Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A south facing window) богино хэмжээний кино Тамперегийн олон улсын кино наадмын шилдгээр шалгарчээ. Монголын “Гуру медиа” болон Францын “Аврора филмс” компанийн хамтын бүтээл болох тус кино өмнө нь Францын “Prix unifrance du court-mйtrage” наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал, Швейцарын “Locarno film festival”-ийн “Pardo verde: special mention” өргөмжлөл тус тус хүртээд байсан юм. “Урагшаа харсан цонх” кино нь харилцаа нь хөндийрсөн залуу хосын тухай өгүүлнэ. Тэд бие биеэ ойлгож, харилцаагаа аврахыг хичээх явцдаа сэтгэлийн зөрчил, дотоод тэмцэлтэйгээ нүүр тулж буйг кинонд харуулжээ. Найруулагч үйл явдлыг илүүдэл хачиргүй, энгийн атлаа уран сайхны гүн өгүүлэмжээр илэрхийлсэн нь хүний харилцааны нарийн мэдрэмжийг үзэгчдэд ойр, бодитоор хүргэж чадсан байна. 1969 оноос эхтэй эл наадам нь Европын богино хэмжээний кино салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг юм. Тус наадамд шалгарсан бүтээлүүд нь “Оскар”, BAFTA болон Европын кино академийн шагналд нэр дэвших эрх авдгаараа онцлогтой.
У.Цэцэг