Биеийн тамир спортын хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг Засгийн газар баталдаг. 2026 онд тэмцээн зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээн санал болгосноос хоёр шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох дөрөв, дэлхийн чансаа тогтоох болон “Дэлхийн цом”-ын эрх олгох тус бүр нэг нийт зургаан тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахаар төлөвлөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.
Монголд энэ жил болох олон улс, тив, ДАШТ-ийг танилцуулъя.
•Жүдо бөхийн “Улаанбаатар-2026” Их дуулга тэмцээн зургаадугаар сарын 27-29-нд болно. Эх орондоо 2019 оноос хойш зохион байгуулж буй эл тэмцээн нь олимпын эрхийн оноо олгодог Олон улсын жүдо бөхийн холбооны цувралын нэг юм.
• Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн энэ сарын 28- нд эхэлж, дөрөвдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ. Манай улсад 2007 онд эрэгтэй, 2012 онд эмэгтэйчүүдийн ангилалд анх зохион байгуулж байв.
Тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хүрэгчдийн XXVII тэмцээн (пүмсэ болон пара спортын ангилалд) анх удаа гурван төрлөөр тавдугаар сарын 19-25-нд болно. • Олон улсын чөлөөт бөхийн холбооны цувралын нэг “Улаанбаатар опен” тэмцээн зургаадугаар сарын 4-нд эхэлж, гурав хоног үргэлжилнэ. Тус тэмцээнд оролцсон тамирчдад дэлхийн чансаа олгодог аж.
• Тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулах нь. Тоглолт тавдугаар сарын 28-нд эхэлж, зургаадугаар сарын 7-нд өндөрлөх юм. Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн нь “Дэлхийн цом”-ын АШТ-д оролцох эрх олгодог. Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны цуврал тэмцээнийг зургаадугаар сарын 17-18-нд зохион байгуулах аж.
• Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2015, 2017 онд манай улсад болсон билээ. Тэгвэл энэ жил гурав дахь тэмцээнийг эх орондоо хүлээн авснаар наймдугаар 5-9-нд хийхээр товложээ.
• Монголд “Counter strike 2” цахим спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнийг арванхоёрдугаар сард зохион байгуулахаар болов. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 243 дугаар тогтоолоор спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар батлан, улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, дээрх тэмцээний хүрээнд 117 орны 2786 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, албаны 167 хүн, 968 хөгжөөн дэмжигч манай улсад зочилж, галт тэрэг болон үндэсний авиа компанид дөрвөн тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа болон үйлчилгээний салбарт 582 сая, нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн орлого оруулсан статистик тооцоо гарчээ. Дээрх тэмцээнүүдийг энэ онд зохион байгуулснаар улсын эдийн засагт тээврийн салбарт дөрөв, зочид буудалд 1.6, худалдаа үйлчилгээнд 1.1 тэрбум төгрөгийн үр өгөөж өгөх эдийн засагчдын тооцоолол байгаа юм.