Төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төсөл, ерөнхийлөн захирагчийн санал зэрэг нь Төсвийн болон Шилэн дансны тухай, мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай зэрэг цөөнгүй хуулиар нийтэд ил тод байх ёстой, нээлттэй мэдээлэлд тооцогддог. Учир нь төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тэд төсвийн гүйцэтгэл, зарцуулалт, төслийн хэлэлцүүлгийн бүхий л шатанд хяналтаа тавьж, бодит оролцоогоо хангах эрхтэй. Тэрхүү эрхээ иргэд, олон нийт шууд болон шууд бусаар (төлөөллийн байгууллагаараа дамжуулан) эдлэх ёстой. Энэ бол төлөөллийн ардчиллын суурь зарчмуудын нэг. Гэтэл манай нийслэл Улаанбаатар хотын төсөв гэж сүүлийн таван жилийн дотор 5.3 дахин нэмэгдсэн хэрнээ түүнийг бүрдүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүддээ үр өгөөж нь огт мэдрэгддэггүй, өнөөх л түгжрэл, утаатайгаа бухимдсан хэвээр.
Нэгэнт л асуудал шийдэгдэхгүй юм чинь өөрсдийнхөө бүрдүүлж өгсөн төсвийн мөнгийг дураараа зарцуулж, бөөндөө нэг сайн “найрлаад” үзье, нийслэлчүүд ээ. Танай хороонд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байна уу, гудамж, хашаа чинь үерт автсан хэвээр, хотхон чинь хүүхдийн тоглоомын талбайгүй, зогсоолгүй бахь байдгаараа, автобус ирэхийг хүлээж дэрчийтлээ зогсдог бол наашаа анхаарлаа хандуул.
Энэ оны нийслэлийн төсвийг батлахдаа тухайн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 5.87 их наяд төгрөгөөр тооцсон бол саяхны тодотголоор 6.5 их наяд болгон нэмэгдүүлсэн байна шүү. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын парламентаар батлуулаад ердөө хоёр сар болж буй 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний нийслэлийн ИТХ-ын ээлжит бус Х хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлсэн юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 4.6 их наяд төгрөгийн төсөв “боож” оруулж ирэн, зүтгүүлсээр нийслэлийн ИТХ-аар батлуулсан тэрбээр зардлаа 5.8 их наядаар тооцсон нь 2023 оныхоос дөрөв дахин өссөн дүн байв. Гэтэл удсан ч үгүй “Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасан “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох” нөхцөл үүссэнтэй холбогдуулан энэхүү тодотголыг боловсруулав” хэмээгээд зардлаа даруй 700 тэрбумаар өсгөн 6.5 их наяд, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг мөн 438 тэрбумаар нэмэгдүүлж 5.4 их наяд болгохоор шийдэж.
Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох эрсдэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ. Үүнд иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн байтугай, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө ч тодорхой хариултгүй сууцгааж байгаа нь хачирхалтай. Х.Нямбаатар даргын төсөв урьд өмнөх мээрүүдийн түүхэнд байгаагүйгээр “таргалах” болсон ч зарцуулалт нь нарийн тодорхой хяналтгүй, үр ашиггүй хөрөнгө оруулалт их байгааг олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн шүүмжилдэг ч юман чинээ тоолгүй өнгөрсөн жил лав гурвантаа тодотгосон юм. Хотын парламентад нам нь үнэмлэхүй олонх суудалтай учраас бүхнийг бүлгээрээ бярдан, зүтгүүлдэг болсон нь нууц биш. Явж явж нийслэлчүүд та бидний мунхаг сонголтын л хар гай шүү дээ. Дээрээс нь төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, тодотгох бүхий л шатны мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй байлгах үүрэг хүлээсэн хэвлэлийн албаныхан нь сүүлийн жилүүдэд хав дарж, нууцалдаг болсон. Үнэндээ нийслэл хотын төсвийн төслийг иргэд байтугай, сэтгүүлчид бид ч сайтаас нь олж үзнэ гэдэг саргүй шөнө өвсөн дотроос зүү хайхтай адил бэрх ажил болсон билээ.
Энэ удаад 6.5 их наяд болгож нэмэгдүүлсэн төсвөөсөө “Улаанбаатар трам” төслийн II шугамын ажилд 350 тэрбумыг, Дулааны V цахилгаан станцад 200, СOP17 бага хурал зохион байгуулахад 70.1, өнгөрсөн онд хэрэгжих байсан ч санхүүжилт нь татагдсан дөрвөн төсөл, арга хэмжээнд 9.4, шинэ төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 9.8, “Сүү” хөтөлбөрийн хүүгийн дэмжлэгт тав, үнэт цаас гаргахад шаардлагатай зардалд 1.5 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тодотголд тусгажээ. Бодоод үз дээ, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэрийдлээр хэчнээн ч удаа нийтийн тээврийн шинэлчлэлийн олон янзын хувилбарыг туршиж, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, зөвлөх үйлчилгээ авахад хэдэн зуун саяар нь зарцуулсан билээ. Эхний “үлгэрүүд” бүрэн жаргаагүй байхад дараагийнх нь зохиогдоод, пиар нь бодит ажлаасаа хэд дахин түрүүнд шуугиулж явна. Санхүүжилт нь хойшилсон төслүүд дунд Улаанбаатар хотын “Шинэ их тойруу” хурдны замын ТЭЗҮ, зураг төсөв, Замын уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын, Явган болон цахилгаан дугуйн зам, байгууламжийн, Автомашингүй гудамж, авто зогсоолын төлөвлөлтийн ТЭЗҮ зураг төсөл гэх мэт цөөнгүй бичиг цаасны ажил аанай л багтжээ.
Улаанбаатарчууд энэ олон жил дүүжин тээвэр “хөлөглөн” агаар тэнгэрээр дүүлж үзлээ. Тусгай замын автобусаар “зорчиж”, усан тээврийг хүртэл туршаагүй юү. 2-3 жилийн өмнөөс газарх доорх метрогоор “сүнгэнэх” мега мөрөөдөлд автан хүлээж байтал одоо дахиад трамвай гээч “шидийн” унаа гараад ирж. Өнөө маргаашгүй шидийг нь үзэхгүйгээс хойш 350 тэрбумыг трамвайтай болох гэж газарт булахын оронд нийслэлийн есөн дүүрэг, 130 гаруй хорооны иргэдэд нэн тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөөх бүх нийтийн нээлттэй сонсгол хийж, саналаа нэгтгэн эрэмбэлцгээе. Төсөв иргэдийн татвараас бүрддэг мөртлөө улс төрийн зорилгодоо дөрлүүлсэн дарга нарын “найрын ширээ”-нд очихоороо “төрийн мөнгө” болж хувирдаг. Төсвийн мөнгөөр нийслэлийн удирдлагууд юу ч хамаагүй хийж, дураараа дургидаг болсон юм бол энэ удаад хотоороо хамтдаа найрлая.
Тодотголоор нэмэгдэж буй зардлын дийлэнх хэсэг буюу 438 тэрбум төгрөгийг нийслэлийн өөрийн бүтээн байгуулалт болох “Сэлбэ дэд төв”-ийн борлуулалтаас төвлөрүүлэхээр болсон нь төсвийн төлөвлөлт, тооцоолол, сахилга бат хангалтгүйн илрэл болохыг нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн шүүмжилсэн ч нэмэр болоогүй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа, Т.Батцогт нар “Хоёрхон сарын дотор хотын төсвийг тодотгох гээд ард иргэдийн ажил, амьдралд шууд нөлөөлөхүйц өндөр орлогын төсөөлөл оруулж ирсэн нь эрсдэл дагуулна. Нэг удаагийн шинжтэй торгууль, хүүгийн орлого, татвар болон татварын бус орлогыг хэт өндөр тооцоолсон нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах магадлалтай. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэлх трамвайн төсөлд тавьсан 350 тэрбумаар яг юу хийх вэ. Метроны төсөл шиг зураг төсөлтэй зууралдсаар өнгөрөх вий” хэмээн сануулна лээ. Өнгөрсөн жил “Улаанбаатар трам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, нийслэлийн ИТХ-аар батлуулахдаа “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 28 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ, нийслэлээс жил бүр 66 тэрбум төгрөг гаргана” гэч хээд энэ онд гэнэт 350 тэрбумыг зарцуулахаар төлөвлөснийг шүүмжлэх нь зүйн хэрэг. Тэдэнтэй хүч хавсайдъя. Угаасаа Улаанбаатар хотын суурилагдсан дэд бүтэц, газар зүйн онцлог, нөөц боломжийн хувьд трамвайтай болох ямар ч нөхцөл байхгүйг ШУТИС-ийн зарим багш, салбарын мэргэжилтнүүд сануулдаг л юм билээ. Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа спорт цогцолбор хүртэл тавих трамвайн II шугамаар өдөрт хэдий хэр зорчигч үйлчлүүлээд, түүний үр дүнд Яармагийн түгжрэл хэдэн хувиар буурах Төсвөөрөө хамтдаа найрлая, нийслэлчүүд ээ нь тодорхойгүй байхад нийслэлийн удирдлагууд гэнэт “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлнэ хэмээн яаран сандран “чичрэх” шаардлага юу вэ. Улсын төсвийг тодотгоогүй байхад нийслэлийнхийг түрүүлж тодотгож байгаа нь эргэлзээтэй, нэгдсэн төсвийн нийт зардал болон төсвийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөхийг даруй эргэж харах шаардлагатайг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолсон. Монгол Улсын хүн амын тан хагас нь аж төрж буй нийслэл хотын ужгирсан олон асуудлыг шийдэхийн тулд улс төрийн эр зориг гаргаад стратегийн шинжтэй томоохон хөрөнгө оруулалт хийхийг зорьж болно. Энэ жилийн нийслэлийн төсөвт 780 саяыг суулгасан Туулын хурдны зам нь төлөвлөсөн ёсоороо 2027 онд ашиглалтад орж, Улаанбаатар трам, метро төслүүд нь хугацаандаа амжилттай хэрэгжээд, ядаж түгжрэл хэмээх зовлонгоос салчихвал хэн хүний магнай тэнийнэ. Гагцхүү мега төслүүдийн санхүүжилтийн суурь тогтвортой юу, торгууль, хүүгийн орлого гэх мэт нэг удаагийн шинжтэй эх үүсвэрээр байнгын зардлыг санхүүжүүлэх үү, эрсдэлийн тооцоо хийсэн үү, буруудвал хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэгт хариу байх ёстой. Төсөв тэлэхийн хэрээр сахилга хариуцлагын шүүлтүүр чангарах учиртай. Тэр тусмаа нийслэлийн ИТХ өнгөрсөн жилүүдэд иргэдийнхээ халаасыг тэмтэрч, амьжиргаанд нь шууд нөлөөлөхүйц шийдвэр олныг гаргаж, торгуулийн орлогыг нэмсээр байхад биднийг төлөөлөн суугаа төлөөлөгчид юу хийж байсан нь сонин.
2021 онд 40 тэрбум төгрөг байсан торгууль, хүүгийн орлого таван жилийн хугацаанд 10 дахин өсөж, өдгөө 449 тэрбумд (2025 онд энэ дүн 393 тэрбум байсан) хүрч, нийслэлийн төсөвт эзлэх хувь нь 22 болж огцом нэмэгджээ. OECD-гийн гишүүн орнууд зэрэг олон улсын жишгээр бол хотын төсөвт эзлэх торгуулийн хэмжээ нь 1-3 хувьд хэлбэлздэг бөгөөд таван хувиас давбал эрсдэлтэй гэж үздэг байна. Улаанбаатар хотынхоо төлөө дэлхийн жишгээс даруй долоо дахин өндөр торгууль төлж, шийтгүүлэн байж бүрдүүлсэн төсвөө юунд зарцуулах гэж байгааг мэдэх, хянах, саналаа хэлэх, шаардах, оролцоогоо хангах эрх бидэнд бий. Иргэдийн амьдралыг дээшлүүлдэггүй төсөв юм бол торгуулиа ч төлөхөө болье. “City tax”, автозамын төлбөр, машины татвараа ч шударгаар төлдгөө больсон нь дээр. Эсвэл төсвөө ил тод дэлгэж байгаад хэдүүлээ тал талаас нь хэлцэж, шударга сайхан хуваацгаая. Ганц жил ч болов нийслэлчүүдийн мөр бүтэн, гэдэс цатгалан, нуруу тэнэгэр байг, яах вэ.
Л.Аргамжин