УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 17-нд Ховд аймагт ажиллаж, Мянгад сумын Цагаан булан багийн малчин Ч.Гансүхийнд зочилж, “Алтан төлийн эзэн” шагнал гардуулав. Энэ залуу малчин өнгөрсөн онд 650 гаруй хурга бойжуул сан амжилтаар уг шагналын эзэн болсон аж. Ховд аймгийн малчид 2011 онд мал сүргээ таван төрлөөр нь 132 мянган толгойгоор өсгөж, улсын сайн малчин хоёр, тэргүүний тариаланч нэг төрсөн байна.
Мөн тус аймгийн хэмжээнд 2000-аас дээш малтай зургаан малчин шинээр төрсний нэг нь Ч.Гансүх. УИХ-ын дарга дараа нь Ташмаг хэмээх газар өвөлжиж байгаа залуу малчин С.Хү рэлчулууны сууриар орж өвөлжилтийн байдал, амьдрал ахуйтай нь танилцаж, тэднийд цугласан ойр хавийн малчидтай яриа өрнүүлэв. Энэ жил цас багатай, өнтэй сайхан өвөл болж, малын тарга хүч сайн байгаа. Мөн төр, засгаас явуулж буй бодлогын ачаар малчдын орлого нэмэгдэн ахуй амьдрал нь дээшилж, мал маллах сонирхолтой залуус олширч буйг малчид хэлж байлаа.
Тус аймгаас энэ жил 24 хүн аймгийн сайн малчин цол хүртсэний хоёр нь Мянгад сумынх. Мөн өдөр спикер Мянгад сумын иргэдтэй уулзаж, УИХ-аас хөдөөгийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, УИХ-ын намрын чуулганы үр дүнгийн талаар танилцуулав.