2011 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т тухайн үеийн “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч
Л.Мөнхбаясгалан “Уучилчихаач дээ”, “Жон Фрамыг иртэл шүү” нийтлэлээрээ шалгарсан юм.
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүү дийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигч дадаа хүргэхээр боллоо. 2011 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т тухайн үеийн “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч Лувсанбямбын Мөнхбаясгалан “Уучилчихаач дээ”, “Жон Фрамыг иртэл шүү” нийтлэлээрээ шалгарсан юм.
Н.Энхбаяр, С.Баяр хоёр оо гэж. Аав шиг минь хоёр эрхэм бусдын өмнө хэрэлдэж, бие бие рүүгээ буу шагайх нь холгүй гэтэж явна. Яах вэ дээ, амьдралд тохиолддог л зүйл биз. Энэ өргөн уудам нутгийн хаа нэгтээ энэ дайны эвдрэлцсэн хүмүүс байдаг л байлгүй. Тэглээ гээд улс хотлоороо шуугиад, талцаж намираад байхгүй. Их л сайндаа эхнэр, хүүхэд нь саахалт айлдаа хов хүргэнэ. Нутаг усандаа доог тохуу болох төдий. Харин энэ хоёрын хувьд бол өөр өө. Н.Энхбаяр бол Монголын төрийн гурван өндөр албан тушаалыг ээлж дараалан хашиж, энэ түүхт намыг олон жил удирдаж явсан эрхэм. Тийм болохоор түү ний үг хаана ч үнэтэй. Хэн ч анхаарч сонсоно.
С.Баярын хувьд ч ялгаагүй. Хэдийгээр Н.Энхбаяр шигээ төрийн өндөр албан тушаалд залраад байх хувь дутсан ч нийгмийн сонирхол татахуйц хувь хүн. Хэсэгхэн хугацаанд ч болов Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж үзсэн. Үг нь үнэн, бас хурц байдгаараа анхаарал татдаг. Тийм болоод л энэ хоёрын хувийн шинжтэй дайсагналцал нь төр, улсын хэрэгт хамааралтай болоод нэг жил өнгөрлөө. Сайн бодоод үзээрэй. С.Баяр, Н.Энхбаяр хоёрын хэрүүлд улс оронд нэмэртэй ганц ч зүйл байхгүй. Эвдрэл эхэлсэн түүх нь ч албан тушаал булаалдсан хувийн шинжтэй. Өнгөрсөн 20 жилд мэсний дайтай хурц үгээр хатгалдаж явсных нь гай.
Энэ бүхнээ нуудаг байсан бол одоо ил болгож. Ялгаа нь ердөө энэ. Бие биенээ нохой, гахайгаар нь дуудаад барьцалдаж авсан бол яах вэ гэх сэн. Н.Энхбаяр нь Монгол Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх гэтэл нөгөө муу С.Баяр гай болоод байна гэнэ. С.Баяр олон сайхан зүйлийг бодож олоод яг хийдгийн даваан дээр гайхал Н.Энхбаяр өнгөлзөөд амаргүй. МАХН 90 насныхаа босгон дээр цэвэршиж, МАН болоод ухаа хонгор мориндоо ард түмнээ ганзагалаад ухасхийх гэтэл Н.Энхбаяр мориных нь хөлийг МАХН гэгчээр чөдөрлөж орхив гэнэ. Пүү паа. Ийм муухай юм байх уу даа, та минь. Хэдхэн жилийн өмнө “Н.Энхбаярт хэн хамгийн сайн долигонох вэ” хэмээх уралдаан зарлаж байснаа умартаад “Н.Энхбаяраас хэн түрүүлж урвах вэ” гэх тэмцээн зохиолоо. Хөдөлмөрчид өргөнөөр оролцож байна гэж жигтэйхэн. Тэгтэл гайхал Н.Энхбаяр хамаг муу муухайгаа ойлгоод одоо л төр улсаа аварч хамгаалж ард түмнээ бодъё гэтэл С.Баяр боломж олгосонгүй. Ингэж болох уу даа. Монголд байтугай дэлхийд өөрийгөө данстай гэж боддог Н.Энхбаяр үүнийг тэвчинэ гэж үү. Тэгээд долоодугаар сарын 1-нд ард түмнээ буудсан хүн бол С.Баяр гэх нь холгүй үзэж тарав. Мөдхөн энэ хоёрын нэг л С.Зоригийг хөнөөсөн болж магадгүй. Цаашлаад Мандухай цэцэн хатан, Чингис хааныг ч тэр хоёрын нэг л хөнөөснөөс гарцаагүй.
Тавин насны босго хол алхсан эрчүүдийн хувьд энэ хөгтэй биш гэж үү. Төрийн нурууг үүрэлцэж явсан хоёр ах хүү усан буугаар хоорондоо байлдаж гүйвэл ямар байх вэ. Толгойд нь хяруу бууж, чалх суларч яваа өдий насанд ухааны цар тэлдэг гэж худлаа юм уу. Монголчууд өдий насны эрчүүдийг хүндэтгэж, жингийн ачаа татахуйд замдаа сулрамгүй бяд сууж, төрийн ачааг үүрэхэд шуналын дэв нь арилан ухаажсан байдаг гэж сургадаг сан. Андуурч гэх үү. Аль аль нь амьдралын хар, цагааныг үзэж аливаад хөнгөн хуумгай хандахааргүй буурь суурьтай болмоор сон. Тавь гарсан ах нар нь хоорондоо толхилцохоор дөч шүргэсэн дүү нар нь дагаж хуйлраад муухай гэдэг нь. Тэр чинээгээрээ төр улсын бодлого богино банзлын хормой шиг дэрвээд хэрэг алга.
С.Баяр, Н.Энхбаяр хоёрыг ном уншдаггүй гэж худал гүтгэмээргүй байна. Ялангуяа Буддын гүн ухааны ном үзсэн Н.Энхбаярын хувьд бүр ч илүүг бодмоор санагдана. Түүний төрийг барьж байсан арга ухаанд дорнын заншил давамгайлж байсан мэт бодогддог. Дорныхон “ордны аргаар” өрсөлдөгчдөө намнаж хооронд нь хэмлэлдүүлж, өөрөө онцгойрон түүнээсээ ашиг хүртдэг башир зантай. Н.Энхбаяр тийм л явсан. Харин өдгөө ухаарвал яасан юм бэ. Дорныхны нэг айхтар философи бий сэн. Тэр бол уучлал. Хэн агуу их байна тэр уучилж чаддаг. Эртний хаад хязгааргүй их эрх мэдэлтэй, харгис хэрцгий байсан ч уучлал нь тэднийг улам бүр агуу болгож байсан. Чингис хаан ч энэ эрдмийг эзэмшсэн нэгэн байж. Хэрвээ тэр уучилж өршөөж чаддаггүй байсан бол түүнд мянганаар дуурсагдах Зэв, Мухулай зэргийн агуу жанжид заяах байсан гэж үү. Тийм байж чадаагүйдээ Н.Энхбаяр өдгөө сүүдрээсээ өөр нөхөргүй яваа юм биш биз.
С.Баяр яах вэ, өрнийн сургаалтай хүн. Гэхдээ л өрнийхний зарчим бол Библи шүү дээ. Библийг Үндсэн хуулиасаа дээгүүрт тавьдаг улс үндэстэн дэлхийгээр нэг. Бас л уучлалыг агуу их ухаарал хэмээн номлосон байдаг. “Хүн нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа тавьж өг” гэж Библи сургасан юм. Тэгэхээр Н.Энхбаяр, С.Баяр хоёр бие биенээ уучилчхаач дээ. Сэтгэл зүрхээ чөлөөлж, бодол юугаа ариусгаач. Тэдний хэн нь ч Монголын төрд хийсэн юмтай, хэлэх үгтэй. Бие биенээ уучилж, жолоогоо татлаа гээд түүхийн хуудаснаас хийсчихгүй. Тэднийг эвлэрлээ гэж хэн ч шоолохгүй. Араас чинь нэхэж яваа залуус баярлана уу гэхээс бачимдахгүй. Ингэж гэмээнэ, төр улсыг жолоодож яваа дүү нараа дөнгөнөөс нь мултална гэсэн үг. Тэдэнд өөрийнхөөрөө сэтгэх, зам мөрөө өөрөөр гаргах боломжийг нь олго.
Тавь хол гарлаа. Мөдхөн 60 хүрнэ. Мөн л толхилцоод хүүхэд багачуудын тохуу болсоор явах уу. Үр хүүхдээ бод. Тэд эцгүүдийнхээ өмнөөс ичиж амьдрахгүй байг. Ард түмнийхээ өмнө зэрэгцэж суугаад эв найртай үг хэлэлцэж, эр хүн шиг тэврэлдээд сал л даа. Тэртээ найман зууны өмнөх Тэмүүжин, Жамух нарын нөхөрлөлөөр эхэлсэн дайсагнал нөхөрлөлөөр төгссөнийг сана. Тэднийг бодвол Н.Энхбаяр, С.Баяр нар боловсролтой, даяаршлын эринд амьдарч яваа нийгмийн зүтгэлтнүүд шүү дээ. Хэн хэндээ хэлж болох хамаг хатуу үгээ хангалттай хэлж дууссан бол одоо эвлэрэх цаг болжээ. Нэг ийм дуу байдаг даа. “Чингис хаан” хамтлагийн Жаргалсайхан дуулдаг юм.
...Мөнх бусын заяа тавиланд гунигын бороо цээжнээ зүсэрнэ Морин хуурын зөөлөн эгшиг миний сэтгэлийг аргадан уянгална Намар намраар алслан холдох гэнэн цайлган үеэ дурсана Наслах тусмаа улам нялхарч бусдын гэмийг уучлах болно оо Аяа, анд минь чи хаалгыг минь тогшооч… гэж. Сайхан дуу шүү. Ялангуяа гитартай дуулбал уу.
Жон Фрамыг иртэл шүү...
Номхон далайн Солмоны арлуудын урдхан Ванаүти хэмээх бүлэг арлаас бүрдсэн жижигхээн улс бий. Тэр улсын нэгэн тосгоныхон Жон Фрам гэгч америк нөхрийг хүлээсээр 100 жилийг үджээ. Номхон далайн олон жижиг арлуудын нэгэн дээр нь орших энэ бяцхан тосгонд 1910-аад оны үед америк цэргүүд ирж гэнэ. Цэргүүд жийнс гэгч хувцас өмсөж, бохь зажилж, кола ууж байхыг омгийнхон нүдээрээ үзжээ. Амьдралдаа ийм юм эдэлж хэрэглэх нь байтугай нэрийг нь сонсож, барааг нь ч хараагүй тэд унаж тустлаа гайхалгүй яах вэ.
Сүрлэн банзлаар гангарч, жад, хутгаар зэвсэглэн наргил модны самар, шош буурцаг, зэрлэг төмс, загас төдийхнөөр хооллодог байсан “нутгийн индиануудад” америкчуудын эдэлж хэрэглэж байгаа нь гайхамшиг өөрсдөө ч чухам л тэнгэрийн элч мэт санагджээ. Цэргүүдийн ахлагчийг Жон Фрам гэдэг байв. Мэлэрч гайхахаас өөрийг мэдэхгүй “тэрэгч Лувсангууд”-д америкчууд их л нигүүлсэнгүй хандаж. Зэр зэвсгээ гайхуулан, бүр зарим нэгээр нь буудуулж хүртэл үзүүлжээ. Өмсөж явсан цэргийн хувцаснаасаа илүүчилж, бас ганц нэг урагдаж элэгдсэн жинсээ тайлж өгөх зэргээр “халамжлав.” Хүн төрөлхтний соёл иргэншлээс хэдэн мянганаар хоцорсон ширэнгийн зэрлэгүүдэд тэд гэм хийгээгүй байна.
Цэргүүдийн эдлэл хэрэглэл юухан ч болов тэдний гайхаширлыг барж байв. Ингэж “соё лыг гайхахыг” нь харж, шоолж инээлдэнэ. Тэр дунд Жон Фрам гэгч шаггүй марзан нөхөр байх. Мань эр тэднийг цаашлуулан өөрийгөө бурхны элч хэмээн ойлгуулж, өмнөө сөхрүүлж суулгаад тэдний мэдэхгүй хэлээр орилж гуагчин дүвчигнэдэг байж. Бас ч гэж байнга марзаганаад байсангүй, ан авд хамт явж, хурдан буу ч бэлэглэсэн гэнэ. Ер нь юм л зааж өгсөн юм даг уу даа. Ингэсээр нэг л мэдэхэд америк цэргүүд буцаж, нутгийнхан халуун ам бүлээрээ үлдэв. Салж одохдоо Жон Фрам гуай “Эргэж ирээд нутаг орныг нь хөгжүүлж цэцэглүүлнэ” хэмээн марзганасан байна.
Энэ омгийнхны нэгэн домогт үл мэдэгдэх газраас нэгэн бурхны элч олон дагуултайгаа ирж омгийн дайчдыг ивээх бөгөөд тэр нь ан ав, цэрэг дайны сахиусан тэнгэр болох учиртай гэнэ. Ингээд омгийнхон домогт гардаг ивээн тэтгэгч бурхны элчийг Жон Фрам мөн хэмээн итгэж түүнийг хүлээх болсон гэнэ. Тус омгийнхон ердөө 100 хүрэхгүй хүн амтай. Гэхдээ л тэд 1930-аад оноос хойш түүнийг тэвчээр заан хүлээсээр байгаа. Жилийн нэг өдрийг “Жон Фрамыг хүлээх өдөр” хэмээн нэрлэж, баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтоов. Тэр өдөр нутгийн эрчүүд бүгд хөгшин хөвөөгүй нүцгэн цээжин дээрээ улаан будгаар U.S.A гэж бичээд модон жад барин жагсаж бас бэлхүүсний бүжиг бүжнэ. Дайтаж намнаж байгаа үйл хөдөлгөөн дүрслэн, хажуугаар нь ширэнгийн бүжгээ ч мартахгүй нэг ёсны шоурхуу юм хийдэг аж. Сүрлэн урцнуудынхаа гадна Америкийн жижигхэн далбаа хатгаж, эр эмгүй “Америк мандтугай”, “Жон Фрам мандутгай” гэж хамаг чангаараа орилолдоно. Омгийн ахлагч тэртээ мянган есөн зуун арван хэдэн онд америк цэргүүдийн үлдээгээд явсан гэх хуучирсан офицер хувцсаар гангарч “цэргүүдийнхээ” өмнүүр их л ихэмсэг алхана.
Тэд хэзээ нэгэн цагт Жон Фрам эргэн ирж тэднийг хайр ивээлдээ авах бөгөөд тэр цагт өчүүхэн жижиг омгийнх нь нэр хүнд цуурайтаж, юу юунаас илүүтэй айлгаж байгаа цус ойртох өвчин илааршиж, дэлхийг байлдан дагуулна гэдэгтээ эргэлзэхгүй итгэдэг. Омгийн ахлагч BBC-д өгсөн ярилцлагадаа “Бид Жоныг ердөө 100 жил л хүлээж байна. Цаашдаа ч хүлээнэ. Тэр заавал ирнэ. Тэр цагт манай омгийн уламжлал, соёл заншил устахгүй бөгөөд бид дэлхий дахинаа хүчирхэг гүрэн болно” хэмээн итгэл төгс өгүүлжээ. Хоёр жилийн өмнө Христийн номлогчид тэдэн дээр очиж ойн гүнээсээ гарч далайн эрэг дээр, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүү лэн амьдрахыг гуйсан боловч тэд татгалзжээ. Дэлхийн хөгжлийг дагаад явчихвал ёс заншлаасаа холдчих аюул нүүрлэж байгааг удаан бодсоны эцэст олж тогтоож. Тэгээд л нөгөөх Жон Фрамаа иртэл ойн гүндээ хүлээнэ гэдгээ хэлсэн байна. Дэлхийн газрын зураг дээрээс удтал хайж олох энэ жижиг улсын бяцхан омгийнхон Америк хэмээх бурханд итгэж, Жон Фрам гэдэг бурхны элчийг хүлээсээр зэрлэг бүдүүлэг хэвээрээ л амьдарч байдаг аж. Америк цэргүүдийн шүлстэй бохийг ам дамжуулан амтархан зажилж, элэгдэж хуучирсан цэргийн дүрэмт хувцсыг нь шү тээн болгон хадгалж, гартаа галт зэвсэг биш модон жад барьж яваа тэдний нүдний зөрүү арилж хорвоог үнэнээр нь таньтал дахиад хэдэн жилийн хүлээлт хэрэгтэй юм бүү мэд.
Америк гэж ямар улс байдгийг, Жон Фрам гэгч хэн болохыг мэдэхгүй атлаа тэднийг аврагч хэмээн итгэх тэр зэрлэг омгийнхон өдгөө дэлхийн “Газар зүйн суваг”ийн гайхалтай нэгэн үзмэр болон хувирчээ. Гэхдээ тэд бас манайхантай тун төстэй зүйл яриад байгаа нь анхаарал татлаа. Өв соёл, зан заншил гээд байгаа ойн гүн, сүрлэн банзлаа хэвээр нь хадгалахын тулд орчин үеийн соёл иргэншлээс татгалзжээ. Бас орчлон дэлхийг таньж хэн нь хэн бэ гэдгийг төсөөлөх ч үгүй атлаа зажилсан бохио амнаасаа авч өгсөн зальтай америк эрийг бурхан болгон тахив. Юу ч мэдэхгүй бүдүүлэг харанхуйгаар нь далимдуулан элэг доог хийн, тэдэнд л тохирсон үлгэр ярьж байгаад явчихсан нөхдийг хамгийн сайн хүн хэмээн итгэж хоцорч. Хамгийн сонирхолтой нь, тэд “Жон Фрам” хөдөлгөөн байгуулж үүнийгээ Үндэсний нэгдсэн хөдөлгөөн хэмээн зарлаж бусад омгуудаа татан оролцуулахыг эрмэлздэг гэж байгаа. Тэдэнтэй хаяа нийлэн орших жижигхэн омгууд уг хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд бүгд соёлт амьдралаас татгалзаж ойн гүндээ амьдран суухаар тохиролцжээ. Гэхдээ Жон Фрамыг иртэл шүү...
Л.Мөнхбаясгалан
2011 он