УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит бус хуралдаан хийв. Намрын чуулганыг завсарлах, эсэхэд гол саад болоод байсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар тус намынхан МАН-д буулт хийсэн байна. Хоёр сонгуулийг хамт явуулахаар одоо мөрдөж буй хуульд заасан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан учир санал хураах өдөр, цаг гэх мэт зөрчил хоёр хуулийн хооронд үүссэн. АН-ынхан хамт явуулах байр суурьтай байгаа учир Орон нутгийн сонгуулийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулаад өргөн барьсан билээ. Гэвч МАН “Хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулах боломжгүй” гэж үзээд эсрэг агуулгатай төсөл өргөн барьсан. Эдгээрийг хэлэлцэх, эсэхийг тус тусад нь шийдсэн ч зарчим дээрээ хоёр нам одоо болтол ойлголцоогүй байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах үед АН олон удаа буулт хийсэн. Энэ уян хатан байдлаа тэд дахин давтахаар болжээ. Уржигдар тус намынхан Ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулан МАН-ынханд “Зөвхөн нийслэл, аймгийн орон нутгийн сонгуулийг УИХынхтай хамт хийе. Сум, баг, дүүрэг, хорооны сонгуулийг намар зохион байгуулж болно” гэсэн санал хүргүүлжээ. УИХын болон аймаг, нийслэлийн сонгуулийн үеэр 400 орчим төрлийн саналын хуудас хэвэлнэ. Анхан шатны бусад нэгжийн сонгуульд нийт 1500 төрлийн саналын хуудас хэвлэх учраас эдгээрийг түр хойшлуулж болно гэж үзсэн аж. Намар болтол СЕХ будлиад байгаа программаа зохиож, бэлтгэл ажлыг хангаж амжина гэж үзсэн байна. Гэвч МАНынхан хариу өгөөгүй байгаа гэнэ. Хоёр нам ийнхүү эргэлзэж байх зуур УИХ-ын намрын чуулган завсарлах хугацаа тулав. Бүлгийн хурал дааныхаа талаар ахлагч Ч.Сайханбилэг өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр,
-УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу намрын чуулган энэ сарын 10-нд завсарлах ёстой байсан. Шаардлагатай үед хуралдааны хугацааг УИХ-ын дарга нэг удаа долоо хоногоор сунгах эрхтэй. Долоо хоногийнх нь хугацаа өнөөдөр (өчигдөр) дуусаж байна. Тиймээс манай Бүлгээс өнөөдөр үдээс хойш хуралдах чуулганаар хэлэлцэн шийдэх боломжтой асуудлаа яриад завсарлуулъя. Улмаар маргаашнаас залгуулаад ээлжит бус чуулган хуралдуу лах нь зөв гэсэн санал гаргалаа. Дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь шаардвал ээлжит бус чуулган зарлах боломжтой” гэж заасан. Энэ заалтыг анх удаа хэрэглэх гэж байна. Манай Бүлгээс ээлжит бус чуулган зарлах хүсэлтийг УИХ-ын даргад тавина. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай болон УИХын 39 дүгээр тогтоолыг ээлжит бус чуулганаар ярилцах нь зөв гэж үзсэн. 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж буй учир иргэдэд хувьцаа, эх орны хишиг хүртээх асуудлыг зохицуулсан 53, 57 дугаар тогтоолд ч бас Засгийн газар нэмэлт, өөрчлөлт оруулж нийцүүлэх ёстой. Тогтоолын эл зөрчлийг арилгах төслөө өргөн барьсны дараа асуудлыг шийднэ.
-МАН-ынхан танай бүлгийг буулт хийхийг хүлээж байсан байх. Одоо яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ?
-Тэд Удирдах зөвлөлөө хуралдуулж, энэ талаар ярих хэрэгтэй гэсэн. Сая МАН-ын удирдлагын хамт УИХ-ын даргатай уулзсан. Тэгэхэд МАН-ынхан өнөөдөртөө багтаж Удирдах зөвлөл хуралдах боломжгүй гэж байна. Шударга сонгууль явуулахын тулд АН буулт хийж, дээрх сана лыг гаргалаа.
-Танай Бүлгийн уржигдар болсон хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах талаар ярилцсан гэсэн. Түүнийг огцруулах асуудлыг хэзээ оруулах юм бэ?
-Хэвлэлээр гарсан мэдээлэлд тодорхой тайлбар гаргуулсан юм. Сайдын зөвлөлийн хурлынхаа протоколийг авчир гэж Ж.Энхбаяр сайдад хэлсэн. Энэ асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ өнөөдрийн хэвлэлүүдээр сайдын өгсөн ярилцлагад “Долоодугаар сарын 1-нийх шиг явдал болоход армиа бэлэн байлгана” гэсэн мэдээллээ баталсан зүйл байна лээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг сонссоны дараа түүнийг огцруулах асуудлыг ярихыг үгүйсгэхгүй. Ээлжит бус чуулганаар ярих бас нэг асуудал нь энэ байна гэв.
С.ТУУЛ