Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон хамтран “Tourism week2026” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 9-15-нд зохион байгуулж байна. Уг чуулган нь салбарын бодлого, тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх замаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм.
Манай улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлт үзүүлсээр ирсэн бөгөөд энэ нь эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс тодорхой харагддаг. Тухайлбал, 2023 онд 651 061 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого улсад төвлөрүүлжээ. 2024 онд жуулчны тоо 808 956-д хүрч, орлого нь 1.6 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Харин 2025 онд анх удаа 847 170 жуулчин хүлээн авсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн төдийгүй бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болов. Мөн энэ оны эхний хоёр сарын байдлаар манай улсад 44 767 жуулчин ирсэн нь өвлийн улиралд бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болоод буй аж.
“Tourism week-2026” чуулган нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх стратегийн ач холбогдолтой талбар болж буйг салбарын мэргэжилтнүүд энэ үеэр онцолсон юм. Уг чуулганы нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, УИХын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй аялал жуулчлалын салбарын 900 гаруй төлөөлөгч оролцлоо.
У.Цэцэг