Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтан зохион байгуулсан “Медиа Монголиа-2026” хэвлэл мэдээллийн салбарын томоохон фестиваль өчигдөр боллоо. Энэхүү чуулга уулзалтыг “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв” нийтэд үйлчлэх ТББ-аас зохион байгуулсан бөгөөд Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” төвийнхөн хамтран оролцов. Телевиз, сонин, вэбсайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр бүхий төлөөлөл оролцож, салбартаа тулгамдсан асуудлуудыг цогцоор авч үзэж, шийдэл гарц эрэлхийлсэн юм.
“Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо “Сэтгүүл зүй дэх хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр эхний илтгэлээ тавив. Тэрбээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйд зарцуулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт нийгэмд хамгийн багадаа 100 ам.долларын эерэг өгөөж бий болгодгийг эшилсэн. Үүний үр дүнд авлига буурах, татварын зарцуулалт үр ашигтай болох, хууль бус гэрээнүүдийг цуцлах, бодлогын өөрчлөлтийг авчирдаг талаар дурдав. Жишээлбэл, 1979-2010 оны хооронд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн уралдаанд ирүүлсэн 12 000 сурвалжлагын мөрөөр гарсан үр дүнд дүн шинжилгээ хийж, бүтээлүүдэд зарцуулсан зардлыг нийгэмд үзүүлсэн шууд болон шууд бус нөлөөлөлтэй харьцуулсан дүгнэлт хийснийг онцлов.
“Washington post” сонины цагдаагийн буудлагын талаарх цуврал сурвалжилга (1998 он) 200-300 мянган ам.долларын өртгөөр бүтсэн бол үр дүнд нь цагдаагийн галт зэвсэг ашиглахтай холбоотой бодлогын томоохон өөрчлөлт гарч, нийгэмд үзүүлэх үр дүн нь 124 орчим сая ам.долларт хүрсэн. Мөн “The news and Observer” сонин тэнсэн харгалзах ялтай хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэж байгаа асуудлыг ил болгосноор тэдгээр хүнийг хянахтай холбоотой 31 шинэ журам, зохицуулалт батлагджээ. Өөрөөр хэлбэл, 216 500 ам.долларын өртгөөр бүтээсэн нийтлэл нь урт хугацаандаа 62.1 сая ам. долларын өгөөж өгсөн гэж үздэг. Нэг сэтгүүлч ч нийгэмд өөрчлөлт авчирч чадна. Пулитцерийн шагналт сэтгүүлч Пат Стит 1996-2008 онд 300 гаруй эрэн сурвалжлах бүтээл туурвиснаас 149 нь нийгэмд томоохон өөрчлөлт авчирсан юм. Эдгээр сурвалжлагын нийгмийн үр дүнгээс тухайн нийтлэлийг уншаагүй, дэмжээгүй хүмүүс ч үр шим хүртэж байдаг. Нэг үгээр хэлэхэд, зах зээл хүртэж байгаа өгөөжтэйгөө дүйцэх, эсвэл дөхөх хэмжээний санхүүжилт олгодоггүй тул төрийн, хувийн хэвшлийн буцалтгүй санхүүжилт сэтгүүл зүйд хэрэгтэй байдаг. Дэлхий нийтэд хөгжлийн санхүүжилтийн 0.3 хувь нь хараат бус хэвлэл мэдээллийг дэмжихэд зарцуулагддаг. Үүнийг дор хаяж, нэг хувьд хүргэх шаардлагатай. Мэдээлэл бол нийтийн таваар, тийм учраас олон нийтийн дэмжлэг хэрэгтэй” гэв.
Мөн Хэвлэлийн хүрээлэнгийн Инновац, медиа бизнес хариуцсан захирал Райн Пауэлл “Хэвлэл мэдээллийн бизнес хаашаа чиглэж байна вэ”, цахимаар АНУ-ын CUNY-ийн их сургуулийн харьяа Ньюмарк сургуулийн сургалт, заах арга зүй хариуцсан захирал Жереми Каплан “Хиймэл оюун юу хийж чадах вэ”, NTV телевизийн мэдээний ерөнхий продюсер Б.Түвшинтулга “Сэтгүүл зүй нийгмийн эерэг өөрч лөлтийг түүчээлэх” нь гэсэн үндсэн илтгэл хэлэлцүүлэв. Үүний дараа тодорхой сэдвүүдийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ч оролцсоноороо онцлог боллоо. Мэдээллийн эрэлт ба нийлүүлэлтийн талаарх хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Б.Баярмаа “Олон нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйн байгууллагыг яаж тодорхойлох вэ гэхээр цаг үеийн мэдээллийг тогтмол нийтэлдэг байхыг урьтал болгосон. Зарим вэбсайтын контент хүртээмжгүй, мэдээллийн хүрээ явцуу, мэдээ мэдээллийн тоо цөөн, тогтмол биш байх жишээтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрд өөр өөр шалгуур тавих шаардлагатай. Тухайлбал, цаг үеийн мэдээллийн хэрэгсэл өдөрт 15 мэдээ оруулах, төрөлжсөн контент бэлтгэдэг вэбсайт сард 10 контент бэлдэх гэх мэт шаардлага тавья” гэв.
Түүнчлэн олон нийтэд эерэг үр дүн авчирсан, бодлого, шийдвэрт нөлөөлсөн бүтээл төрүүлэхэд олон нийтийн дэмжлэг шаардлагатайг илэрхийлж, мэдээ бол таваар, түүнийг худалдах, ашиг олох нь чөлөөт хэвлэлийн “ажил” болохыг энэ удаагийн чуулга уулзалтаас харж болохоор. Тухайлбал, “Бизнес ба хэвлэлийн харилцааг шинэчлэх нь, хуучин системээс шинэ загвар луу” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын банкны холбоо, МҮХАҮТ зэрэг байгууллагын удирдлага оролцож, чөлөөт ярилцлага өрнүүлээ.
“Медиа Монголиа-2026” чуулга уулзалтын бас нэг онцлох зүйл нь Ерөнхий сайд Г.Занданшатар хүрэлцэн ирж, нээлттэй ярилцлагын хэсэгт “Breaking the formality: Сэтгүүл зүй бидэнд хэрэгтэй юү?” буюу өнөөгийн нийгэмд мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааны эзэлж буй байр суурь, итгэлцэл, дэмжлэгийн асуудлуудыг хөндөв.
Ч.Болор