АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, хууль зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг дэмжиж буй иргэдээс санал авч, гарын үсэг цуглуулах ажлыг тус зөвлөлийнхөн энэ сарын 16-ны 11.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах болсноо мэдэгдэв. Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл “Бид иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Үүний хүрээнд нийгэмд тулгамдаад буй асуудлуудын нэг болох УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг дэмжиж, уриалга гаргасан. Бид олон нийтийг төлөөлөн энэхүү санаачилгыг дэмжиж буй бөгөөд цаашид өргөн хүрээний хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн нийгэмд байр сууриа идэвхтэй илэрхийлж, зөрчил дутагдлыг илчилдэг иргэдийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна” хэмээлээ.
Түүнчлэн “Төрд ажиллаж, иргэдийг төлөөлөх үүрэг хүлээсэн УИХ-ын зарим гишүүн Үндсэн хууль зөрчин, өргөсөн тангаргаасаа няцаж, нийгэмд үл ойлголцол үүсгэж байна. Мөн хариуцсан үүргээ биелүүлэхгүй, чуулгандаа суухгүй байх зэрэг нь төрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй. Энэ бол зөвхөн 126 гишүүний асуудал биш. Цаашлаад гадаад харилцаа, олон улсын нэр хүндэд хүртэл нөлөөлөх эрсдэлтэй. Авлигын индекс буурч буй нь ч үүнтэй тодорхой хэмжээнд холбоотой” гэв.
Э.Сүйлэн