Ардчилсан намаас пүрэв гараг бүр хийдэг “4:11 мэдээллийн цаг”-т УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд оролцож , МАН-ынхан парламентын дархлаа, засаглалыг сулруулж, авлигын асуудал сөхсөн хүн бүрийг ёс зүйгүй гэж үзэн УИХ-аас эгүүлэн татахаар санаархаж буй талаар мэдэгдлээ. О.Цогтгэрэл “МАН дүр эсгэсэн тэмцлээ зогсоо. Албан тушаалтнуудаа сольсон болж жүжиглээд ард түмнээ хуураад бүр сурчихсан. Авлигачдыг намаасаа хөөж буй гэх атлаа хэдэн их наяд төгрөгийн хулгайд холбогдсон хүмүүсийг буцаан авч, намын даргынхаа зөвлөх хүртэл болгож байна. Энэ бол хувь хүмүүсийн асуудал ч биш, авлигажсан системийг 10 жилийн турш угсарсны бэлээхэн жишээ. Бид өнгөрсөн арван жилийн хугацаан дахь танай намынхны өдүүлсэн авлигын хэргүүдийг жагсааж, ард түмэнд сануулах нэг сарын аяныг зохион байгуулна” гэсэн юм. Мөн тэд “УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёстой нь үнэн. Гэхдээ гишүүнийг эгүүлэн татах, эсэх асуудлыг сонгогчид л шийднэ. Гуравдагч этгээд халдах нь буруу . АН парламентын ардчиллын талд үргэлж зогссоор ирсэн” гэдгээ уламжлав.
М.Гэгээ