Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсгээс дээрх хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Үүгээр зайн гэрчлэлтийн эрх зүйн орчны зохицуулалт бий болгох буюу зайнаас үйлчлэх үйлдлийн төрөл, тавигдах шаардлага, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаснаас гадна үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо төрд байгаа мэдээллийг, тоон гарын үсгийг ашиглах боломжтой хэмээн дурдав. Өөрөөр хэлбэл, иргэд нотариатын үйлчилгээ авахдаа заавал биеэр очих, хүлээх шаардлагагүй болох аж. Ингэснээр нотариатч болон иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэхээс гадна иргэний хуулийн дагуух хэлцлийг цахим хэлбэрт шилжүүлэх боломж бүрдэхийг ХЗДХЯ-наас мэдээллээ. Мөн нотариатын үйлчилгээний хөлс, шаардлагатай зардлын хэмжээг уян хатан тогтоох, хөнгөлөлт, чөлөөлөлт бий болгох зэрэг зохицуулалт оруулах юм байна.