“Барселона” багийн домогт тоглогч- дын нэг төдийгүй тус багийг дасгалжуулж байсан Хави саяхан Испанийн “La Vanguardia” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр “Барса”-гийн ерөнхийлөгч Х.Лапортагийн гол өрсөлдөгч В.Фонтаг 2020 оноос хойш дэмжиж буй юм. Сонирхуулахад, тус багийн ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй болно. Уг ярилцлагын зарим сонирхолтой хэсгээс хүргэе.
-Лионель Месситэй би сайн харилцаатай байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс тэр хэнийг нь дэмжих вэ гэж үү? Энэ бол бид хоёрын дунд л үлдэх яриа. Ийм сэдэв рүү Мессиг татаж оруулмааргүй байна. Гэхдээ түүнийг юу бодож байгааг ихэнх хүн мэдэж байгаа болов уу. Бид хоёр хэсэг хугацаанд харилцаагүй байсан. Намайг ерөнхийлөгчийн тэнэг, этгээд системийн нэг хэсэг нь болсон гэж тэр бодсон байх. Энэ нь бид хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлсөн ч одоо харилцаа маань сэргэсэн. -Месси “Барса”-д эргэн ирэх боломжтой байсан. Леогийн талаар Х.Лапортагийн хэлсэн бүхэн худал. Түүнийг эргэж ирэхэд би бэлдэж байсан юм. 2023 оны өвөл, ДАШТ-ий дараа бид холбоо барьсан. Энэхүү яриа хөөрөө гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн. Ингээд би эцэст нь “Эцсийн байдлаар надад зөвшөөрсөн хариу хэлэхээр чинь би Лапорта дээр оръё” гэж Мессид хэлсэн. Ерөнхийлөгч энэ зуур Леогийн аавтай холбоотой байсан юм. Ла Лиг Л.Мессиг эргэн ирэхийг зөвшөөрсөн ч эцэстээ Х.Лапорта энэ бүхнийг зогсоосон. -Хэрэв Лео ирэх юм бол миний эсрэг дайн эхэлнэ гэж Х.Лапорта надад хэлсэн удаатай. Ийм зүйл яагаад ч гарч болохгүй гэж тэр хэлж байлаа. Тэгтэл Лео гэнэтхэн л миний дуудлагыг авахаа больчихсон. Түүний аавтай ярихад танай багийн ерөнхийлөгч л мэдэж байгаа гэсэн. Ингээд Х.Лапортатай ярилцахад тэр миний бүх саналыг үгүйсгэсэн юм.
-“Барса”-гийн гол хүн бол Х.Лапорта биш. Тэр хүн бол “Барселона”-д ямар нэг албан тушаал хашдаггүй А.Эчеварри юм. Х.Лапортагийн анхны эхнэр Констанцигийн ах нь. Эхнэрийнхээ гэр бүлийн нэр нөлөө, холбоо сүлбээг ашиглахын тулд гэрлэсэн гэсэн яриа ч байдаг. Тэднийх бол Франкогийн үеэс хойш Каталоны элит гэр бүлд тооцогдож ирсэн айл юм. Энэхүү гэрлэлтийнхээ ачаар Х.Лапорта Каталоны улс төрийн амьдралын нэг чухал гишүүн болж хувирсан. Тийм учраас А.Эчеварри “Барса”-г бараг л удирддаг гэж болно. Бид хоёр нөхөрсөг харилцаатай байсан ч тэр надаас урваж, намайг халсан юм. Энэ бүхэн нэгэн гэмгүй асуултаас эхэлсэн. Би түүнээс “Алехандро, чиний ажил юу юм бэ?” гэж лавлав. Бид хоёрын дэргэд Деку, Боян Кркич хоёр сууж байлаа. Тэр хоёр юу ч хэлээгүй. Тэр мөчид л А.Эчеварри намайг “Барса”-гаас явуулахаар шийдсэн гэж боддог. Мэдээж энэ тухайгаа тэр надад тухайн үед хэлээгүй. Харин 2-3 долоо хоногийн дараа утасдаад “Аан гээ, чи багаас явна шүү” гэж хэлсэн. -“Сосьедад” багаас би Мартин Субимендиг авахыг хүссэн ч хөрөнгө мөнгөний шалтгаанаар тэгэх боломжгүй гэж баг надад хэлсэн. Өөрийг нь баг хүндлээгүй учраас Хорди Кройфф мөн Серхио Бускетс явчихсан. Хагас сарын дараа Алемани, тэгээд би багийг орхилоо. Би багийнхаа тал тоглогчдыг зарахыг огт хү- сээгүй. Гэтэл тэр үед Х.Лапорта надад “чи тоглогчдодоо итгэхгүй байна” гэж хэлж билээ. Энэ бол оргүй худал үг. “Эргэн тойрныхоо хүмүүс рүү сум шидээд байвал би яаж эндээ ажиллах билээ дээ” гэж хүртэл би түүнд хэлсэн. Би Х.Лапортагийн эсрэг байдаггүй. Түүний ачаар би энэ багийн дасгалжуулагч болсон. Гэхдээ эцсийн бүлэгт тэр надаас урвасан. Миний хүсэж буй зүйл бол багт бүтцийн хувьд дахин шинэчлэл хийх. Бид ач тус мэддэггүй хүмүүсээс хамааралтай ажиллаж болохгүй. Өөрөөр хэлбэл, чи нэг бол надтай хамт ажилла, үгүй бол чи миний эсрэг байна гэсэн зарчим энэ багт үйлчилдэг байж болохгүй. -“Барса” дасгалжуулагчаа яагаад сольсныг ойлгож байна. Би гомдоогүй ээ, харин ч энэхүү өөрч- лөлт их чухал алхам болсон гэж боддог. Миний удирдсан баг ялахгүй байсан. “Барселона”-г удирдаж байгаа л бол цом хүртэх ёстой. Миний бодлоор Ханси бол сайн дасгалжуулагч. Бид хоёр түүний тактикийн талаар заримдаа ярилцдаг юм. Түүний арга барил бол довтолгоо зонхилсон, илт давуу тоглох явдал. Энэ нь надад их таалагддаг. “Барса”-гийн хөгжөөн дэмжигчийн хувьд би түүний хийж буй ажилд их баяртай байгаа.
Н.Энх