
Т.Анхзул, О.Хонгорзул
Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын тайзнаа “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд толилуулж байна. Хүн бүрийн зүрх сэтгэлд орших хайрын олон өнгийг хөндөж, амьдралын үнэ цэнийг сануулах эл бүтээлийн Цэцгээгийн дүрийг амилуулж буй залуу жүжигчин Т.Анхзул, О.Хонгорзул нартай ярилцлаа.
-“Үгүйлэгдсэн хайр” жүжгийг шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд хүргэж эхэллээ. Шинэ үеийнхний зүгээс хайр, харуусал, амьдралын үнэ цэнийг үзэгчдэд хүргэхдээ ямар онцлог, шинэлэг өнцгийг эрэлхийлсэн бэ?
О.Хонгорзул: -Манай театрын хамт олон Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн мэндэлсний 80 жилийн ойд зориулж “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг өнгөрсөн аравдугаар сард олны хүртээл болгосон. Харин энэ удаа шинэ бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд хүргэж байна. Юуны өмнө энэхүү жүжиг эцэг эхийн, амраг хосын, анд нөхдийн гэх мэт хайрын олон өнгийг үзэгчдэд хүргэдгээрээ онцлогтой. Хайр маш олон талтай гэдэг. Тиймээс хайрын тэрхүү олон өнгийг эл бүтээлээс олж харах боломжтой. Мөн хайртай хүмүүсээ дэргэд байхад нь л нандигнах нь юунаас ч чухал гэдгийг ойлгуулахыг хичээлээ. Үгүйлэн санана гэдэг туйлын хэцүү мэдрэмж. Тиймээс харамсал тээн хоцрохгүйн тулд яг одоо л хажуудаа буй хүмүүсээ хайрлаарай гэж хэлмээр байна.
Т.Анхзул: -Манай бүтээл зөвхөн эцэг, эхийн хайраар хязгаарлагдахгүй. Ерөөс хүн бүрийн амьдралд ямар нэгэн байдлаар дутагдаж, үгүйлэгдэж буй тэрхүү орон зайг хөнддөгөөрөө онцлогтой. Үгүйлэгдсэн тэр хайрыг өөр ямар нандин холбоо нөхөж болохыг жүжгийн үйл явдлаар харуулахыг зорьсон. Сэтгэлдээ ямар нэгэн хоосон орон зайтай, хайрыг эрэн хайж буй хүн бүр манай жүжгийг үзэж, дутуугаа нөхөөсэй гэж хүсэж байна. Театрт жүжиг үзнэ гэдэг өөрийнхөө болон бусдын амьдралыг хөндлөнгийн нүдээр ажиглаж, эргэцүүлэн тунгаах хамгийн том боломж шүү дээ.
Миний хувьд УДЭТ-ын босгыг алхсанаасаа хойш гол болон туслах дүрүүдэд хүч сорьж байна. Өнгөрсөн хугацаанд ихэвчлэн дублёр буюу өмнө нь чадварлаг жүжигчдийн хэдийн бүтээсэн дүрийг нөхөж ажилладаг байлаа. Харин “Үгүйлэгдсэн хайр”-ын Цэцгээ бол театрт таван жил ажилласны дараа анх удаа гол дүрд сонгогдсон минь юм. Өөрөөр хэлбэл, шинээр “босгосон” анхны дүр гэсэн үг.
-Дүр бүр өөрийн гэсэн амин чанартай гэдэг. Тэгвэл Цэцгээгийн дүрийн онцлог нь юу бол. Мөн эл дүртэй ижил төстэй тал та хоёрт бий юү?
Т.Анхзул: -Амьдралын орчин нөхцөлийн хувьд Цэцгээ бид хоёр ойролцоо. Тэр аавтайгаа амьдардаг, миний хувьд ч мөн адил. Гэхдээ аливаа асуудалд хандах өнцөг, хувь хүний зан чанар нь надаас арай өөр байх. “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн эх зохиолыг уншсан, эсвэл өмнөх тавилтуудыг нь үзсэн хүмүүс бидний дүрийн ялгааг анзаарах болов уу. Бид энэ удаад тэс өөр өнцгөөс, шинэлэг байдлаар гаргахыг хичээсэн учраас үзэгчид маань театрт ирж сонирхвол илүү тодорхой ойлголт авах байх.
О.Хонгорзул: -Хувь хүний зан чанарын хувьд Цэцгээ надаас тэс өөр. Харин ижил төстэй тал гэвэл бид хоёулаа аав, ээжийнхээ эрх охин юм уу даа. Амьдралд хандах хандлага, гаргаж буй үйлдлүүд нь минийхээс эрс ялгаатай. Гэхдээ энэхүү ялгаатай байдал нь дүр дээрээ ажиллахад илүү урам зориг өгч, өөрийгөө өөр өнцгөөс нээж харуулах боломж олгосон. Ер нь энэ бүтээл сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд. Жүжигт аавынх нь амьд болон нас барсны дараах хоёр үзэгдэл залгаж ордог юм. Хэн байгаад хэн болов гэдэг шиг эрс ялгаатай, амьдралын хатуу үнэн яг тэр хэсэгт тод томруун харагддаг. Элэг бүтэн, эцгийнхээ дэргэд юугаар ч дуталгүй өссөн охин алтны дэргэд гууль шарлана гэгчээр ханиа буруу сонгож, аавынхаа үгийг үл тоон зөрүүдэлсээр эцэст нь бүхнийг ухаардаг. Харамсалтай нь, тэр мөчид аав нь хэдийн тэнгэрт хальсан байдаг.
Жүжигчин хүний хувьд дүр хоорондын шилжилт маш чухал. Тухайлбал, аавыгаа асрамжийн газар луу явуулчхаад эргэж ирдэг хэсэг бий. Амьдралд нь саад тулгарч, мөнгөний хэрэг гарсан үедээ хамгийн их тусалж тулах хүн нь аав нь гэдгийг мэддэг учраас тэрбээр эцгийгээ зорин ирж буй юм. Гэтэл орон байрыг нь хүртэл алдаж, аавыгаа тийм байдалд үлдээснээс болж төд удалгүй нас бардаг. Үүний араас оршуулгын хэсэг ордог. Уран бүтээлч хүний хувьд дүрийнхээ тэрхүү шугамыг алдалгүй барьж явах нь амаргүй. Өмнөх үзэгдэл дээр нь аавыгаа үүрд дэргэд байх мэтээр хэлэх, хэлэхгүй үгээр гомдоочхоод, дараагийн мөчид харууслын хэсэгт шилжихэд сэтгэл зүйн хувьд маш хүнд байдаг. Сэтгэл зүйгээ бэлтгэх гээд хөшигний ард зогсох мөчид маш их сандарч, зүрх дэлсдэг. Яаж тайвшрах аргаа нэг л олдоггүй гэх юм уу даа. Аавыгаа энэ хорвоод байхгүй болсноор төсөөлж тайзнаа гарна гэдэг үнэхээр амаргүй. Алчуураа зүүгээд, дараагийн үзэгдэлд бэлтгэн толинд харж байхдаа ч сэтгэлээ нэг л цэгцэлж чаддаггүй. Аавыгаа байхгүй болсноор төсөөлөх үнэхээр хүнд мэдрэмж. Өөрөө түүндээ бүрэн итгэж, үзэгчдэд үнэмшүүлнэ гэдэг амаргүй. Үзэгдэл дууссаны дараа ч гар салгалаад, мөддөө тайвширч чаддаггүй. Хамтран тоглогч, гол дүрийн жүжигчин, найз Эрдэнэболд минь үүнийг анзаараад “Аль болох тайван байгаарай” гэж намайг тайтгаруулдаг юм.
-Цэцгээгийн дүрийг бүтээхэд тулгарсан хамгийн том сорилт юу байв?
Т.Анхзул: -Шинэ дүр бүтээх явцад сурч мэдэх зүйл асар их байлаа. Өмнө нь бэлэн болсон дүрд ажилладаг байсан бол энэ удаад харьцангуй хүнд сорилттой нүүр тулсан. Үзэгчид сонгодог бүтээлүүдийн үйл явдлыг кино, номоос нь хэдийн мэддэг учраас ажиллахад дөхөм байдаг. Харин “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг өнөөгийн нийгмийн өнгө төрхөд нийцүүлэн, орчин үе рүү “татах” шаардлага тулгарсан. Театрын зохиолч Я.Баяраа залуу жүжигчидтэй хамтран олон шинэ үзэгдлийг нэмж оруулсан юм. Уг зохиолыг нэлээд олон жилийн өмнө залуучуудад зориулан бичсэн. Харин одоо цаг үе өөрчлөгдсөн тул орчин цагийн залууст яаж хүргэх боломжийг эрэлхийлж, дахин шинэчилсэн гэж ойлгож болно. Ийнхүү зохиолч маань өнөөгийн залуу үеийнхний амьдралд илүү ойр байдлаар зохиолоо баяжуулж өгсөн юм.
Тухайлбал, залуучуудын дунд газар аваад буй мөрийтэй тоглоом, тэр дундаа “Bet”-ийн хор уршгийг бид эл бүтээлээрээ хөндсөн. Энэ мэтчилэн өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг жүжигтээ тусгахын тулд зохиолчтойгоо хамтран ажиллалаа. Дүрүүдийн хувьд ч эх зохиол дээрх Цэцгээг орчин цагт нийцүүлэн, огт өөр өнцгөөс шинээр бүтээснээрээ онцлог. Үүнд найруулагч болон жүжигчдээс асар их хичээл зүтгэл, ажиллагаа шаардагдсан. Миний хувьд зохиолоо анх гардаж аваад сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй маш их уйлсан. Шинэ дүр “босгох” гэдэг ямар том даваа болохыг мэдэрч, шантрах үе бишгүй тохиолдсон. Ер нь яах учраа олохгүй шатаж, бас шантарч ажилласан.
О.Хонгорзул: -Миний хувьд дотоод сэтгэлийн зөрчил хамгийн том даваа байлаа. Уг нь Цэцгээ аавдаа төдийгүй авааль нөхөртөө чин сэтгэлээсээ хайртай эмэгтэй. Тэр хоёрын дунд гүүр болох учиртай ч эцэг нь охиноо бодсондоо ухааруулах гэж хичээх тусам Цэцгээ ханиа илүүд үзэж, түүндээ бүрэн автдаг. Өөрөөр хэлбэл, эцгийнхээ хайр халамжийг үл тоон, хамаг анхаарлаа нөхөртөө зориулдаг. Ийм ээдрээтэй байдлаас хэрхэн гарах вэ гэж өөртэйгөө маш их тэмцэлддэг дүр гэж хардаг юм. Аавыгаа үгүй болсны дараа хэлсэн хатуу үг бүрийнхээ төлөө харуусан харамсаж, “Яах гэж би ингэж хэлэв дээ” хэмээн шаналж буй хэсэг хамгийн хүнд санагддаг.
Ерөөс Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн бүтээлийн үг бүр нь асар их үнэ цэн, гүн гүнзгий утга агуулгыг тээдэг. Тиймдээ ч дүр дээрээ ажиллах тусам шинэ зүйлд суралцсаар байна.
-Хайрын олон өнгийг та бүхэн хэрхэн тодорхойлох бол?
О.Хонгорзул: -Энэ олон хайрын дундаас магад хамгийн нандин нь ижий, аавынх байх. Тэд байхгүй бол бид энэ хорвоод оршин тогтнохгүй. Ёстой л дэргэд байхад нь хайрлах хэрэгтэй. Өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ талархахгүй байхын аргагүй. Ачийг нь яаж хариулна даа л гэж боддог. Ижий, аавын араас эмээ, өвөөгийн, амраг хос, анд нөхдийн хайр гээд л үргэлж намайг дэмжиж урам хайрладаг олон сайхан найзуудтай. Мөн нэг зорилгын төлөө өдөр бүр хичээж ажилладаг “улаан байшин”-гийн маань нэг эд, эс болсон уран бүтээлчид, ах, эгч нар, арын албаныхан гээд энэ сайхан хүмүүсээр өдөр бүр хайрлуулж байгаадаа талархдаг даа. Тиймээс солонгын долоон өнгө шиг ийм олон хайрыг мэдэрч байгаа нь хүн болсны хамгийн гоё мэдрэмж юм болов уу.
-Та хоёр “Ромео, Жулетта”, “Анна Каренина” зэрэг сонгодог бүтээлд тоглосон залуу уран бүтээлчид. Цаашид бүтээхийг хүсдэг дүр бий юү?
Т.Анхзул: -Залуу уран бүтээлчийн хувьд ямар ч дүр оногдсон бүхий л чадлаа дайчлан ажиллах нь бидний үүрэг. Учир нь бидэнд сурч мэдэх зүйл асар их байна. Шинэ дүр бүр өөрийн гэсэн өвөрмөц сургууль болдог. Тиймээс зөвхөн ийм л дүрд тоглоно гэж туйлширдаггүй, харин өгөгдсөн ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх нь чухал. Би өөрөө зөөлөн төрхтэй учраас өөрийгөө “эвдсэн” дүр бүтээх дуртай. Хэрэв мөрөөдлийн дүрээ нэрлэвэл сэтгэцийн өөрчлөлттэй, эсвэл эсрэг дүрд хүч сорьж үзэх хүсэлтэй.
О.Хонгорзул: -Уран бүтээлч хүн тайзан дээр ороод гардаг, магадгүй текстгүй ч үзэгчдэд “хөөх” гэж үлдэх дүр байсан ч хамаагүй өөрийн нөөц боломж, ур чадвараа ашиглаж чадвал гол нь байна уу, туслах байна уу хамаагүй. Хамгийн гол нь тухайн жүжгийнхээ чамин шигтгээ нь байвал гоё шүү дээ. Миний хувьд янз бүрийн л дүрд ажиллаж, өөрийгөө сорихыг хүсдэг. Эсрэг, эсвэл нэлээд ур чадвар шаардсан адал явдалт дүрд ажиллахыг хүсэж байна. Нуулгүй хэлэхэд би кикбоксоор хичээллэхийг хүсдэг. Тулаант кино, эсвэл түүхэн сэдэвтэй дүрд ажиллавал сонирхолтой байх болов уу. Мөн хайр гэдэг мөнхийн сэдэв учраас энэ төрлийн уран бүтээлээс хэзээ ч уйдахгүй байх.
-Багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байв уу?
Т.Анхзул: -Би багадаа их ичимхий хүүхэд байсан. Гэхдээ уран зохиолд “хорхойтой” гэх юм уу. Тиймдээ ч зохиолч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн драмын ангид элссэн юм. Дараа нь СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхад манай ангийн багш, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар “Ромео, Жулетта” жүжгийн Жулеттад тоглох жүжигчнийг хайж байгаа, чи шалгалт өгөөд үз гэсэн. Ингэж л сонгон шалгаруулалтад тэнцсэнээр анх удаа үзэгчдийн өмнө гарсан. Анхны гараагаа ийм том тайзнаас эхэлсэндээ их баярладаг. Үүний дараачаас л “Аан би жүжигчин байж болох ч юм уу” гэсэн жижигхэн оч төрсөн.
О.Хонгорзул: -Манайх Эрдэнэтийн айл. Би багаасаа л урлагт элэгтэй хүүхэд байлаа. Хөгжим, бүжгийн дугуйланд явахын зэрэгцээ гуравдугаар ангиасаа хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж эхэлсэн юм. Ээж минь нэвтрүүлгийн дундуур явах дууны үгийг хүртэл бичиж өгдөг байв. Тэр үеэс л сэтгүүлч болох уу, эсвэл урлагийн хүн болох уу гэж бодсон. Ингэж явсаар есдүгээр ангидаа мэргэжлийн уран бүтээлч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Хотод өвөөгийндөө ирэх болгондоо хүүхдийн жүжиг үзэхээр “улаан байшин”-гийнхаа дэргэдүүр их холхино.
Би ер нь их мөрөөдөмтгий, аливааг ургуулан бодох дуртай хүүхэд байсан. Үүнийгээ ч зөв гэж боддог. Өөрийгөө үргэлж тайзан дээр байгаагаар төсөөлнө. Гэтэл тэр мөрөөдөл минь яг одоо биеллээ олчихсон юм шиг санагддаг. Би энэ дүрийн оронд байсан бол яах бол гэж үргэлж бодно. Бүр тэр нь төсөөлөлд буудаг. Харин одоо тэр мөрөөдөл минь биелчихсэн учраас би өөрийгөө зөв замдаа, зөв цаг мөчдөө амьдарч байгаа юм байна. Мөн маш хувьтай, азтай хүн гэж боддог.
-Жүжигчин О.Хонгорзулыг хөгжмийн сургуулийн захирал гэж сонссон юм байна.
О.Хонгорзул: -Би СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа маш зоригтойгоор “Лора” хөгжмийн сургуулиа 2017 онд үүсгэн байгуулсан. Тухайн үед туршлагагүй ч их зоригтой байж. Аав, ээж минь “Алдсан ч, оносон ч миний охины амьдрал” гээд дэмжсэн нь маш том түшиг болсон. Манай сургууль 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа.
-Энэ их ачааллын дундуур эмэгтэй хүн өөрийгөө хэрхэн авч явах ёстой юм бэ?
О.Хонгорзул: -Хүн ер нь урмаар тэтгэгддэг юм шиг. Тиймээс ялангуяа эмэгтэйчүүд бид нэгэндээ үргэлж гоё сайхныг нь сануулж, нандин үгсийг харамгүй хэлдэг байгаасай. Би ер нь их сонсдог хүн юм билээ. Гэтэл хүн дотроо бугшсан зүйлээ гаргаж, бусадтай ярилцах хэрэгтэй. Ядаж л гоо сайхандаа анхаарч, дэлгүүр ороход л эмэгтэй хүний сэтгэл сэргэдэг шүү дээ. Бид чинь амархан баярлаж, амархан гомддог улс.
Т.Анхзул: -Урлагийн эмэгтэйчүүд үргэлж гоё сайхан байх хэрэгтэй гэдэг. Тиймээс бид гаднаас нь үргэлж тордож хичээдэг. Заримдаа цаг наргүй, нойргүй ажиллах үе гардаг ч аль болох эрүүл хооллож, ус сайн уухыг хичээдэг дээ.
Э.Сүйлэн