1-д “Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно” гэсэн юм. Гэвч хуулийн эдгээр заалтыг биелүүлдэг, эсэх нь ч эргэлзээтэй. Нэр дэвшүүлэх эрхийг гартаа атгадаг намын удирдлага нь эрчүүд учраас эмэгтэйчүүдэд боломжоо алдахыг хүсэхгүй. Тэд эгогоо дийлдэггүй байх нь. Үүнээс гадна Ерөнхийлөгчийг үндэсний аюулгүй байдлыг хангагч хүчтэй лидер байх ёстой гэсэн хийсвэр дүр нийгэмд бий болгочихсон. Энэ төсөөллийнхөө дагуу тэд эрэгтэй хүн л Ерөнхийлөгч байх ёстой хэмээн итгэчихжээ. Бодлого батлахад оюуны хүч хэрэгтэйгээс биеийнх биш байлтай. Х.Баттулга, У.Хүрэлсүх тэргүүтэн фитнесээр хичээллэж, булчин шөрмөсөөрөө пиар хийгээд байдаг нь нийгэмд ийм буруу ойлголт өгчихсөн юм биш үү. Нийгмийн хийсвэр дүр, нам доторх эрчүүдийн эгог давж, сөрж гарч ирэх зоригтой эмэгтэй МАН-д олдохгүй нь.
Тэгвэл хүний эрх, эрх чөлөөг дээдлэн эрхэмлэдэг үзэл баримтлалтай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй, шилдэг улс төрчөө нэр дэвшүүлэх хэмжээний ардчилал, манлайлал гарах уу. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар мэдэгдсэн. Тэдний араас Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, С.Баярцогт нар жагсаж байна. Бас л эмэгтэй горилогч алга. Гэхдээ өнгөрсөн 30 гаруй жилд энэ намаас нэг л эмэгтэй нэр дэвших оролдлого хийж байсан юм. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 2021 онд Төрийн тэргүүний төлөөх сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдэж байв. Тэрбээр бодлогын шийдэлд гар бие оролцохын тулд ийм шийдвэр гаргаж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хангахыг уриалсан. Гэвч намынхаа “хандивын босго”- ыг давж чадаагүй. ХҮН намаас нэр дэвших хүсэлтээ ч бас өгсөн боловч өнөөх л санхүүгийн бэрхшээлтэй тулсан гэдэг. Ингээд тэрбээр АНаас өрх тусгаарлаж, өөрөө шинэ нам байгуулсан билээ. Энэ намд ёс зүйтэй, чадварлаг улс төрч эмэгтэйчүүд бий. Гэвч АН-д өөрт нь гишүүдээ хүйсээр нь ялгаварлахгүй байх ардчилал алга, энэ намыг ч бас эрчүүд удирддаг учраас бүсгүйчүүдэд боломж олгохыг хүссэнгүй. Мөнгөөр хана босгодог нь ч “өрөвдмөөр” аж.
ГУРАВДАГЧ ХҮЧИНД НАЙДАХ УУ
ИЗНН, ХҮН, Үндэсний эвслийнхэн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц, хүчтэй, үндэсний эв нэгдлийг тодорхойлогч байж чадах хүний эрэлд гараад байна. Тийм хүнийг олж нэр дэвшүүлж байж тэд олдсон боломжоо ашиглах учиртай. Тэр нь чадварлаг, мэдлэг, туршлагатай эмэгтэй улс төрч байвал бусдаасаа ялгарах, олон нийтийн дэмжлэгийг авах магадлал нэмэгдэнэ. Манай улсын түүхэнд нэг л удаа эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн жишээ бий. “Шударга ёс” эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ С.Удвал нийт сонгогчийн 6.5 хувийн саналыг авсан нь чамлахааргүй үзүүлэлт юм. Тэгэхээр энэ сайн жишгийг эдүгээ парламентад гуравдагч хүчнийг төлөөлж буй хоёр нам, нэг эвслийнхэн давтаж чадах уу. ХҮН намаас 2021 оны сонгуульд УИХ-ын гишүүн асан Д.Энхбатыг сойж, нийт сонгогчийн 21.6 хувийн санал авч байв. Залуус ч тус намыг улс төрд шинэ салхи үлээлгэх хүчин хэмээн итгэж байсан юм. Тухайн үед Т.Доржханд өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгонд хүрээгүй байлаа. Харин одоо тэр 50 нас хүрч, болзол хангасан тул өөр хүнд “хүрд”-ээ өгөхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, энэ намаас эмэгтэй хүн нэр дэвшүүлэх боломж бараг үгүй. Уг нь боловсролтой, улс төрөөс ангид гэдэг хуучны дүр төрхөө сэргээж, эмэгтэй хүн нэр дэвшүүлбэл эрх мэдлийн хойноос шунасаар алдаж хоцорсон нэр хүндээ сэргээхэд нь дэм болж мэднэ.
ИЗНН-д С.Оюунаас өөр хүлээн зөвшөөрөгдсөн лидер өнөөдрийг хүртэл гарч ирсэнгүй. Тиймээс тус намын дарга Б.Батбаатар үүсгэн байгуулагчдаа Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аасаа нэр дэвшээч гэсэн хүсэлт тавьжээ. Харин С.Оюун уг саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр эдүгээ UNEP буюу НҮБ-ын Байгаль орчны технологийн төвд зөвлөх хийж, мөн ТУЗ-д нь ажиллаж буй гэнэ. Улс төрөөс “зодог тайлсан” тэрбээр сүүлийн хэдэн жилийн турш гадаадад олон улсын байгууллагад ажиллаж байгаа. Тэгэхээр өөрөө хүссэн ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тавьдаг “Сүүлийн таван жилийн турш эх орондоо байнга оршин суусан” гэсэн шаардлагыг хангаж чадахгүй аж. Тиймээс одоо хэрэв ИЗНН сонгуульд дангаараа оролцох бол намын дарга Б.Батбаатараас нь өөр сонголт үгүй. Үндэсний эвслийн тухайд УИХ-ын гишүүн А.Ундраагаа нэр дэвшүүлбэл оноо авах магадлалтай. Н.Номтойбаяр 50 нас хүрээгүй. Өөр энэ намд лидер гэхээр хүн байхгүй. Тэгэхээр тус эвсэл л ардчилсан орны нэр тахалж, эмэгтэй нэр дэвшигч сойж магад гэсэн найдлага бий.
ДЭЛХИЙН 14 ОРОН ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ
Дэлхийн 30 гаруй орон эмэгтэй Ерөнхийлөгч сонгож байсан жишээ бий. Өнөөдрийн байдлаар Мексик, Энэтхэг, Болгар, Молдав зэрэг 14 орон эмэгтэй Ерөнхийлөгчтэй байна. Эдгээрээс Энэтхэг, Малта, Молдав зэрэг оронд хоёр дахь удаагаа Төрийн тэргүүнээр нь эмэгтэй хүн ажиллаж буй юм билээ. Хөгжил дэвшлээр буурай, хүний эрхийн зөрчил их гэж “хавтгайруулан” ойлгодог Африк тивийн орнуудад эмэгтэйчүүдийн оролцоо парламентад нь Азийн орнуудаас ч илүү байдаг. Тухайлбал, Руанда улс эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах оролцоогоор дэлхийд сүүлийн хэдэн жилийн турш тэргүүлж буй. Тус улсын парламентад эмэгтэйчүүд нь 63.8 хувийг эзэлж байна. Мөн Африкийн Намиби улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй. Эцгийн эрхт ёс давамгайлдаг соёл, шашинтай исламын орнуудад хүртэл эмэгтэй Ерөнхий сайд сонгосон жишээ хэд хэд бий. Гэтэл ардчилсан Монгол Улсад Ерөнхийлөгчийн найман удаагийн сонгууль зохион байгуулахад ганцхан л эмэгтэй өрсөлдсөн нь чамлаад барамгүй.
Гол шийдвэр гаргадаг нам, түүний удирдах баг дахь хүйсийн давамгайлал манай улсад эмэгтэйчүүдийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс шахдаг гол шалтгаан болж байна. Мөн дээр дурдсан хувь улс төрчийн өөрийнх нь итгэлгүй байдал, өөрийгөө чамлаж, голох хандлага, нийгмийн хэвшмэл сэтгэлгээ ч нөлөөлдөг. Арай ядаж нэмэгдэж буй парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог зарим ёс зүйгүй гишүүн унагаж, буруу ухуулга хийж буй нь ч нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Мөн мөнгө, санхүүгийн тухайд эмэгтэйчүүд эрчүүдээс ард хоцордог нь бас нэг чухал шалтгаан юм. УИХын сонгуулийн хуульд нэр дэвших тусгайлсан квот оруулж, намын жагсаалтад хүйсээр эрэмбэлж байж парламент дахь бүрэлдэхүүний 25 хувь нь эмэгтэйчүүд болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд хуулийн ийм “ялгаа” байхгүй. Улс даяар 2-4 намаас л ийм тооны хүн өрсөлддөг учраас хуулиар квот тогтоох нь ч өрөөсгөл. Гагцхүү Улс төрийн намын тухай гэх мэт салбарын хуулиар зарим дэмжлэг оруулж болох. Тухайлбал, нам доторх удирдлагын хүйсийн харьцааг 40 биш, 50 болгон нэмэх, хэрэгжилтийг нь нягт шалгаж бодит болгосны дараа л сая нэг төрийн өндөр албан тушаалуудад эмэгтэйчүүдийн оролцоог нэмж, Ерөнхийлөгчийн сонгууль эрчүүдийнх биш, аль ч хүйсийнхэн ижил тэгш өрсөлдөх шударга талбар болж чадна. Мөн эмэгтэйчүүд өөрсдөө зориглож, итгэлтэй байх хэрэгтэй байна. Өөрчлөлтийн төлөө тэмц, ядаж нам дотроо нэрээ дэвшүүл. Мөнгөөр хясаж буй удирдлагынхаа эсрэг дуу хоолойгоо нэгтгэ. Тэгж байж гарц, шийдэл олдоно. Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн эрчүүдийн тулаан огт биш.