Цагдаагийн ерөнхий газрын харьяа түр хамгаалах байрыг уржигдар ашиглалтад орууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд зориулсан тус байрыг олон улсын жишигт нийцүүлэн барьсан бөгөөд нийт 63 өрөөтэй, нэг дор 40 хүнийг нас, хүйс, харьяалал хамаарахгүй хүлээн авах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, нялх, бага насны хүүхдэд зориулсан ор, тоглоом, хичээлийн ширээ, сандал самбар зэргийг байршуулжээ. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог хэрэгцээнд тохируулан, өрөө, тасалгааг жишиг стандартын дагуу тохижуулсан байна. Түүнчлэн хүчирхийллийн хохирогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн анхан шатны үзлэг, бүлгийн сургалтад хамруулах зэрэг нийгмийн хамгааллын олон үйлчилгээ үзүүлэх гэнэ. Энэ түр хамгаалах байрыг бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан Ч.Шинэсаран охины дурсгалд зориулж нэрлэсэн бөгөөд дахин нэг ч хүн хүчирхийлэлд бүү өртөөсэй, хохирогчдыг хамгаалдаг байгаасай хэмээн сануулах зорилготой аж. Ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авч ийн нэрлэх болсноо УИХ-ын дарга Н.Учрал нээлтийн үеэр онцлов.
Ч.Туяа