Олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнд оролцож буй Иракийн хөлбөмбөгийн шигшээ дүрэм зөрчсөн нь илэрсэн тул техникийн ялагдал хүлээсэн байна. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Арабын нэгдсэн Эмиратыг талбайд нь 2:0- ээр хожсон. Гэвч тэр үед торгуультай байсан тоглогчийг талбайд гаргасан нь илчлэгдсэн юм. Энэ явдлыг Азийн хөлбөмбөгийн холбоо авч хэлэлцээд дээрх шийтгэлийг оноожээ. Үүний үр дүнд ганц оноотой болсон Ирак хэсгээс шалгарах боломжоо алдсан бол АНЭУ найман оноотой болов.
Гроздева олимпийг бойкотлоно
Олимпийн хошой аварга буудагч бүсгүй Мария Гроздева Лондоны олимпийг бойкотолж магадгүй байна. Тэрбээр улсынхаа буудлагын холбооны ерөнхийлөгчийг албанаасаа огцрохгүй бол олимпийг өнжинө гэдгээ мэдэгдсэн юм. Холбооноос түүний “Левски Софарма” буудлагын клубийг дотоодын тэмцээнүүдэд оролцохыг хориглосон нь Гроздеваг ийм шийдвэр гаргахад хүргэжээ. “Миний шаардлага маш энгийн. Холбооны ерөнхийлөгч Шишманов ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Эсвэл би Лондоны олимпод оролцохгүй” хэмээн болгар бүсгүй ярьсан байна. Манай О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын гол өрсөлдөгчдийн нэг Гроздева олимпийн наадмаас хоёр алт, гурван хүрэл медаль хүртэж байв.
Шинэ технологийг олимпод ашиглаж амжихгүй
Олон улсын волейболын холбоо (FIVB) бөмбөг шугамын гадна, дотор буусан эсэхийг нарийн нягтлах шинэ төхөөрөмжийг олимпийн үеэр ашиглах боломжгүй гэж мэдэгдлээ. Холбооны хэвлэлийн төлөөлөгч Ричард Бэйкер “Ийм технологийг ашиглах талаар ярилцсан нь үнэн. Гэхдээ одоогоор тоглолтод ашиглахад бэлэн биш байна. Есдүгээр сард болох FIVBгийн ээлжит конгрессоор асуудлыг нухацтай хэлэлцэх байх. Гэхдээ үүнийг ашиглахын тулд эхний ээлжинд дүрмэндээ өөрчлөлт оруулах ёстой” хэмээн ярьжээ. Шинэ технологийг олимпод ашиглаж амжихгүй ч 2014 оны ДАШТ-д хэрэглэх бололтой. “Hawkeye” нэртэй энэхүү технологийг теннис болон крикетийнхэн ашигладаг. Энэ нь бөмбөгний дотор бичил чип суулгасны тусламжтайгаар бөмбөг шугам давсан эсэхийг ямар ч маргаангүйгээр тогтоох юм. Мөн хөлбөмбөгт ч ашиглах талаар яригдаж байгаа билээ. Түүнчлэн тэквондогийнхон оноо тооцох шинэ технологийг олимпийн наадамд нэвтрүүлэхээр болсон байна.
Пара дугуйчид Британийн найдвар
Лос-Анжелес хотноо болсон пара дугуйн ДАШТ-д Их Британийн тамирчид өндөр амжилт үзүүллээ. Тэд энэ тэмцээнээс найман алт, долоон мөнгө, хоёр хүрэл медаль авч, багийн дүнгээр тасархай өнгөлсөн юм. Долоон алт, гурван мөнгөтэй Австрали удаалжээ. Пара дугуйчдынх нь энэхүү амжилт удахгүй болох паралимпод британичууд өндөр амжилт гаргаж магадгүй гэсэн найдварыг төрүүлж байна.