АН-ын бүх шатанд дотоод сонгууль өрнөж буй. Өчигдөр тус намын аймаг, дүүргийн намын хороод тус бүрдээ хуралдаж, эдгээр нэгжийн дарга болон Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүнийг тодруулах сонгуулиа хийв. Аймаг, дүүргийн намын хорооны даргад нэрээ дэвшүүлэх хүмүүсийг энэ сарын 22-ны 12.00 цаг хүртэл бүртгэсэн байна. Мөн шинэчилсэн дүрмийн дагуу тус намын ҮБХ-нд нийт 378 гишүүн сонгох юм. Улмаар аймаг, дүүргээс нэрээ дэвшүүлэх хүмүүсийг энэ сарын 17-19-нд бүртгэсэн. Нийт 1000 орчим хүн ҮБХ-ны 378 гишүүний квотод нэрээ дэвшүүлжээ. Дотоод сонгууль нь болж буй учраас УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэнгүй. Учир нь тус намын дүрэм ёсоор ҮБХ-ны гишүүн л УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй. Тэгэхээр УИХ-ын гишүүд нь ч уг сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй тул тус тусын сонгогдсон аймаг, дүүрэгтээ ажилласан байна.
Энэ удаагийн сонгуулиараа тус намынхан нэр дэвшүүлэх квотоо 39-өөс дээш болон доош насны эрэгтэй, эмэгтэй хэмээн дөрөв ангилжээ. Тухайлбал, Архангай аймгаас нийт 12 хүнийг ҮБХ-нд сонгох аж. Үүнээс нь эмэгтэйчүүдэд дөрөв, эрчүүдэд зургаан мандат ногдож буй. Залуу буюу 39- өөс доош насны эмэгтэй, эрэгтэйд тус бүр нэг мандат оноосон. Тэгвэл дөрвөн эмэгтэй квотын төлөө УИХ-ын гишүүн Б.Жаргалан, сэтгүүлч С.Батзаяа тэргүүтэй есөн эмэгтэй өрсөлдсөн байна. Эрчүүдийн зургаан мандатад УИХ-ын гишүүн П.Мөнхтулга болон Л.Эрхэмбаяр тэргүүтэй 16 хүн нэрээ дэвшүүлжээ. Залуучуудын эрэгтэй, эмэгтэй мандатад тус бүр гурван хүн өрсөлдсөн байх нь. Архангай аймгийн намын хороонд 19 сум, төвийн найман багаас 164 гишүүн сонгогдсон бөгөөд тэд ҮБХ-нд илгээх 12 хүнээ сонгосон гэсэн үг. Тус намынхан дотоод сонгуулийн дүнгээ шөнөдөө нэгтгэнэ гэж байв. Тиймээс аймаг, дүүргийн намын хорооны даргаар хэн хэн сонгогдсон болон ҮБХ-ны шинэ бүрэлдэхүүний талаарх нэгдсэн мэдээллийг өнөөдөр танилцуулахаар төлөвлөжээ.
С.Уул