Жил бүрийн дөрөвдүгээр сар бол хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж эхлүүлдэг чухал үе. Өвөлжин ажин түжин байсан тал, хөндийд техник, тоног төхөөрөмжийн дуу хадаж, тариалангийн талбайд хөрсний ус, шим байдлыгажигласан мэргэжилтнүүд, тариаланчид тонголзож эхэлнэ. Ажиглаж, хэмжиж, арга хэмжээ авч, тоног төхөөрөмжүүдээ засаж сэлбэсээр тавдугаар сартай уралдан тариалалтаа эхлүүлнэ. 2025 оны намар манай улс нийт 740 гаруй мянган тонн ургац хураан авсан нь өмнөх жилийнхээсээ 40 орчим хувиар буурсан дүн болсон. Энэ нь хүн амын жилийн хэрэгцээний гурил болон улаан буудайн 62, төмсний 77, хүнсний ногооны 73 орчим хувийг дотоодоос хангах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил газар тариалангийн салбарын амжилт гавьсангүй, ажлын үр дүн муу байлаа. Үүнд байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу ган болон гантай цөлөрхөг хөрсөнд мөндөр орсон нь нөлөөлж ургац алдлаа хэмээн тариаланчид, албаныхан дүгнэсэн юм.
Тэгвэл энэ жил 617 000-620 000 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮ)-наас мэдээллээ. Энэ нь талбай хэмжээг 2025 оныхоос 30-40 мянган га-гаар өсгөсөн тооцоо бөгөөд улаан буудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангах зорилтоо ахин дэвшүүлсэн аж. Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Хаврын тариалалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ жил бүх төрлийн тариалан эрхлэгчдэд нийт 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Зээлийн хүсэлтээ иргэд, аж ахуйн нэгжүүд аймаг, дүүргийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлж байгаа бөгөөд тавдугаар сарын дунд үе гэхэд олгож дуусна. Өмнө нь зээл авсан, зээлийн өр төлбөртэй аж ахуйн нэгжүүд банкны шаардлагын дагуу ахин зээлд хамрагдах боломжтой. Гэхдээ арилжааны банкаар дамжуулж зээл гаргадаг учраас банкны шалгуурыг хангах нь чухал. Мөн энэ онд өнгөрсөн жилийнхээс тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлж байгаа бөгөөд ургац ч илүү хураахаар төлөвлөж буй. “Атар-IV” аяны хүрээнд ирэх 3-4 жилд тариалангийн талбайн хэмжээг 200 000 га-гаар буюу одоо байгаагаас 30-аас дээш хувиар өсгөх зорилт бий” гэлээ.
10 000 ТОНН ШАТАХУУН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОНО
Газар тариалангийн ажилд хамгийн хэрэгцээт зүйл нь шатахуун, шатах тослох материал. Манай улсын хувьд хаврын тариалалт, намрын ургац хураалт зэрэгт нийт 20 000 гаруй тонн түлш хэрэглэдэг юм байна. Үүнээс 10 000 тонныг нь 3300-3500 төгрөгөөр буюу нэмэгдээгүй үнээр нь нийлүүлэх хүсэлтийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон шатахуун импортлогч компаниудад хүргүүлсэн гэнэ. Ингэснээр эхний ээлжид дээрх дүнгээр нийт хэрэгцээт түлшнийхээ 50 орчим хувийг худалдан авахаар болжээ. Цаашид одоо мөрдөж буй үнийг нь өсгөхгүйгээр дизелийн түлш болон бусад шатахуун авах боломж бүрдүүлнэ гэдгээ ХХААХҮЯ-ныхан хэлэв. Мөн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор зуны хүлэмж болон дөрвөн төрлийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй зээлээр олгох аж. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс хүнсний ногооны тариалалт 1500 га-аар, ургац 20 мянган тонноор өсөхөөр тооцжээ. Болзошгүй эрсдэлээс сэргийлж үүл буудах пуужингийн нөөцийг ч нэмэгдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэсэн гэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалахад зориулж мөн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Сэргээгдэх эрчим хүчинд суурилсан болон цахилгаан станцын илүүдэл дулааныг ашиглах, дэвшилтэт технологи бүхий ухаалаг хүлэмжийн аж ахуйг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барина гэдгийг ч ХХААХҮЯ-нынхан дурдлаа.

ҮРИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЬЕ
Сүүлийн 10 орчим жил манай улс жил бүр 56 000 орчим тонн улаан буудайн үр хэрэглэж иржээ. Үүнээс энэ хавар 50 гаруй хувь нь буюу 28 000-29 000 тонн нь аж ахуйн нэгжүүдэд бий хэмээн Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны (МТГҮХ) дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр хэлсэн юм. Тэрбээр “Хөдөө аж ахуйн корпорацаас 10 000 тонн улаан буудайн үрийн дуудлага худалдааг эхлүүлсэн. Үлдсэнийг нь импортлохоор болсныг салбарын яамнаас мэдээлсэн. Тэгэхээр улаан буудайн үр хүрэлцэх байх. Хүнсний ногооных ч хүрэлцээтэй байгаа юм билээ. Харин төмсний үрийн нөөц хэцүү байна. Энэ жил 16 000 га-д төмс тарихад МТГҮХ-ны тооцсоноор 40 000 тонн үр хэрэгтэй. Өрхийн тариаланчдаа оролцуулбал га-гийн хэмжээ ч мөн өснө. Нэг га-д 2.5 тонн, нэг бүр нь 30-40 грамм төмс хэрэгтэй гэвэл 40 000 тонн болно гэсэн үг. Гэтэл улсын хэмжээнд 15 000 орчим тонн үр байгаа гэсэн. Үлдсэнийг нь импортлох болов уу. Ер нь жилийн жилд бүх төрлийн таримлын үрийн асуудал хурцаар тавигддаг. Улаан буудайн үр авахад жил бүр 3-5 сая ам.доллар зарцуулж ирлээ. Гэтэл үрийн аж ахуй хөгждөггүй. Улаан буудайн үрийн 12, төмсний үрийн хэд гурван аж ахуй бий ч үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Тиймээс юуны түрүүнд үрийн аж ахуйг хөгжүүлж, дотоодоос нөөцөө бүрдүүлэх шаардлагатай” гэлээ.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Орхон сумд үйл ажиллагаа явуулдаг “Хос булаг” компанийн захирал Ц.Амгалан “Манайх 400-500 га газартай. Үүнээс энэ жил 180 га-д нь рапс, мөн 150- 180 га талбайд нь улаан буудай тарихаар төлөвлөөд байна. Рапсын үрийг дотооддоо ургамлын тос үйлдвэрлэж буй “Mind tech” компаниас авахаар болсон. Намар хураах ургацаасаа тус компанид рапс нийлүүлж, хамтран ажиллах юм. Харин улаан буудайн үр олдоц багатай, үнэ нь өндөр байна. Аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газраас авахаар л ярилцаж байгаа. Энэ жил улаан буудайн нэг тонн үр 1.8-2 сая төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 20-30 хувиар өссөн. Бас зээлийн асуудал шийдэгдээгүй хүнд байна” гэлээ.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ДУТАГДАЛТАЙ ХЭВЭЭР БАЙНА
Газар тариалан эрхлэх нь наймаа бизнес гэхээсээ илүүтэйгээр нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг, байгаль цаг уураас хараат, хүнд ажил гэдгийг хэлэх хүн олон. Тиймдээ ч жил ирэх бүр газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн тоо буурсаар байгаа аж. Тодруулбал, 2022 онд 1590 аж ахуйн нэгж тариалан эрхэлж байсан бол 2023 онд 1553, 2024-2025 онд 1500 болж цөөрчээ. Үүнд олон шалтгаан бий. Юуны түрүүнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүд санхүү, техникийн хувьд хөл дээрээ тогтохгүй, бэхжиж чадахгүй байсаар үүдээ барьдаг аж. Хэдийгээр улсаас хөнгөлөлттэй зээл олгож, үр бордооны нийлүүлэлтэд тусалдаг ч зээл авах шалгуур хангаж чадахгүй, банкны шалгуурт нийцдэггүй, үл хөдлөх хөрөнгө муутай компаниуд олон гэнэ. Мөн тариалангийн бүс нутгийн гуравны нэг нь буюу 30 гаруй хувийнх нь хөрс элэгдсэн нь газрын шимийг бууруулж, нэгжээс авах ургацын хэмжээг багасган ашигт сөргөөр нөлөөлж буй аж. Тариалан эрхлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, шатахуун зэргийг бүгдийг нь импортолдог буюу зарцуулж буй арван нэгж бүтээгдэхүүний долоог нь гадаадаас худалдан авдаг, ам.долларын ханшийн өсөлт зэрэг нь аж ахуйн нэгжүүдэд хүнд туссан хэвээр. Үүнээс гадна ажиллах хүчгүй болж, газар тариалангаар мэргэшсэн хүний нөөц, техникч, трактор комбайны жолооч ч нүдний гэм болжээ. Энэ талаар Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ганжигүүр багана” компанийн төлөөлөл “Газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмж улам сайжирч буй ч хүний хөдөлмөрөөр бүтээх ажил их. Хавар газраа цэвэрлэх, хог ургамлаас салгах, хөрсөө сийрэгжүүлэх, хагалах, бордох гээд ажил ундарна. Энэ хэрээр хүн хүч хэрэгтэй болдог ч ажиллах хүч олддоггүй. Сумын төвүүд эзгүйрч, залуучууд хот хүрээ бараадсан учраас ахимаг насны хэдэн хүн л газар дээр ажиллаж байна. Хэрвээ тариаланчид, компаниуд баян, санхүүгийн хувьд бэхжиж чадсан сан бол өндөр цалин амлан хүмүүсийг ажиллуулж болох байх. Тэгвэл яагаад ийм их зээл тусламж авдаг байж баяжиж, хөл дээрээ тогтож чадахгүй байна вэ гэсэн асуулт гарна. Үүнд олон хүчин зүйл нөлөөтэй ч төрийн бодлого шийдвэр тогтворгүй байдаг нь хамгийн хор уршигтай. Гурил, улаан буудайн татварыг заримдаа тэглэдэг, буудайн урамшууллыг нэмдэггүй, эсвэл зөвхөн тосны ургамлаар “гол зогоох” боломж бүрдүүлээд хаячихдаг. Мөн дотооддоо тариалж болох бүтээгдэхүүний импортын татварыг нэмж, өөрсдөө хөгжих нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гэтэл жил бүр л өөр бодлого, өөр шийдвэр гарган, урт хугацаанд хөгжиж, дэвших боломжоо хаадаг” гэлээ.
Тариалалт эхлүүлэх нэг хэрэг. Ургац авах нь өөр асуудал. Ургацын хэмжээ их, газар тариалангийн улирлыг эрсдэл багатай даван туулахад байгаль, цаг уурын араншин нөлөөлнө. Үүнээс гадна дээр дурдсанаар газар тариалангийн ажил хийхэд шаардлагатай 10 нэгж бүтээгдэхүүний долоог нь импортолдог учраас ханшийн савлагаанд өртөнө гэсэн үг. Ялангуяа энэ хаврын хувьд шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ өнгөрсөн жилийнхээс бараг хоёр дахин өссөн байна. Энэ нь Ойрх Дорнод дахь мөргөлдөөнөөс шалтгаалан газрын тосны олборлолт, нийлүүлэлт танагдсанаас үүдэлтэй аж. Яагаад гэвэл бордоо болон ургамал хамгааллын бодисын найрлагад газрын тосны зарим бүтээгдэхүүн чухал бүрэлдэхүүн нь болдог. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн салбарт хэрэглэх бүх түүхий эд, шаардлагатай бодис, шатахууны үнэ өссөн, цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй үед хаврын тариалалт эхлэх нь.