Эм хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц, шийдлийн талаарх зөвлөгөөн Эрүүл мэндийн яаманд боллоо. Эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор em.hdc.gov.mn системийг “и-баримт” аппликэйшнд холбон хөгжүүлж, 2200 гаруй эмийн үнийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулсан. Цаашид эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд оруулах ажлыг хэрэгжүүлэх талаар зөвлөгөөний үеэр онцлов. Эмийн тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог бүрэн хадгалж, хамтын ажиллагаанд тулгуурлах гэнэ. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын хяналтыг сайжруулах зорилгоор Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийг ДЭМБын 1.8 сая ам.долларын дэмжлэгтэйгээр шинэчилж буй аж. Барилгын засварын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ сард бүрэн дуусгаж, тоног төхөөрөмж суурилуулан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ташрамд, манай улсад одоогоор эм, эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал халдваргүйтгэлийн 30 гаруй үйлдвэр ажиллаж байна. Үүнээс GMP стандартын батламжтай 10 үйлдвэр бий бөгөөд бүртгэлтэй эмийн 20 гаруй хувийг дотоодоо үйлдвэрлэдэг юм байна.
Ч.Болор