АН-ынхан ойрд дотроо бужигнаантай байна. Учир нь өнөөдөр болох тус намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар ерөнхий нарийн бичгийн даргаа томилж, дэд дарга нараа сонгох ёстой. Тиймээс эдгээр албан тушаалын төлөөх марафон өрнөж буй юм. Өмнө нь тэд С.Баярцогтыг ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл уржигдар орой болсон Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар түүнийг үүрэг гүйцэтгэгчээс нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл гарав. Харин С.Баярцогт өөрөө үүнийг үгүйсгэжээ. УИХ дахь бүлгийнх нь гишүүд ч хуваагдсан байр суурьтай байна. Намын генсек, дэд дарга нараа баталгаажуулсны дараа УИХ дахь бүлгийн даргаа тодруулахаар хойшлуулаад буй. Уг албан тушаалд Х.Тэмүүжин, Б.Түвшин тэргүүтэн өрсөлдөж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр болох ҮБХ-ны хуралдаанаар АН-ын “гал тогоо”-г хэн барих болон таван дэд даргаа фракцууддаа хэрхэн хуваарилахтай холбоотой маргаанаа тасалж, шийдэх нь.
С.Уул