Манай улсад улаан бурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол 2024 оны долоодугаар сард анх бүртгэгдсэн. Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэй уг халдвараар өвчилснөөс хойш өчигдрийн байдлаар нийт 14 326 тохиолдол бүртгэгдээд байна. Уг халдварын улмаас энэ сарын 4-ний байдлаар 13 хүүхэд эндсэн гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсөн юм. Гэтэл үүнээс хойш зургаан хоногийн хугацаанд улаан бурхны улмаас дахин хоёр хүүхэд энджээ. Тодруулбал, Дорнод аймагт хоёр сартай нярай, Хөвсгөлд 11 сартай хүүхэд нас барсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн эмч Б.Батсүхээс тодруулахад “Орон нутагт улаан бурхны халдвар авч, биеийн байдал нь хүнд байсан хоёр хүүхэд эндсэн. Уг халдвараас сэргийлэх вакциныг есөн сартайгаас эхэлж хийдэг. Мөн хоёр настайд нь хоёр дахь тунг тарьдаг. Хөвсгөлд эндсэн 11 сартай хүүхдийн тухайд ханиад томуутай байсан тул вакциндаа хамрагдаж чадаагүй юм билээ. Хэнтий болон Дорнод аймагт энэ халдварын голомт бий. Одоогоор бүртгэгдсэн нас баралтын 87 хувь нь нэг нас хүрээгүй хүүхдүүд байна. Улаан бурхан нь маш хүнд явцтай халдварт өвчин тул нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөе” гэв.
ХӨСҮТ-д 11 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд нэг хүүхэд Сэхээн амьдруулах тасагт байгаа аж. Сүүлийн 24 цагийн хугацаанд есөн шинэ тохиолдол батлагдсаны тав нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Ч.Болор