Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдийн бодлыг сонсохын тулд “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх санал асуулга явуулахаар Засгийн газраас шийдвэрлэжээ. Санал асуулгын эхний шатыг энэ сарын 27-ноос ирэх сарын 3, дараагийнхыг дөрөвдүгээр сарын 11-12-нд зохион байгуулах нь. Үүний дагуу Зөвлөлдөх зөвлөлийн ажлын алба болон дэд ажлын хэсгүүд байгуулсан аж. Зөвлөлдөх зөвлөлийн нэр дэвшиг чийн сонгон шалгаруулалтад 46 иргэн нэрээ дэвшүүлснээс Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан, Д.Алтай, Н.Жанцан, Н.Батнасан, Д.Чойжамц, Б.Лхагважав, Л.Төр-Од, Р.Хатансайхан нарыг гишүүнээр томилсон байна. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв, Хуримтлалын, Хөгжлийн гэсэн гурван сангаас бүрддэг. Одоогоор АМНАТ-ийн 65 хувиар санхүүждэг Ирээдүйн өв санд зургаа, ТӨК-иудын ногдол ашгийн 34 хувиас санхүүждэг Хуримтлалын санд нэг их наяд төгрөг тус тус байгаа гэнэ. Харин төсвийн давсан орлогын 50 хувиар санхүүжих учиртай Хөгжлийн сан хоосон байгааг Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлсэн. Хууль нь батлагдаад удсан ч Баялгийн санд хангалттай мөнгө хуримтлагдахгүй байгаа учраас хэрхэн арвижуулах арга замыг олон нийтээс асуухаар шийдсэн юм байна.