Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдаанд VI байр эзэлсэн, “Өнөөдөр” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Л.Ганчимэгийн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
Виктор Хюго 1862 онд хэвлүүлсэн “Шоовдор хүмүүс” (Les misйrables) романдаа XIX зууны Францын шударга бус анги, давхаргад суурилсан нийгмийг буруушааж, ийм тогтолцоо нь ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй, сайн хүмүүсийг ядуу гуйлгачин, гэмт хэрэгтэн болгож байгааг хатуу буруушаан шүүмжилсэн. Тэрхүү нийгэмд хууль, шүүх, дэг журам байх хэрнээ төр засагтаа ард иргэд нь хүн гэж харагдахаа больсон, дуу хоолой нь сонсогдохоо байсан учраас дорд үзэгдсэн “Шоовдор хүмүүс”-ийн хашхирааныг тэрбээр сонгодог нэгэн бүтээлийнхээ хуудас бүрд шингээн, дэлхий дахинаа анирдуулжээ.
Өнөөгийн манай Улаанбаатар хотод энэ зүйрлэл хэтрүүлэг биш сонсогдоно. Өөрсдийн санал, шүүмж, дуу хоолойгоо төрд бодитоор хүргэж чадахгүй байгаа иргэд, сонголтгүй сонголтын өмнө хүчин мөхөстсөн олон нийт, бүрдүүлж өгсөн төсвийг нь ямар шалгуур, эрэмбэ дараагаар, юунд зарцуулахад хяналт тавих боломжгүй татвар төлөгчид, төрөл бүрийн торгуулиар дарамтлуулдаг жолооч нар, “Биднийг төрд төлөөлөөрэй” гэж итгэл хүлээлгэн илгээсэн төлөөлөгч нь хотын парламентын хэлэлцүүлгүүдэд эрх ашгийг нь хамгаалж чадахгүй байгаатай эвлэрсэн сонгогчид...
Төлөөллийн байгууллага нь иргэд, сонгогч доо төрийн бодлого, шийдвэрт оролцогч бус, хөндлөнгийн ажиглагч болгоод, дээрээс нь төсөв санхүүгийн эх үүсвэр мэтээр хараад эхэлбэл тэр нийгэмд шоовдрууд бодитоор бий болдог.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын парламентаар батлуулаад ердөө хоёр сар болж буй 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус Х хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн тухай мэдээ бидэнд гэнэтийн санагдахаа ч больсон гэлтэй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 4.6 их наяд төгрөгийн төсөв “боож” оруулж ирэн, нийслэлийн ИТХ-аар батлуулсан тэрбээр одоо Улаанбаатар хотын энэ жилийн төсвийг 2.2 их наядаар нэмэгдүүлэхээр шийдэж. Х.Нямбаатар даргын төсөв урьд өмнөх мээрүүдийн түүхэнд байгаагүйгээр “таргалах” болсон ч зарцуулалт нь нарийн тодорхой хяналтгүй, үр ашиггүй хөрөнгө оруулалт их байгааг олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн шүүмжилдэг ч өнгөрсөн жил лав гурвантаа тодотгосон юм. Энэ удаад нийслэл хотын төсвийг 6.5 их наяд болгож нэмэгдүүлэх тодотголдоо “Улаанбаатар трам” төслийн II шугамын ажилд 350 тэрбум, дулааны V цахилгаан станцад 200, СOP17 бага хурал зохион байгуулахад 70.1 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.
МЕГА ТӨСӨЛ, МИКРО АМЬДРАЛ БОЛОХ ВИЙ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Нийслэл 2026 оны төсвөө ердөө сар хагасын дотор 6.5 их наяд болгож нэмэгдүүлэхээр тодотгол оруулж ирж байна. Тэр дундаа ард иргэдийн ажил, амьдралд шууд нөлөөлөх хэмжээний өндөр орлогын төсөөлөл оруулж ирсэн нь эрсдэл дагуулж мэдэхээр байгаа юм. Нэг удаагийн шинжтэй торгууль, хүү, татвар болон татварын бус орлогыг хэт өндөр тооцоолсон нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулна. Томоохон мега төслүүдийг ярьж байгаа ч бодит үр ашиг нь хэзээ гарах нь тодорхойгүй, урт хугацаанд хэрэгжих төслүүдэд өндөр дүн тавьж байна. Үүний нэг жишээ нь “Улаанбаатар трам” төсөл. Яармагаас хотын төв хүртэл хоёр их наяд төгрөгөөр трамвай барих нь үнэхээр өнөөдрийн нөхцөл байдалд хамгийн зөв шийдэл мөн үү гэдгийг би өнгөрсөн жил ч асууж байсан. Ийм өндөр дүнтэй, урт хугацаанд үр ашгаа өгөх нь ч тодорхойгүй төсөлд 350 тэрбум төгрөг батлах гэж байгаа нь үнэхээр хайран юм. Хүннү гэх мэт цаасан дээр байгаа хотуудыг ярихын оронд бодитоор хөгжүүлэх боломжтой Багануур, Налайх, Багахангай зэрэг дүүрэгтээ энэ 350 тэрбум төгрөгийг хуваарилбал илүү “амьдралтай” өөрч лөлт гарна” хэмээн шүүмжилсэн байна лээ. Өнгөрсөн жил “Улаанбаатар трам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, нийслэлийн ИТХ-аар батлуулахдаа “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 28 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ, нийслэлээс жил бүр 66 тэрбум төгрөг гаргана” гэчхээд энэ онд гэнэт 350 тэрбумыг зарцуулахаар төлөвлөснийг шүүмжлэх нь зүйн хэрэг биз. Угаасаа Улаанбаатар хотын суурилагдсан дэд бүтэц, газар зүйн онцлог, нөөц боломжийн хувьд трамвайтай болох ямар ч нөхцөл байхгүйг ШУТИС-ийн зарим багш, салбарын мэргэжилтнүүд сануулдаг л юм билээ.
Монгол Улсын хүн амын тэн хагас нь аж төрж буй нийслэл хотын ужгирсан олон асуудлыг шийдэхийн тулд улс төрийн эр зориг гаргаад стратегийн шинжтэй томоохон хөрөнгө оруулалт хийхийг зорьж болно. Мэдээж энэ жилийн төсөвт 780 саяыг суулгасан Туулын хурдны зам нь төлөвлөсөн ёсоороо 2027 онд ашиглалтад орж, трам, метро төсөл нь хугацаандаа амжилттай хэрэгжээд, ядаж түгжрэл хэмээх зовлонгоос салчихвал хэн хүний магнай тэнийнэ. Гагцхүү мега төслүү дийн санхүүжилтийн суурь тогтвортой юу, торгууль, хүүгийн орлого гэх мэт нэг удаагийн шинжтэй эх үүсвэрээр байнгын зардлыг санхүүжүүлэх үү, эрсдэлийн тооцоо хийсэн үү, буруудвал хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэгт хариу байх ёстой. Төсөв тэлэхийн хэрээр сахилга хариуцлагын шүүлтүүр чангарах учиртай. Үгүй бол мөрөөдлийн мега төслийн хөлд үрэгдсэн микро амьдралтайгаа татвар төлөгчид “шоовдор” хэвээр үлдэнэ.
Нийслэлийн ИТХ энэ чухал цаг үед илүү олон талын байр суурийг эрүүлээр мэтгэлцдэг нээлттэй талбар байсан бол уг төсвийн хэлэлцүүлгээс иргэд хэрэгтэй мэдээллээ авч, дараагийн удаад бодит идэвх, оролцоо нь нэмэгдэх магадтай. Харамсалтай нь, өнөөдөр хотын парламентын төлөөлөгчид юу ч байсан сонсохгүй, харахгүй, ярихгүй, мэдэхгүй гэсэн дөрвөн төлөвт “бясалгаж” буй гэлтэй.
ТОРГУУЛЬ, ХҮҮГИЙН ОРЛОГО 10 ДАХИН ӨССӨН НЬ САНАМСАРГҮЙ СТАТИСТИК БИШ
Төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах, тодотгох бүхий л шатны мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй байлгах нь төрийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байтал сүүлийн жилүүдэд энэ талын мэдээлэл хаалттай болсныг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд ч шүүмжилдэг. “2026 оны төсвөө нийслэл хот 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлахаар төлөвлөснийг бид эцсийн хэлэлцүүлгээс нь гурав хоногийн өмнө л мэдэж, олон нийтэд энэ тухай мэдээлэл хийсэн. Төсвийн төслийг олж авах гэж бид их ч хөөцөлдсөн дөө. Нийслэлийн өмнөх удирдлагууд, хэвлэлийн албаныхан нь ч Ulaanbaatar.mn сайтынхаа “Шилэн данс” цэсэд жил жилийн төсвийн төслөө ил тод байршуулж, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг анхаардаг байсан. Гэтэл 2023 оноос хойш хот тийм биш болсон. Энэ бол Монгол Улсын олон хуулийг зөрчсөн маш хариуцлагагүй үйлдэл. Улсын төсвийг хүртэл төлөвлөх, хэлэлцэх, батлах үе шатуудад Сангийн яам төрөл бүрийн аргаар олон нийтийн оролцоог хангаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг шүү дээ” хэмээн “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын төсвийн хөтөлбөрийн зөвлөх З.Энхбаяр ярилаа. Үнэхээр ч хотын төсвийн төслийг иргэд байтугай сэтгүүлчид бид сайтаас нь олж үзнэ гэдэг саргүй шөнө өвсөн дотроос зүү хайхтай адил бэрх ажил болсон билээ.
Дараах тоо баримтаас харвал “Шоовдор хүмүүс”-т гардаг дүлий нийгэм шиг Улаанбаатарыг гэмт хэрэгтнүүдийн хот болжээ гэж төсөөлмөөр. 2021 онд 40 тэрбум төгрөг байсан торгууль, хүүгийн орлого таван жилийн хугацаанд 10 дахин өсөж, өдгөө 449 тэрбум төгрөг (2025 онд энэ дүн 393 тэрбум байсан)-т хүрч, нийслэлийн төсөвт эзлэх хувь нь 22 болж 17-гоор нэмэгджээ. OECD-гийн гишүүн орнууд зэрэг олон улсын жишгээр бол хотын төсөвт эзлэх торгуулийн хэмжээ 1-3 хувьд хэлбэлздэг бөгөөд таван хувиас давбал эрсдэлтэй гэж үздэг байна. Улаанбаатар хотынхоо төлөө дэлхийн жишгээс даруй долоо дахин өндөр торгууль төлж, шийтгүүлэн байж бүрдүүлсэн төсвөө юунд зарцуулах гэж байгааг мэдэх, хянах, саналаа хэлэх, шаардах, оролцоогоо хангах эрх бидэнд уг нь бий шүү дээ.
“Ковид-19” цар тахлын дараах эдийн засгийн тогтворгүй байдалтай зэрэгцсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үнэ хэлбэлзсэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрт ээрэгдсэн он жилүүдэд улс, нийслэлийн төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг татварын орлого буурах хандлага ажиглагдаж, өнгөрсөн жилийн дундуур л гэхэд улсынх нь 1.4 их наядаар тасарсан удаатай. Нийслэлийн хувьд 2025 оны төсвөө батлахдаа хотын автомашины албан татварыг гурав, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр “ханцуй дотроо” тохироод, алх цохисон тулдаа орлого нь тасалдаагүй, өссөн байсан. Татварын орлого буурахаар тал хагасыг нь ч болов торгуулиас нөхөх оролдлого хийж буй гэлтэй, хотын удирдлагууд иргэдээ татварын буулган дор талхиулахаас гадна “торгуулийн төмөр нударга”-аар нүүр нүдгүй гөвших болсны илрэл биз.
НИЙГМИЙН СҮЛЖЭЭ НИЙТИЙН ДУУ ХООЛОЙГ ТӨЛӨӨЛӨХГҮЙ
Ямар үндэслэлээр гэнэт татварыг 3-5 дахин нэмсэн тухай асуудал зургаан сарын дараа сөхөгдөж, D-Parliament дахь иргэдийн өргөдөл, гомдлын дагуу УИХ-аас Ажлын хэсэг байгуулан, нийслэлийнхнээс тайлбар авахад “Тухайн үед бид нийслэлийн албан ёсны сайтаараа дамжуулан иргэдээс цахимаар санал авахад хоёр хүн оролцсон. Хоёр хүн байна уу, 200 хүн оролцоно уу, хуульд бол хамаагүй. Олон нийтийн оролцоог хангасан л гэсэн үг” хэмээгээд өнгөрсөн байдаг юм. Хуулийн шаардлага формаль хангагдсан байж болох ч ардчиллын суурь зарчим үүгээр хэмжигдэхгүй. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах энэ мэт процесст оролцоогоо бодитоор хангаж чадахгүй, мэдээлэлгүй байгаа иргэдээ тавлаж буй мэт хотын дарга нь “Хэн юу ч гэж байсан бид зорьсон ажлаа заавал хийнэ” гэсэн мэдэгдлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан удаа дараа гаргах болов. Хууль, дүрмээр далайлгасан төр хүчтэй байж болох ч иргэнийхээ бодит оролцоог хангахгүй, тэдний дуу хоолойг нийгмийн сүлжээний тролл армиас ялгахгүй, үл ойшоосон нөхцөлд төлөөллийн институцийн легитм чанар алдагддаг. Харин иргэдийн оролцоо гэхээр нийгмийн сүлжээн дэх “идэвх”-ээр л хэмжиж, “Бид харин ч сошиал орчныг тандаж байгаад шийдвэр гаргадаг шүү дээ” гэвэл асуудалд дэндүү өнгөц, хайнга хандсан хэрэг болно.
Төлөөллийн институц иргэнээ сонсохоо больсон үед төсөв санхүү хэчнээн өслөө ч ардчиллын үнэт зүйлс урууддаг жамтай. Ийм нөхцөлд шийдэл нь улс төрийн хүсэлд гэхээс илүү институцийн баталгаанд оршино. Орон нутгийн ИТХ дэргэдээ хараат бус Төсвийн шинжээчдийн зөвлөлтэй байх нь эрх мэдлийг хязгаарлах бус, эрсдэлийг бууруулж, “Шоовдор хүмүүс”: Тоомжиргүй төр, торгуулиар тэлсэн төсөв хариуцлагыг баталгаажуулах механизм юм. Ялангуяа өндөр дүнтэй төслүүдийн эрсдэлийг тооцоолохдоо орлогын төсөөлөл, торгуулийн хамаарал зэргийг улс төрөөс ангид, мэргэжлийн шүүлтүүрээр нягтлах нь зайлшгүй чухал. Гэвч асуудлын цөм нь хяналтын зөвлөл, шат дамжлагадаа бус, төр иргэнээ хэрхэн харж буйгаас л шалтгаална. Төсвийн орлогын тооны орон болгоны ард хүний амьдралын алтан цаг, хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, ирээдүйдээ итгэх итгэл сэтгэл оршиж байдаг. Иргэдээ шийтгэсэн торгуулийг орлого гэж нэрлэж болох ч төсөв бүрдүүлэх санхүүгийн эх үүсвэр гэж харж хэрхэвч болохгүй. Ард иргэд гэдэг төрийн чанд хатуу хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй “статистик” болж хувирвал шоовдор хүмүүсийн нийгэм жинхэнэ утгаараа бий болно. Хүнээ шоовдор болгодог хууль, төр, улс, хот, нам, улс төрийн хүчин ёс суртахууны хувьд аль хэдийн ялагдсан байдаг.
Л.Ганчимэг