Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлт намдаах эмчилгээний арга нэвтрүүлжээ. Тодруулбал, тус эмнэлэг өвдөлт намдаах кабинеттэй болсон бөгөөд MRI оношилгооны аппаратыг ашиглалтад оруулснаар мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг өргөжүүлжээ. Энэ нь нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд ихээхэн нэмэр болж буйг эмч нар онцолсон. Өөрөөр хэлбэл, мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нь рентген хяналт дор хагалгааны ариун орчинд хийгддэг нарийн ажиллавар юм байна. Үүнийг тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Б.Батсайханы удирдлага дор хийж эхлүүлжээ. Нурууны мэдрэлийн TESI тарилга (Transforaminal epidural steroid injection) нь нугалам хоорондын нүх (мэдрэлийн гарах суваг)-ээр дамжуулан үрэвслийн эсрэг кортикостероид эмийг шууд мэдрэлийн ёзоорт тарьж, хавдар ба үрэвслийг бууруулж, өвдөлтийг намдаадаг аж. Үүнийг нурууны дискний ивэрхий, сувгийн нарийсал, суудлын мэдрэлийн өвдөлт, мэдрэлийн ёзоор дарагдлын үед хэрэглэдэг гэнэ. Ингэснээр өвдөлт буурч, хөдөлгөөн сайжран, мэс заслаас зайлсхийх боломжтой болжээ.
Ч.Цэлмэг