Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар МУИС-ийн эрдэмтэн багш нар “Бүс, орон нутгийн хүн ам зүйн өрсөлдөх чадвар” судалгаа хийж, үр дүнг нь танилцуулсан юм. Монгол Улсын бүс, орон нутгийн хүн ам зүйн өрсөлдөх чадварыг тодорхойлж, хүн ам зүйн нөхцөл байдал, бүтэц, динамик өөрчлөлт нь тухайн бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хүчин зүйл болж байна уу, эсвэл хөгжлийн сорилт, эрсдэлийг бий болгож байна уу гэдгийг цогц, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэхэд уг судалгааны зорилго оршиж буй аж.
Улаанбаатараас бусад бүсийн хүн амын тооны өөрчлөлтийг харьцуулбал, 2000-2024 оны хугацаанд бүс хоорондын динамик жигд бус, ялгаатай чиг хандлагатай байна. Тухайлбал, баруун бүсэд эхний арван жилд буурах хандлага давамгайлж, 2012 оны орчимд доод түвшинд хүрсний дараа алгуур өссөн бол Хангай, Хойд, Төвийн, Зүүн болон Говийн бүсэд нийтдээ тогтвортой өсөлт ажиглагдаж, ялангуяа Төвийн ба Говийн бүсэд өсөлт илүү тасралтгүй үргэлжилжээ. Хангайн бүс нь төрөлт өндөр боловч залуусын шилжилт ихтэй, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл давамгайлсан, хөдөөгийн суурьшил зонхилсон байна. Баруун бүс нь газар зүйн хувьд алслагдсан, уулс, цөл хосолсон, зах зээлийн хүртээмж, дэд бүтэц сул, соёлын онцлог бүхий олон угсаатны бүтэцтэй. Харин хойд бүсэд аж үйлдвэрийн уламжлалтай, насжилт эхэлж буй юм. Төвийн бүсийг нийслэлийн татах хүчний нөлөөнд хамгийн их автсан гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, тус бүс нь Улаанбаатар хотыг хүрээлсэн, дэд бүтцийн хувьд харьцангуй сайн боловч аймаг, сумын төвүүд нь оршин суух бүсээс илүү дамжин өнгөрөх суурьшил болсноор хүнээ их алдаж байна. Түүнчлэн говийн бүс нь эдийн засгийн мөчлөгт хэт мэдрэмтгий, ялангуяа, уул уурхай, томоохон төсөл, хөрөнгө оруулалтаас шууд хамаарч буй аж. Мөн төвийн бүсэд хөдөлмөрийн нөөц ба шилжилт хөдөлгөөний хүчин зүйлс, баруун болон зүүн бүсэд насжилтын дарамтын эмзэг байдал голлож байна. Цаашид төр засгаас бодлогын оролцоогүй байвал бүсийн хүн амын өсөлт улам тэнцвэргүй, насжилт эрчимжих төлөвтэйг судалгааны дүгнэлтэд дурджээ. Харин төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөн, нутагшил, суурьшлыг уялдуулсан идэвхтэй бодлого хэрэгжүүлбэл бүсийн хүн амын бүтэц, өсөлтийг тогтворжуулах бодит боломж байгааг онцолжээ.