Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагаа, хууль эрх зүйн шинэчлэл болон төрийн албан хаагчдын хариуцлагын талаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн, доктор, профессор Я.Цэлмэнтэй ярилцсанаа хүргэе.
-Манай улсад эрүү шүүлт, хүнлэг бус харилцаа ихэвчлэн ямар орчин нөхцөлд үйлдэгдэж байна вэ?
-Өмнө нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах явцад эрүү шүүлт тулгах тохиолдол түгээмэл байсан гэж үздэг. 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ энэ төрлийн гэмт хэргийг “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ын тодорхойлолттой нийцүүлсэн. Ингэснээр зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гэсэн дөрвөн субъект байсныг өргөтгөж, төрийн бүх албан хаагч үйлдэж болох гэмт хэрэг хэмээн өргөн утгаар нь томьёолсон юм. Одоогоор манай улсад хүний эрхийг ямар нэг байдлаар хязгаарласан 843 газар бий. Эдгээр газарт жилд давхардсан тоогоор 150 мянга орчим хүн тодорхой хугацаагаар байрладаг. Хорих анги, саатуулах болон цэргийн сахилгын байр, асрамжийн газар, сэтгэцийн эмнэлэг зэрэгт хүний эрх хуулийн хүрээнд хязгаарлагддаг тул тэнд байгаа иргэд эрүү шүүлт, хүнлэг бус харилцааны хохирогч болох эрсдэлтэй байнга нүүр тулдаг. Ер нь хаана ч ийм аюул тулгарч болзошгүй. Ялангуяа хууль, эрх зүйгээ бүрэн ухамсарлаагүй төрийн албан хаагчид олноор ажилладаг байгууллагад ийм эрсдэл байсаар байна. Өмнө нь зөвхөн хаалттай бүсэд л ийм зөрчил гардаг байсан бол одоо удирдлагын хуучинсаг арга барилтай газруудад ч хүний эрх зөрчигдөж буй. Мөн мөрдөн шалгах явцад эрүү шүүлтэд өртсөн тухай гомдол их ирдэг. Бидний цаашдын зорилго бол эрүү шүүлтгүй Монголыг бүтээх. Бидэнд хуулиар хүлээсэн том үүрэг бий. Энэ нь бусад албан тушаалтан нэвтрэх боломжгүй, төрийн хуулиар хүний эрхийг хязгаарладаг хаалттай бүсэд нэвтэрч, хяналт тавих юм. Өмнө нь иргэд бидэнд итгэдэггүй, айдастай байсан бол одоо хорих анги, асрамжийн газар, дотуур байраар явахад уулзах хүсэлтэй хүн олширсон. Тухайлбал, энэ жил 100 орчим иргэн биечлэн уулзах санал ирүүллээ.
-Эрүү шүүлттэй холбоотой гомдол, мэдээллийн тоо болон зөрчлийн хэлбэрт сүүлийн жилүүдэд ямар өөрчлөлт гарав. Энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна уу, эсвэл буурч байна уу?
-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 2022-2025 онд эрхээ хязгаарлуулсан иргэдээс нийт 230 өргөдөл, гомдол ирүүлсэн. Үүнээс 2025 онд 61-ийг нь бүртгэж авлаа. Эдгээр гомдлын дийлэнхийг хорих ангиудад ял эдэлж буй, цагдан хоригдож байгаа хүмүүс, мөн тэдний гэр бүл, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн мэдээлэл эзэлж байна. Гомдлын тоо цөөрсөн мэт харагдаж болох ч үүнийг энэ төрлийн гэмт хэрэг буурсан гэж шууд дүгнэх боломжгүй. Учир нь эрх чөлөө нь хязгаарлагдсан орчноос гомдол мэдээлэл гаргах сувгийн хүртээмж, аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг.
-Манай улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагаа бодит байдалд хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?
-НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос манай улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байдаг. Манайх байгуулагдаад удаагүй ч стратегиа тодорхойлж, богино хугацаанд чадавхжиж чадсан төдийгүй Ази-Номхон далайн бүс нутагтаа ахиц дэвшил гаргасныг онцолсон. Бид дээр дурдсан хаалттай, алслагдсан объектуудад ямар ч үед саадгүй нэвтэрч, эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсийн эрх тэнд хэрхэн зөрчигдөж, эсвэл хангагдаж буйд хяналт тавих зэргээр бүрэн эрхээ бодитой хэрэгжүүлэхийг зорьдог. Энэхүү механизм нь эрүү шүүлтийн дараа шалгах бус, харин тийм нөхцөл бүрдэхээс өмнө эрсдэлийг илрүүлэх, тогтмол хянах, соён гэгээрүүлэх болон нөлөөллийн ажил зохион байгуулахад чиглэж байна. Үүний зэрэгцээ тогтолцооны хувьд өөрчлөх шаардлагатай асуудлыг илрүүлж, засаж сайжруулах чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулж ажиллалаа. Хэдийгээр эрүү шүүлт, хүнлэг бус харилцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа ч нөхцөл байдал газар бүрд ижил биш байна. Тиймээс төрөөс тогтолцоогоо сайжруулахад чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэх шаардлагатай. Тэр дундаа Засгийн газрын түвшинд шийдвэрлэх асуудал олон бий. ХЭҮКын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааны төсөв нь чиг үүргээ бүрэн, тасралтгүй, үр нөлөөтэй, хараат бусаар эрхлэн явуулахад хүрэлцэхүйц байна” гэж хуульчилсан. Гэвч бодит байдалд төсвөөс жил тутам танаж, санхүүгийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж буйд харамсалтай байна.
-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн хяналтын камертай, ил тод бүсэд иргэнийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй нөхцөл үүссэн нь энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал байхаа больж, ил цагаандаа гарсны илрэл үү?
-Энэ бол хяналтын камерыг сайжруулах талаар прокурор, цагдаагийн байгууллага, Сангийн яам, ХЗДХЯ зэрэг олон байгууллага хамтарч ажилласны үр дүнд бидний зөвлөмж биеллээ олж буй хэлбэр юм. Цагдаагийн бүх газар, хэлтсийг төв нэгжээсээ хянах боломжтой камеруудаар тоноглосон. Мөн тээврийн хэрэгслээс гадна албан үүргээ гүйцэтгэж буй цагдаа нар бүгд энгэрийн камертай боллоо. Дуудлагын автомашин аль ч аймагт явсан, тэнд болж буй үйл явцыг төвөөсөө шууд харах боломжийг бүрдүүлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өөр нэгэн гомдлыг шалгах явцдаа үүнийг илрүүлж, манайд болон Цагдаагийн байгууллагад мэдээлсэн юм. Манай ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хяналт тавьж, ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтаар ч үүнийг тогтоосон. Зөвхөн цагдаа гэлтгүй аль ч байгууллагад албан хаагч гэмт хэрэгт өртөх, эсвэл үйлдэх тохиолдол гардаг. Албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр өдөр, шөнөгүй цацагдаж байна. Тиймээс ганцхан хүнээс болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж буй нийт бие бүрэлдэхүүнийг буруутгах нь өрөөсгөл. Иргэд цагдаагийн байгууллагад итгэх итгэлээ алдах ёсгүй. Мөн энэ хэрэг эрүү шүүлт ямар хор уршигтайг бидэнд харууллаа. Төрийн бүх албан хаагч эрүүдэн шүүх гэмт хэргийн субъект болж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Би хэрэг мөрддөг хүн биш хэмээн өөрийгөө хамааралгүй гэж боддог хэвшмэл ойлголт одоо ч байсаар. Гэтэл бусдад ямар нэг байдлаар хэрэг хүлээлгэх, бие махбодод нь халдах, доод албан тушаалтандаа мэдүүлэг ав гэж хүчлэх, хэрэг үйлдээгүй хүнийг үйлдсэн мэтээр харагдуулах, үүнийг мэдсээр байж зогсоогоогүй бол бүгд л эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хамтран оролцогч, хамжигч болно. Үүнийг “Хагархай цонхны онол”-оор тайлбарлаж болно. Нэг бүтэн байшин байлаа гэж бодъё. Тухайн байшингийн цонх бүтэн байхад хэн ч хагалдаггүй. Харин хэн нэгэн ирээд нэг цонхыг нь хагалчихаар хажуугаар нь өнгөрсөн хүмүүс чулуу шидсээр үлдсэн бүх цонхыг хагалж дуусдаг. Хүний эрх ч үүнтэй адил. Хүний эрх хэмээх “цонх”-ыг хэн ч хагалж болохгүй. Гэтэл хэн нэгэн этгээд дураараа авирлаж буй нь бидний босгосон хүний эрхийн байшингийн цонхнуудыг дараагийн хүмүүс хагалах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс бид үүнээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох арга хэмжээ авдаг. Бусдад сануулга болгох үүднээс хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэж, түүнийг нь олон нийтэд мэдээлэх шаардлагатай. Төрийн албан хаагчид ч ямар нэг хариуцлагаас мултрах боломжгүйг ухамсарлах ёстой. Нүднээс далдуур хүний эрхийг зөрчиж болдог үе нэгэнт өнгөрсөн. Хүний эрх бол олон улсын гэрээ, Монгол Улсын хуулиар хамгаалагдсан хамгийн чухал үнэт зүйл. Тиймээс цаашид хууль сахиулах болон төрийн байгууллагууд иргэдтэй харилцахдаа эрх, эрх чөлөөнд нь халдахгүй, эрүү шүүлтээс ангид ажиллах ёстой.
-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа (ЭШУСҮА)-наас 2025 онд 32 газарт хяналт тавьж, 16 зөвлөмж хүргүүлсэн ч Сонгинохайрхан дүүрэгт ийм хэрэг гарлаа. Тэгэхээр төрийн байгууллагууд зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна гэж ойлгож болох уу?
-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүний зөвлөмжийг ЦЕГ-ын дарга болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргад тус тус хүргүүлсэн. Хуулийн дагуу зөвлөмжийн хариуг 30 хоногт багтаан ирүүлэх ёстой. Бид 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, зөвлөмж өгч ирсэн. Анхны зөвлөмжөө ч цагдаагийн байгууллагад хүргүүлж байсан. Тухайн үед зөвлөмжүүдийн биелэлт 72 хувьтай байсан бол энэ жил 85 хувьд хүрлээ. Төрийн байгууллагуудын зөвлөмжийг биелүүлэх эрмэлзэл сайжирсан гэж хэлж болно. Хариу ирүүлээгүй нэг ч газар байхгүй. Харин шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн албан хаагчдад хариуцлага тооцох үүрэгтэй. Жишээлбэл, Увс болон БаянӨлгий аймгийн Цагдаагийн газрын даргыг албан тушаал бууруулах саналыг удирдлагуудад нь хүргүүлсэн. Бид зөвхөн цэрэг, цагдаагийн гэлтгүй ХЗДХЯ, ГБХНХЯ болон боловсролын тогтолцоон дахь хүний эрхийг хамгаалах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Одоо үүсээд буй нөхцөл байдал бол зөвлөмж биелж буйн л илрэл. Учир нь бид энэ төрлийн гэмт хэргийг нуун дарагдуулахгүй, ил болгох зөвлөмжийг төрийн бүх байгууллагад өгсөн. Мөн хяналтын камерыг олшруулж, бичлэгийг хадгалдаг болох шаардлага тавьсан. Түүнчлэн хэнийг ч, ямар ч нөхцөлд эрүүдэн шүүхгүй гэх “Улаанбаатарын тунхаг”-ыг өнгөрсөн онд баталж, төрийн бүх байгууллага үүнд нэгдсэн. Үүний гол зорилго нь эрүү шүүлтийн хор аюулыг нийтэд мэдээлэх, дахин давтахгүйн тулд хамтын хүчээр тэмцэх, ямар ч үед эрүү шүүлттэй эвлэрэхгүй байх юм.
-Тухайн алба хаагчид ямар арга хэмжээ авах бол?
-Цагдаагийн байгууллагаас одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа тухай мэдээлсэн. Хэрэв эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн шинж тогтоогдвол прокуророос харьяаллыг нь тогтоож, хаана шалгахыг шийднэ. Иргэнийг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэхийг оролдсон бол АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгадаг. Өөрөөр хэлбэл, манайд тойрч шалгадаг тогтолцоо үйлчилдэг гэсэн үг. Бид УИХ-д тайлангаа хүргүүлэх бүрдээ тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх талаар санал өгдөг. Үүний дотор эрүү шүүлт тулгах болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөх, хянах хараат бус, бие даасан алба байгуулах санал тавьсны дагуу өнгөрсөн жил УИХ-ын тогтоол гарсан. Одоо Засгийн газар үүнийг ямар хувилбараар шийдвэрлэхийг нь хүлээж байна.
-Иргэд эрүү шүүлттэй холбоотой гомдол гаргахаас эмээх, эсвэл үл итгэх тохиолдол цөөнгүй гардаг байх. Тэгэхээр ЭШУСҮАны зүгээс гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр ямар тодорхой арга хэмжээ авч ажилладаг вэ?
-Манай улсад Гэрч, хохирогчийг хамгаалах тусдаа хууль үйлчилдэг. Харин бидний хувьд эрүү шүүлтэд өртөж хохирсон иргэн, эсвэл энэ талаар гомдол, мэдээлэл гаргасан хувь хүн, байгууллага, албан тушаалтныг хамгаалах олон улсын конвенцын зохицуулалтыг мөрдлөг болгодог. Эрүү шүүлттэй холбоотой мэдээлэл өгсөн иргэнийг мэдээллийн үнэн, худлаас үл хамааран хавчин гадуурхах, эрх ашгийг нь хохироох болон аливаа хэлбэрээр шийтгэхийг хатуу хориглосон байдаг. Эрхээ хязгаарлуулсан иргэд бидэнтэй уулзахаас эмээх, асуудлаа нээлттэй хэлэхээс зайлсхийх хандлага өмнө нь түгээмэл байсан. Харин одоо тэд өөрт тулгарч буй хүндрэл, хүний эрхийн зөрчлийг чөлөөтэй ярьж, өргөдөл, гомдлоо айдасгүй гаргадаг болсон. Мөн зөвхөн энэ онд хяналт шинжилгээний хүрээнд эрх чөлөөгөө хязгаарлуулсан 1739 хүн, 419 хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гадна 38 оюутан, 506 төрийн албан хаагчтай ганцаарчлан уулзаж, ярилцлаа.
-Та бүхэн энэ онд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайдад тусгайлан зөвлөмж хүргүүлсэн юм билээ. Эдгээр зөвлөмжид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ямар гол асуудлуудыг хөндсөн бэ?
-СЭМҮТ-д гарсан хүний эрхийн ноцтой зөрчлийг нэг мөр таслан зогсоох, дахин гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлсэн. Бидэнд зөвлөмжийг хэрхэн биелүүлж байгаа тухай хариу ч ирүүллээ. Үүнээс хамгийн чухал нь бид сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийн газар байгуулах талаар тал талдаа санал нэгдээд байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаар ердийн нөхцөлд хоригдох боломжгүй хүмүүсийг албадан эмчлэх журам, нөхцөлийг шинэчлэх асуудлыг хөндлөө. Түүнчлэн эмнэлгийн удирдлагыг томилохдоо олон улсын жишгээр мэргэжлийн байх шалгуур нэвтрүүлэхийг зөвлөсөн. Үүний дагуу эмнэлэг ТУЗ-тэй болж, удирдлагаа сайдын томилгоогоор бус, ТУЗ-ийн нэгдсэн шийдвэрээр сонгох зарчимд шилжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ч зөвлөмжийн дагуу албадан эмчилгээний тасгийг бүрэн камержуулж, алба хаагчдаа сэтгэл зүйн сорилд оруулан мэргэшүүлж эхэлснээ мэдэгдсэн. Ерөнхий сайдын хувьд гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг тул УИХ-аас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хугацаанд нь биелүүлэхэд анхаарч өгөөч гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Тэрбээр өмнө нь УИХын дарга байхдаа эдгээр тогтоолыг батлалцсан, энэ албыг байгуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн хүн. Түүнийг хүний эрхийн өндөр мэдрэмжтэй, энэ салбарын том зүтгэлтнүүдийн нэг гэж хардаг тул зөвлөмж ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
-Хорих анги, цагдан хорих болон саатуулах байр зэрэг орчинд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар зохицуулалт манайд шаардлагатай байна вэ?
-УИХ-ын 2023 оны 35, 2024 оны 37, 2025 оны 77 дугаар тогтоолд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой хэдэн чухал асуудлыг тусгасан. Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг бие даасан бүлэг болгох шаардлагатай. Энэ төрлийн хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнүүдийг өөр зүйл заалтад бус, нэг дор зөв томьёолж өгөх нь зүйтэй. Учир нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гол зорилго нь хүнээр хэрэг хүлээлгэх, шийтгэх, хэлмэгдүүлэхэд чиглэдэг. Мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох асуудлыг тавьж шийдвэрлэсэн. Учир нь үүнийг төрийн албан хаагч үйлддэг тул онцгой төрлийн гэмт хэрэгт тооцож, хэзээ ч шалгаж, хариуцлага тооцдог байх ёстой. УИХ ч үүнийг дэмжсэн байгаа.
Түүнчлэн дотоодын хууль сахиулах байгууллага, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн ч хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй гэж үзвэл НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд гомдол гаргаж болдог. Гэтэл Монгол Улс “Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенц”-д нэгдэхдээ энэхүү 22 дугаар заалтад нэгдэж ороогүй. Ингэснээр манай улсын иргэн тус хороонд хандах эрхгүй байсан гэсэн үг. Харин одоо энэ заалтыг хүлээн зөвшөөрч, нэгдэх саналыг УИХ-аар шийдүүлсэн. Хэрэв үүнийг албажуулбал манай улсад оршин сууж буй хэн ч байсан олон улсын хэмжээнд эрхээ хамгаалуулах боломжтой. Мөн гомдол гаргах эрх нээгдэж, олон улсын хамгаалалтад орно гэсэн үг.
Үүнээс гадна АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг байгууллагынхан нэгнээ тойрч шалгах нь хамгийн буруу бөгөөд эрсдэлтэй тогтолцоо. НҮБ-ын төрөлжсөн хороод ч олон жилийн өмнөөс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөх бие даасан, хараат бус алба байгуулах зөвлөмжийг манайд удаа дараа ирүүлсэн. Бид үүнийг шийдвэрлэх хүсэлтийг хоёр жил дараалан тавьж, зөвшөөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, өдгөө хууль нь тодорхой, бас хөөн хэлэлцэх хугацаагүй боллоо. Мөн мэргэшсэн, хараат бус мөрдөх албатай болох суурь тавигдлаа. Үндсэндээ тулгын гурван чулуу бүрдлээ гэсэн үг. Ингээд иргэдийнхээ эрхийг хамгаалах явцад хохирогчийг хамгаалах асуудал зүй ёсоор хөндөгдөнө. Тиймээс эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирлыг төр хамгийн түрүүнд барагдуулдаг тогтолцоотой болох ёстой. Төрийн албан хаагч иргэнийг хохироосон бол төр хамгийн түрүүнд хохирлыг нь барагдуулах учиртай.
Хүний амьдрал богино. Бид тодорхой хугацаатай амьдарч байгаа. Харин төр бол мөнхөд орших шинжтэй. Тиймээс иргэн өнөөдөр зодуулж хохирсон бол маргааш эмчлүүлэх нь хамгаас чухал. Тэгэхгүй бол нөхөж баршгүй гарз тохиох, эцэст нь амиа алдах ч аюултай. Үүнээс сэргийлж, хохирогчийн эрхийг юун түрүүнд хамгаалъя гэж байгаа юм. Энэ тогтолцоог бүрдүүлэх, шаардлагатай бол Хохирогчийг хамгаалах тухай бие даасан хуультай болохоор ХЗДХЯ-нд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Нэг зүйлийг хатуухан хэлэхэд, өнөөдөр гэмт хэрэг гарсны дараа мөрдөн шалгадаг, шийтгэдэг, хорьдог байгууллагуудын тогтолцоо сайтар бэхэжжээ. Тэдэнд төсөв мөнгө, хүний нөөц, байр сав, техник хэрэгсэл нь ч хангалттай байна. Гэхдээ тэдгээр байгууллага бүгд хүний эрхийг хамгаалах үндсэн үүрэгтэйгээ үргэлж санах ёстой. Хүний эрхийн байгууллагын хувьд, ялангуяа манайх шиг байгуулагдаад дөрөв дэх жилтэйгээ золгож буй шинэ нэгжид бэрхшээл мундахгүй. Хууль эрх зүйн ойлгомжгүй байдал, төсөв санхүүгийн хүндрэл, техник тоног төхөөрөмжийн дутагдал гээд олон асуудал бий. Гэсэн ч бид үүнийг туулах ёстой сорилт гэж хараад, хэн нэгний дарамт шахалтаас эмээлгүй, нугаралгүйгээр урагшилж байна. Магадгүй бидний хяналт тавьж буй үйл явц хэн нэгэн албан тушаалтны эрх ашгийг хөнддөг байж таарна. Учир нь бид бүх шатны албан тушаалтанд шаардлага хүргүүлж байгаа. Хэрэв зөвлөмжийг биелүүлэхгүй бол албан тушаалаас нь огцруулах, чөлөөлөх, эсвэл зэрэглэл бууруулах гэсэн гурван хэлбэрээр хариуцлага тооцуулах эрх зүйн механизм манайд бий. Үүнийг хэрэгжүүлээд эхлэхээр л “Манай тогтолцоо руу, байгууллага руу дайрлаа” гэж гомдоллодог. Энэ бол хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүс л өөр дээрээ тусгаж аваад, хариу үйлдэл үзүүлж буй хэлбэр юм. Угтаа миний, эсвэл таны эрх гэж тусдаа зүйл ерөөсөө байхгүй, бид бүгд ижил эрхтэй.
У.Цэцэг