Дэлхийн глаукомын өдөр жил бүрийн гуравдугаар сарын 12-нд тохиодог. Эл өдөртэй холбогдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ээс урьдчилан сэргийлэх мэдээлэл олон нийтэд хүргэв. Глауком буюу нүдний даралт ихсэх өвчин нь харааны мэдрэлийг эргэж сэргэхгүйгээр гэмтээдэг аюулт эмгэг юм. Бүх хүнд тохиолдож болох ч ихэвчлэн дунд, ахимаг насныхан өвчилдөг аж. Эхний үе шатанд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин хожуу шатанд нүд бүрэлзэх, улайх, ямар нэг гэрлийн цацрагийн эргэн тойронд цагариг хэлбэртэй зүйлс харагдах, сүүдэр татах, харааны талбай хумигдах зэрэг зовуурь илэрдэг байна. Түүнчлэн чихрийн шижинтэй, цусны даралт өндөр, хол, ойрын хараа муудсан хүмүүс болон удамшлын гаралтайгаар нүдний даралт ихсэх өвчинд өртөх эрсдэлтэйг УХТЭ-ийнхэн анхааруулсан. Уг өвчин нь архаг явцтай тул хүмүүс мэдэхгүй явсаар хараа муудах, цаашлаад сохрох ч эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс жилд нэгээс хоёр удаа нүдний үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдан урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн юм.
П.Дайриймаа