Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 2022 оноос охиноо дагуулж яваад байх болсон. Тэр хоёр пуужингийн туршилт хийхэд ч, үйлдвэрийн ажилчидтай уулзахад ч хамт явж харагдана. Энэ охины нэр тэгтлээ тодорхой дурдагдахгүй, Ким Жөн Уныг сайн мэдэх Америкийн сагсчин Дэннис Родмэн 2013 онд түүнийг Чу Э гэдэг хэмээн ярьсан байдаг.
Ким Жөн Ун гэгч хэн болохыг бид сайн мэднэ, саяхан болсон Умард Солонгосын Хөдөлмөрийн намын IX их хурлаас түүнийг ерөнхий нарийн бичгийн даргааар дахин сонголоо. 2011 онд эцэг Ким Чен Ир нь өөд болоход түүнийг энэ албанд анх томилсон юм билээ. Түүнээс хойш уг албыг тасралтгүй хашиж ирсэн гурав дахь үе нь Ким Жөн Ун юм. Их хурлын тогтоолд түүнийг цэргийн тогтоон барих чадварыг цөмийн потенциал дээр үндэслэн эрс нэмэгдүүлсэн гэж тэмдэглэсэн байна. Мөн өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийж, Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг хичээсэн хэмээн үнэлдэг аж. Саяны их хурлаас намын хийгээд төр, засгийн өндөр дээд удирдлагын түвшинд Умард Солонгос нэлээд халаа сэлгээ хийжээ.
Умард Солонгос удирдагчаа, өв залгамжлаг чийг хэрхэн бэлтгэдгийг бид хоёр жишээнээс мэдэх болсон. Ким Ир Сен Кин Чен Ирийг, Ким Чен Ир нь Ким Жөн Унийг бэлтгэсэн. Ким Чен Ир 1942 онд төрж 1964 онд их сургууль төгсжээ. 1961 онд Хөдөлмөрийн намд элсэж, 1964 оноос Төв хороонд ажиллан, 1972 онд Төв хорооны гишүүн болж, 1974 онд болсон Бүгд хурал түүнийг аугаа удирдагчийн ор суулгахад 32 настай байв. 1980 онд намын VI их хурлаар Улс төрийн товчооны болон Цэргийн төв хорооны гишүүнээр сонгогдов. Залуу удирдагч цаг хугацаа өнгөрөх тусам эцэг Ким Ир Сенийхээ эрх үүргийг өөртөө хүлээсээр, 1984 онд Ким Ир Сен Зөвлөлтийн дипломатч Михиал Капицатай уулзахдаа өөрийгөө стратегийн ач холбогдолтой асуудал эрхэлж, дурсамж бичиж байна, өдөр тутмын ажлыг Ким Чен Ир хариуцаж байгаа гэж хэлж байжээ.
Намын VI их хурлын дараа Ким Чен Ир намаа өвлөн удирдах нь улам бүр тодорхой болсон байна. Тэрбээр эцгийнхээ хамт энд тэнд үзэгдэх нь нэмэгдэж, хэвлэл ч түүний тухай бичих болов. 1991 оноос өмнө ажиглагчдын хувьд Ким Чен Ир жолоодогчийг залгамжлах гол хүний нэг, тэгэхдээ цорын ганц нь биш байлаа. Нам, төрийн өндөр дээд албан тушаалд өрсөлдөж болох хамтран зүтгэгч, төрөл садан түүнд олон байв. 1990-ээд оны эхээр болзошгүй залгамжлагчдаас түүнийг ялгаруулахуйц алба тэрбээр хашиж байсангүй, харин 1991 онд ийм албанд очсон нь Ардын армийн Дээд ерөнхий командлагч юм. Удалгүй маршал цол хүртэж, 1993 онд Улсын батлан хамгаалах хорооны дарга болсон нь тухайн үедээ эрх мэдлийн дээд байв. 1994 онд Ким Ир Сен өөд болсноор Ким Чен Ир хэрэг дээрээ нам, төрийг удирдах болсон байна. Нас нь 52 болжээ.
Ким Жөн Уны албан ёсны намтар гэж одоо хэр нь байдаггүй. Мэндэлсэн оныг нь бид мэдэхгүй, 1982 онд төрсөн гэж үздэг. 2009 он хүртэл түүний тухай тодорхой юм байхгүй. Албан ёсны намтар лавлах нь 2010 оноос эхэлдэг юм. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага л Ким Чен Ирийг Ким Жөн Ун залгамжилсан гэж мэдээлсэн байдаг. Ким Чен Ир ч эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан залгамжлагчаа бэлтгэхэд яаравчлах болсон байна. Тэгэхдээ 2009 он болтол Ким Жөн Ун эцэгтэйгээ энд тэнд явж, арга хэмжээнд оролцдоггүй байв. Хүүгээ Ким Чен Ир өөрийн залгамжлагч хэмээн яг хэзээ зарласныг бид мэдэхгүй. 2010 онд болсон Хөдөлмөрийн намын Төв хорооны III бага хурлаар Ким Жөн Ун Төв хорооны гишүүн болж, Бүгд хурлаас түүнийг Намын цэргийн төв хорооны орлогч даргаар томилжээ. Дараа нь генерал цол олгов. Ийнхүү Ким Чен Ир хүүгээ өөрийн замаар армиар дамжуулан эрх мэдэлд ойртуулсан байна. Харин эцгээ амьсгал хураасны дараа Ким Жөн Ун Дээд ерөнхий командлагч, Улсыг батлан хамгаалах хорооны дарга болжээ. Тэрбээр нам, төрийг толгойлохдоо 30 настай байв.
Тухайн ажил, албыг хашихад бэлэн болоогүй, туршлагагүй хүнд эрх мэдлийг өгөх нь аюултай байдаг гэдэг. Тиймээс Ким Жөн Ун охиндоо эрх мэдлээ шилжүүлэх гэж буй бол тэр нь наад зах нь 25-30 нас хүрсэн байх ёстой. Уг нь хэнийг ч залгамжлагчаараа томилж болох ч 12 настай охиныг арай ч дээ. Оросын ийм нэг явган шог байдаг юм. “Улс орныг тогооч ч удирдаж болохыг Ленин нотолсон. Ганц хүн удирдаж болохыг Сталин харуулсан, тэнэг хүн ч удирдаж болохыг Хрущев нотолсон. Улс орныг ерөөс удирдахгүй байж болдгийг Брежнев харуулсан” гэж түүнд өгүүлдэг юм.
Хэрэв охиноо удирдагч болгохоор бэлтгэе гэвэл түүнийг 18 нас хүрэхээр их сургуульд сурч, намд элссэнийх нь дараа эхлэх учиртай. Тэгээд эцэгтэйгээ улс төрийн арга хэмжээнд оролцож, үг хэлж, өгүүлэл бичиг. Энэ бүхий байдал ажиглагдсаны дараа л Ким Жөн Ун охиноо шинэ удирдагч болгохоор зэхэж байна гэх бодол хүмүүст төрөх биз. Одоо бол Ким Жөн Уны эрүүл мэнд муудсан гэх шинж тэмдэг алга, нас нь ч залуу, дөнгөж 42, эрх мэдлээ шилжүүлэх талаар бодоход арай л эрт.
Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага тэгтэл 13 настай Ким Чу Э гэдэг охиныг нь БНАСАУ-ын удирдагчийн албан ёсны залгамжлагч хэмээн нэрлэж байна. Умард Солонгост эрчүүд давамгайлсан нийгэм оршин тогтнодог, намын VIII их хурлын 5000 төлөөлөгчийн 501 нь л эмэгтэй байсан гэх баримт байдагч Ким Жөн Ун сүүлийн жилүүдэд бүсгүйчүүдийг өндөр албан томилоод байх болжээ. Тухайлбал, Гадаад хэргийн нь сайдаар анх удаа эмэгтэй хүн ажиллалаа. Эмэгтэй хүний үүрэг эдний нийгэмд өсөж буйтай холбоотойгоор удирдагчийн нь суудалд санаархагчид дотор ч эмэгтэй хүн байгаа сураг дуулдана. Тэр нь Ким Жөн Уны дүү Ким Ё Чон гэгч. Тэрбээр Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгчээр ажилладаг бөгөөд улсдаа нөлөө бүхий нэгэн гэнэ.
Ташрамд өгүүлэхэд, охиноо ирээдүйд нь идэвхтэй бэлтгэж буй нь Ким Жөн Уны өөрийнх нь дотоод бодлоос үүдэлтэй байхыг ч үгүйсгэж болохгүй юм. Эцэг нь 2011 онд зуурдаар өөд болмогц түүнийг 26-хан настайд нь, Засгийн газарт ажиллаад ердөө гурван жил болж байхад нь л удирдах ажилд дэвшүүлчихэж байсан тул өөрт нь тохиолдсон бэрхшээлийг охиндоо тулгарахаас сэрэмжилж эртнээс бэлтгэж байж болох юм гэж зарим шинжээч үзэж буй аж. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага үндэслэлтэй байж болох өөрийн хэд хэдэн нотолгоог дурдсан байна. Юуны урьд Ким Чу Э Солонгосын ардын армийг үүсгэн байгуулсны ойн баяр зэрэг олныг хамарсан арга хэмжээнд оролцоод, үзэгдээд байх болжээ. Цааш нь тус улсыг үндэслэгч Ким Ир Сенийг оршуулсан бунханд 2026 оны нэгдүгээр сард гэр бүлээрээ очиход охин оролцсон байна. Эцэст нь улс төрийн зарим асуудлаар Ким Жөн Ун охиныхоо бодол санааг сонирхдог болсон шинж байдал анзаарагджээ. Удирдагчийн охин чухам ямар хүн болох тухай маш бүрхэг. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага хийгээд Өрнөдийн шинжээчдийн үзэж буйгаар 2012-2013 оны орчимд төрсөн болов уу, ийм охин байгаа талаар дэлхийн дахин 2013 онд л Пхеньянд айлчилсан Деннис Родмений “Би Чу Э-г тэврээд Кимийн гэргийтэй ярилцсан” гэж хэлснээс мэдсэн байдаг. 2023 онд охин баярын жагсаал, хүлээн авалт зэрэг арга хэмжээнүүдэд оролцож байв. 2025 онд Дэлхийн II дайнд Япон бууж өгсний 80 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг үзэхээр Бээжинд эцгийнхээ хамт очсон нь түүний анхны гадаад айлчлал байлаа. Тэнд БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай хамт арга хэмжээнд оролцсон байна. Эцэг нь түүний насан дээр ер ингэж яваагүй аж. Ким Чу Э олны өмнө үзэгдэх нь ийн нэмэгдэж буй ч Умард Солонгосын удирдагчийг залгамжлах асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. Ким Жөн Уных өөр хоёр ч хүүхэдтэй, том нь эрэгтэй, багынх нь хүйс одоо хэр нь мэдэгдээгүй байна. Харин аль аль нь ч олны нүдэнд үзэгдээгүй байгаа.
Ким Чу Э охин олны өмнө гарч ирээд байгаа нь жинхэнэ залгамжлагч эр хүйстнийг олон нийтийн анхааралд өртөхөөс хамгаалж буй халхавч үйл явдал байж болох юм гэх таамаг бас байдаг. Тэгвэл дараачийн удирдагчийг танилцуулахын өмнө түүнийг ёс болгож ашиглаж байгаа юм гэж Өмнөд Солонгосыг нэгтгэх яамны орлогч сайд Ким Хёнсок мэдэгдсэн байна лээ. Тэгтэл Ким Жөн Уны дүү охин Ким Ё Чон гэж сүрхий өрсөлдөгч байгаа мэт яриа бас бий. Хэрэв залгамжлагчаа сонгоход нь Ким Жөн Унд дүү нь саад хийхийг оролдвол түүнийг дүүгээ гэдгийг огт хайхралгүй асуудлыг хатуу ширүүн шийдэх нь дамжиггүй. Гэхдээ Ким Жөн Ун гэнэт нас барвал Ким Ё Чон эрх мэдлийн гол хүн болох магадлалтай” гэж Солонгосыг нэгтгэх яамны хэвлэл эрхэлсэн нарийн бичгийн дарга байсан Чо Жун Хи мэдэгдсэн удаа бас байгаа. Ким Жөн Уны охиныг эцгийнхээ сурч байсан Швейцарт очиж суралцвал зүгээр сэн гэх бодолтой хүн Умард Солонгосын эрх мэдэлтнүүдийн дотор бас цөөнгүй байдаг бололтой.
Р.Жаргалант