Орон нутагт барьж буй усалгааны томоохон байгууламжийн нэг Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Дулааны талд дахь 700 га талбайг услах системийг тавдугаар сард багтаан ашиглалтад оруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд үүрэг болгожээ. Тодруулбал, ХХААХҮЯ-ныхан газар тариалангийн салбарын ирэх хаврын бэлтгэлийг хангуулах, бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд дээрх аймагт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Энэ үеэр усалгааны системийг хийж буй “Жинсийн орой” компанийн удирдлагад гэрээний хугацааг дахин сунгах боломжгүйг илэрхийлж, зүүн бүсийн иргэдийг эрүүл хүнсний ногоогоор хангах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий уг төслийг дахин сунгасан гэрээний хугацаандаа буюу тавдугаар сарын 20-нд хүлээлгэн өгч, захиалагч талын эрх ашгийг хангахыг үүрэг болгов. Цаашид услалтын системийг сум, орон нутаг хариуцаж бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, ашиглалт болон үйлчилгээний зардлыг нь зохих журмын дагуу батлуулах, тулгарч буй асуудлыг оновчтой шийдвэрлэн ажиллахыг холбогдох албаныханд нь даалгажээ.
С.Дулам