Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар олон нийтийн сүлжээг 16 нас хүрээгүй хүүхэд ашиглах, тэдний цахим хаягийг бүртгэхийг хуулиар хязгаарлах тухай байв. Дэлхийн цөөнгүй улс насанд хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээний зарим платформ ашиглахыг хориглож, үүнийгээ ч албан ёсоор хуульчлаад буй. Харин манайх сүүлийн жил гаруйн хугацаанд ингэж ярьсан ч хараахан ажил хэрэг болгоогүй л байна. Тэгвэл үе тэнгийнхний дээрэлхэлттэй холбоотой асуудал нийгэмд өндрийг аваад буй энэ үед Засгийн газрын хуралдаанаар нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн явцын талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулсан нь ажил урагшлахад дөхөм болжээ. Гишүүдийн саналыг уг хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг П.Наранбаярт даалгав. Ингэснээр 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс сэргийлэх юм.
М.Гэгээ