Нийтийн тээврийн бодлогын газраас “Чингис хаан” олон улсын нисэх буудал (ОУНБ) руу 2025 оны тавдугаар сарын 2-ноос автобус явуулж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд ШҮ:4, Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “Таван шар-Чингис хаан ОУНБ” чиглэлд нийт арав гаруй нийтийн тээврээр иргэдэд үйлчилж иржээ. Сүүлд стандарт хангасан автобуснуудаар 24 цагийн турш үйлчилдэг болсон юм. Тэгвэл дээрх чиглэлүүдээс Х:20 дугаартай автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаа тус газраас өчигдөр мэдээллээ.
Х:20 дугаартай автобус нь Таван шараас Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар, “Чингис хаан” ОУНБ-ын чиглэлд том хүнд 10 000, хүүхдэд 5000 төгрөгөөр үйлчилдэг. Цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулснаар Таван шараас 05.50 цагт буюу өмнөхөөсөө харьцангуй эрт явдаг болжээ. Автобус хоорондын зай нэг цаг байх бөгөөд нисэх буудлаас буцахдаа 06.50-22.30 цаг хүртэл зорчигчдоо тээвэрлэх аж.п
Харин Х:19, ШҮ:4 дугаартай нийтийн тээврээр Сүхбаатарын талбайгаас Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн I зогсоол, “Буянт-Ухаа” спорт цогцолбор, “Чингис хаан” нисэх буудлын чиглэлд том хүн 15 000, хүүхэд 7000 төгрөгөөр урьдын адил зорчиж буй. Эл чиглэлийн автобус нисэх буудалд 07.25 цагаас эхлэн 30-60 минут тутамд ирж, буцдаг, Сүхбаатарын талбайд 00.40 цагт хүрснээр аяллаа зогсоодог байна. Иймд иргэдийг UBCARD аппликэйшнээрээ чиглэл, цагийн хуваариа харж үйлчлүүлэхийг зөвлөв. Мөн автобусны суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой гэнэ.
М.Гэгээ