Урлаг, спорт заалгүй улс, хувийн сургуулиуд олширсон таагүй мэдээтэй. Боловсролын яамныхны өгсөн мэдээллээр 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын 900 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тэдгээрийн 137 нь буюу зургаан сургууль тутмын нэг нь өөрийн гэсэн спорт заалгүй байгаа нь анхаарал татах ноцтой үзүүлэлт юм. Үүний 65 нь төрийн өмчийнх, 72 нь хувийн сургууль аж. Энэ нь энгийн нэг статистик мэт харагдавч цаанаа боловсролын бодлого, сургалтын стандарт, чанар, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилтэй салшгүй холбоотой чухал асуудал билээ.
Сургууль гэдэг зөвхөн анги танхим, ширээ, сандал, самбар, үзүүлэнгээр хязгаарлагддаггүйг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, сургууль хүүхдийн бие, оюун, нийгмийн хөгжлийг бүхэлд нь дэмжих хамгийн тухтай орчин байх ёстой. Тэр ч утгаараа урлаг, спорт заал боловсролын байгууллагуудын үндсэн дэд бүтцийнх нь нэг байдаг. Гэтэл Монголд өдгөө ерөнхий боловсролын хэдэн арван сургууль спорт заалгүй хичээллэж буй нь салбарын бодлого, төлөвлөлт ямар хангалтгүй түвшинд “хөгжиж” ирснийг илтгэнэ.
ХУВИЙН ХОЁР СУРГУУЛЬ ТУТМЫН НЭГ НЬ СПОРТ ЗААЛГҮЙ
Төрийн өмчийнх дотор их сургуулийн дэргэдэх ахлах таван сургууль ч багтаж. Тухайлбал, МУИС, ШУТИС-ийн харьяа өндөр төлбөртэй ахлах сургуулиуд өөрийн гэсэн спорт заалгүй. Их сургуулийнхаа заалыг “царайчилж”, биеийн тамирын хичээлээ ордог гэнэ. Энэ нь анхнаасаа бие даасан сургуулийн шаардлагад нийцсэн дэд бүтэцгүйгээр байгуулагдсан гэсэн үг. Улмаар сургалтын орчны наад захын стандарт хангаагүй байхад нь Боловсролын яамнаас тусгай зөвшөөрөл олгосон болж таарч байна.
Үүнээс илүү анхаарал татаж буй нь хувийн сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал юм. Ерөнхий боловсролын нийт 900 сургуулийн 183 нь хувийнх. Эдгээрийн 72 нь урлаг, спорт заалгүй гэхээр хэтэрхий “даварсан” үзүүлэлт биш гэж үү. Бараг хувийн хоёр сургууль тутмын нэг нь спорт заалгүй байна гэсэн үг шүү дээ. Эцэг, эхчүүдэд чанартай боловсрол амлаж, олон улсын стандартаар сургана, хүүхдийн бие махбодын хөгжлийг цогцоор нь дэмжинэ гэх мөртлөө ачир дээрээ ийм дампуурсан байх аж. Сургалтын төлбөрөө жил бүр нэмж, хэл ам хийсэн болгоных нь хүүхдийг шууд хөөчихдөг “хүн чанаргүй” сургуулиуд энэ мэт олширсон нь даанч харамсалтай. Хувийн сургуулиудын сургалтын жилийн төлбөр эдүгээ хамгийн багадаа л 8.5-аас эхэлж, хэдэн арван сая төгрөгөөр хэмжигдэх болсон. Улсынхыг байг гэхэд ийм өндөр төлбөртэй хувийн сургуулиуд урлаг, спорт заалгүй байна гэдэг ёстой л нөгөө нарийндаа хатсан ч бол доо. Хүүхдүүд эндээс бие бялдрын хөгжил болон гоо зүйн төлөвшил, хүмүүжил олж авдаг. Боловсролын үйлчилгээний хамгийн суурь шаардлагыг хангаагүй эдгээр сургуулиа хэрхэх вэ, салбарын сайд аа.
ХҮҮХДҮҮД ӨДӨРТ ДОР ХАЯЖ 60 МИНУТЫН ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ЁСТОЙ
Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт биеийн тамирын хичээлийг заавал оруулахаар тусгасан байдаг. Хүүхэд зөвхөн ном уншиж, тест бөглөн, шалгалт өгснөөр хөгждөггүй. Өмнө дурдсанчлан биеийн хөдөлгөөн, спорт тоглоом, тэмцээн уралдаан, дасгал нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжихээс гадна сахилга бат, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлж, сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ч чухал нөлөө үзүүлдгийг эмч, судлаачид байнга хэлсээр ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр 5-17 насны хүүхдүүд өдөрт дор хаяж 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх ёстой гэж үздэг. Тэгвэл спорт заалгүй сургуулиуд хүүхдүүдийн энэхүү хэрэгцээ, шаардлагыг огтхон ч хангахгүй байгаа юм.
Биеийн тамирын заалгүй сургуулиуд эл хичээлийг хонгилд, эсвэл зоорийн давхартаа, дулааны улиралд бол гадаа талбайд, хүйтрэхээр түрээсийн зааланд ордог гэнэ. Гэвч байнга түрээсийн заал ашиглах боломж нөөц сургуулиудад харилцан адилгүй тул өвөл биеийн тамирын хичээл үндсэндээ орхигддог байна. Тэгээд ч түрээсийн заал нь цагийн сонголт, зай талбай, аюулгүй байдлын хувьд ч асуудал ихээхэн дагуулдаг. Энэ бүхнээс улбаалаад тамирын хичээл чанар муутайн дээр байнга “цонхлох” шалтгаан болдог аж.
Хамгийн хачирхалтай нь, анхнаасаа яагаад спорт заалгүй сургуулиуд барьж, ашиглалтад хүлээн авсан бэ гэдэг асуулт урган гарна. Сургууль барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоход тогтсон стандарт, тодорхой шаардлага гэж бий. Сургалтын байр, лаборатори, номын сан, урлаг, спорт заал, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай байх зэрэг наад захын шалгуурыг хангаж байж үйл ажиллагаа эрхлэх ёстой. Гэтэл спорт заалгүй сургууль ийм олноор нь “үйлдвэрлэсэн” байхад өдий болтол хэнд ч хариуцлага тооцоогүй нь сонин. Уг асуудлыг авч хэлэлцэх эрх мэдэлтэн ч алга. Сургуулиудыг тамирын заалтай байх стандартыг хэзээ хангуулах нь ч тодорхойгүй байна.
Олон улсын жишгийг харсан ч спорт заал нь сургуулийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг. АНУ, Канад, Япон, Финланд зэрэг боловсролын тогтолцоо, чанар, чансаагаараа дэлхийд өндөр түвшинд үнэлэгддэг улс оронд сургууль барихдаа л хамгийн түрүүнд дотроо, гаднаа ч урлаг, спорт заал, талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжийг шийддэг. Спорт заалгүй сургууль барих тухай ойлголт манайхаас өөр улсад бараг алга. Тусгай зөвшөөрөл ч олгодоггүй. Финландын ерөнхий боловсролын сургуулиуд биеийн тамирын хичээлийг хүүхдийн өсөлт хөгжлийн хамгийн гол элемент гэж үздэг нь олон зориулалт бүхий спорт заалнаас нь харагддаг. Тамирын хичээл нь зөвхөн дасгал хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй, бусад дугуйлан, клуб, орон нутгийн спорт, урлагийн арга хэмжээгээр үргэлжилнэ. Японд ч мөн адил сургууль бүр гимнастикийн танхим, спортын төрөл бүрийн талбайтай байх ёстой гэсэн барилгын норм, норматив мөрддөг.

ЗАРИМД НЬ ГАДАА ТОГЛОХ ТАЛБАЙ Ч АЛГА
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шиг спортын олон танхим, талбай байгуулаад өг гэсэнгүй. Ядаж ганц спорт заалтай болгохгүй бол дээрх 100 гаруй сургуулийн өчнөөн мянган хүүхэд давжаарах нь байна. Өсөлт хөгжил нь зогсох нь, та минь ээ. Бид сургалтын чанар, хүүхдүүдийн сурлагын амжилт, үнэлгээг л яриад байхаас орчин нөхцөл, дэд бүтцийн асуудлыг ийн орхигдуулжээ. Боловсролын тэгш бус байдал ч тамирын заалтай, заалгүй сургуулиудад газар авч, хүүхдийн ижил гараанаас хөгжих боломж хулгайлагдаж байна шүү дээ.
Тэр дундаа борооны дараах мөөг шиг олширсон хувийн сургуулиуд урлаг, спорт заалгүй байгаа нь илүү ёс зүйн зөрчил дагуулж буй юм. Мөнгөтэй бүхэн хувийн сургууль байгуулж, худалч хүнд байрны булан тохой бүрд нээгдэж байна. Эдний дунд өөрийн гэсэн байргүй, талбай түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг нь ч цөөнгүй. Тийнхүү аргацааж байгаад хүүхдүүдийн сургалтын төлбөрөөр байр савтай болдог жишиг хавтгайрсан. Иймэрхүү зальжин сургуулиудаас сургалтын чанар, орчин нэхээд ч илүүц биз. Хамгийн гол нь эцэг, эхчүүд илүүдээ гарсандаа бус, идэж уух, өмсөж зүүхээ хасан байж хүүхдээ илүү сайн орчинд чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд л хувийн сургуульд өндөр төлбөр төлдөг. Гэтэл заримд нь спорт заал битгий хэл, гадаа тоглох талбай ч алга. Зүгээр л эцэг, эхчүүдийн хүсэл, эрэлтэд дөрөөлж, бизнес хийж байгаа нь дэндүү увайгүй үйлдэл. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ нэгэнт л хувийн сургуульд сургахаар шийдсэн бол анхнаасаа сайтар судалж, орчин нөхцөлийг нь харгалзаж, сонголтоо зөв хийх нь чухал юм.
Угтаа бол Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд бүр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гээд заачихсан байдаг. Даанч манайд эдгээр нь хэрэгжилгүй өдий хүрэв. Ялангуяа сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролыг бизнесийн үйлчилгээ болгон хувиргаснаас болж улс, хувийнх гэлтгүй сургуулиудын сургалтын стандарт, орчин алдагдан, хөл, толгой нь олдохоо байсан. Боловсрол зах зээлийн бүтээгдэхүүн ч биш. Хүүхдийн ирээдүй, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих үйлчилгээ учраас төрийн хяналт, зохицуулалтыг хамгийн сайнаар, хатуу чанга хэрэгжүүлэх учиртай билээ.
Үндсэндээ спорт заалгүй сургуулиуд олноор байгуулагдсан нь дан ганц барилгын гажуудал биш, боловсролын нэгдсэн бодлого, хяналт, зөвшөөрлийн тогтолцооны хийдэл, хариуцлагагүй, харалган төрийн үнэн төрх юм. Тиймээс цаашид сургууль, цэцэрлэг шинээр барихдаа урлаг, спорт заал, талбайг заавал байгуулах, одоо үйл ажиллагаа явуулж буйд нь дэд бүтцээ бүрдүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгөх, үгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл тун удахгүй умгар байранд, түрээсийн талбайн “бөөр”-нд наалдсан болгон сургуулийн нэр зүүх нь. Хүүхдүүд гүйж харайх орон зайгүй л бол тэр сургууль байж яавч таарахгүй шүү дээ.