АН-аас томилогдоод байсан сайд нарын оронд суудалд нь тухалсан хүмүүсийн түрүүч огцрох мэдэгдлээ өнгөрсөн баасан гаригт “гардан авав”. Энэ бол Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр. Албаа аваад сар ч хүрээгүй энэ эрхэм ард түмнийхээ төлөө сэтгэлээ хэт “чилээсний” учир ийн хүү огцрох асуудлыг нь хэлэлцэхэд хүрээд буй юм. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр сайдын зөвлөлийнхөө хурал дээр нийслэл хотод ойрхон байрлалтай цэргийн ангиудыг бэлэн байдалд байлгах санал оруулсан нь хэвлэлээр цацагдаж, бөөн маргаан дагуулсан. “Долоодугаар сарын 1” шиг үйл явдал болоход арми бэлэн байх ёстой хэмээн сайд “санаа тавьсан” юм байж л дээ. Бүр мэргэн буудагчид бэлтгэх ёстой гэж лүндэн буулгасан бололтой юм. Энэ тушаалыг Батлан хамгаалахын шинэ сайд Ж.Энхбаярт хаяглаад байгаа болохоос бус Лу.Болдын үед сэдсэн асуудал гэж учир мэдэх нэгэн ярьж байсан гэдэг. Хамгийн их маргаан дэгдээсэн зүйл бол Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар томилогдож очсон даруйдаа баахан халаа, сэлгээ хийсэн явдал. Сайдаар томилогдохынхоо урьд өдөр түүнийг Говь-Алтайн гаралтай генерал, бас бус хүмүүстэй уулзаж, хэнийг хэнээр солих төлөвлөгөөгөө боловсруулсан гэх мэдээлэл ч бий.
Гурван жил хамтраад одоо сөрж буй АН-ынхны хараанаас иймэрхүү “бай” мултарна гэж үгүй. Түүнийг огцруулах тухай хүсэлтээ Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн бариад байна. Мэргэн буучдыг ард түмэн рүүгээ онилуулах сайдын “мэргэн” шийдвэр Үндсэн хуулийн 11.2-ын “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна”, Батлан хамгаалах тухай хуулийн 3.2 дахь “Батлан хамгаалах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад улс орны бэлэн байдлыг хамгаалах зорилготой...” гэснийг зөрчжээ. Мөн “байлдааны бэлэн байдал” тогтоох нь Батлан хамгаалахын сайдын бүрэн эрхийн асуудал биш тул эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн тэд үзсэн байна.
ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙНХ НЬ ТОЛГОЙ ДЭЭР УНАВ
Тэрбээр нутгийн ах нараасаа цэргийн болон улс төрийн бодлогын зөвлөхөө томилохоор шийджээ. Ж.Энхбаярыг сайд болоод очиход БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг Ш.Сүхбаатар гүйцэтгэж байсан. Түүний оронд хошууч, генерал Я.Чойжамцыг томилно гэдгээ шинэхэн сайд шуудхан л мэдэгдэж. Гэтэл өнөөх нь яаманд огт хамаагүй эрхэм байдаг. Тиймээс эхлээд ядаж Газрын дарга болгоод дээрх албыг хавсаргах хэрэгтэй болов. Ингээд Төрийн захиргаа, удирд лагын газрын даргад түүнийг дэвшүүлэхийн тулд газрын дарга, бригадын генерал Д.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, хэргээ бүтээчихээд буцаагаад чөлөөлсөн гэнэ. Өнөөх хэрэг болгон зүтгүүлсэн Я.Чойжамцыг нь Төрийн алба ны зөвлөл хүлээж аваагүй. Сонгон шалгаруулж байж уг албан тушаалд очих хүнийг томилох учиртай атал сайд шууд л нутгийн ахаа зүтгүүлээд бүтэлгүйтсэн нь энэ. Бас болоогүй, тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хамгийн мундаг, энэ салбарт ховордсон хүмүүсийг томилсноо бардамнан ярьсан юм. Гэвч хууль бус томилгоо нь түрүүчээсээ саадтай учирч, одоо өөрийг нь огцруулах асуудлыг хөндөх шалтгаан болов. Өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унажээ.
МАН-ЫНХАН ЮУНД САНДАРНА ВЭ
Түүнтэй хамт томилсон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нар салбарынхаа ажилтай танилцаж, ямар ч байсан хүмүүстэй уулзаж, гадуур ажиллаж байна. Н.Хүрэлбаатар угаас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан, Ц.Дашдорж 2004-2008 онд салбарынхаа дэд сайдаар ажилласан туршлагатай. Гэтэл салбарын ямар ч туршлагагүй Ж.Энхбаяр Батлан хам гаалахын сайдын суудлыг АН-аас дөнгөж авмагцаа л яаран сайдын зөвлөлөө хуралдуулан мэргэн буудагч бэлдэх санал оруулсны учир юу вэ. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр заавал “долоодугаар сарын 1” болно хэмээн зөгнөж, армиа бэлтгээд буй нь сонин. Ванга мэт ийн зөгнөж буй тохиолдол МАН-ын хувьд анхных биш юм. Өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч бас Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нийтийг хамарсан жагсаал, цуглааны үеэр цагдаа, дотоодын цэргийнхэнд зэвсэг хэрэглэх эрхийг өөрийн шийдвэрээр олгох төсөл санаачлаад бүтэлгүйтсэн. Түүний амжуулж чадаагүйг шинэхэн сайд дахин нэг зүтгүүлэхээр үзэв бололтой. Түүхэнд хар толбо үлдээсэн дөрвөн жилийн өмнөх тэр үймээн, ард түмнийг босоход хүргэсэн сонгуулийн луйврыг давтуулахгүй гэж түшээд амласан юмсан. Сон гуулийн тухай хуулийг чухам ийм л зорилгоор шинэчлэн найруулж баталсан.
Гэтэл Батлан хамгаалахын сайд нь “Тийм явдал болоход бэлэн бай” гээд байдаг. Сонирхолтой логик биш гэж үү. Сонгуулийг холимог системээр хийж, сонгогчдын бүртгэлийг УБЕГ хариуцаж, саналын хууд сыг автомат төхөөрөмжөөр тоолохоор болсон. Гэхдээ “Саналын хуудас тоолох программыг хүн хийнэ. Тиймээс үүнийг хүсэлдээ нийцүүлэн өөрчлөх боломжтой гэсэн үг” хэмээн гуравдагч хүчнийхэн хардаад буйг МАН-ын сайд нар батлах гээд байх шиг. Жагсаал, үймээн болоход ард түмэн рүүгээ буудаад ч хамаагүй луйвраар олсон суудлаа хамгаална гэхийн оронд шударга сонгууль зохион байгуулахад л эрх баригч нам санаа тавих ёстой. Гэтэл “Луйвар хийнэ, хүмүүс эсэргүүцнэ. Тэр үед нь буудаад өгье” гэсэн санаа цухалзуулаад байх юм. Ороогүй борооны өмнөөс цув нөмрөх гэж МАН сандраад буйн шалтгаан энэ. Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаярыг санал болгохдоо Ерөнхий сайд С.Батболд түүнийг “Энэ салбарын төлөө сэтгэлтэй” хэмээн онцолж байлаа. Харин Ерөнхийлөгч түүнийг илт чамлаж, “Энэ бол Төрийн тэргүүнтэй хамгийн ойр ажилладаг салбар. Ийм салбарыг тэргүүлэх хүнийг сонгохдоо бид сайн бодох ёстой” гэж байсан. Салбартаа жижигдсэн сайд нэг иймэрхүү л зүйлээр оролдоно гэдгийг Ерөнхийлөгч гадарлаад байсан ч юм бил үү.
Эрхэм сайдын одоо хийгээд буй үйлдлээс харахад “МАН-ын төлөө сэтгэлтэй” хэмээн Ерөнхий сайдын үгийг “орчуулж” болмоор санагдана. Генерал аавын туршлага хүүд нь наалдахгүй. Тэгэхээр энэ залууг МАН удахгүй болох сонгуулиар хийх луйврынхаа дараа гарч болох эрсдэлийг даруулахаар түр “хөлсөлсөн” юм биш үү. Эхлээд Ц.Нямдорж, одоо Ж.Энхбаярын хийж буй үйлдэл ард нь МАН байгааг харуулаад байна. Сайд огцруулах асуудлыг хуульд заасан тодорхой хугацааны дотор шийдвэрлэнэ. АН-ынхан Ж.Энхбаярыг огцруулахаар зүтгэх ч тэд цөөнх. “Утсан хүүхэлдэй”-гээ МАН олонхоороо аваад үлдэнэ. Дараа нь харин яадаг бол...