Үргэлжлэл. Түрүүч нь №085 (8389) дугаарт
-Хөгжиж байгаа, хөгжсөн орнууд гадаадын өндөр хөгжилтэй улсуудад ажиллаж, амьдардаг эх орон нэгтнүүдээ улсдаа урьж, тэдний туршлага, мэдлэг боловсролыг ашиглаж ирсэн байдаг. Тухайлбал, манай урд хөрш БНХАУ гадаадад ажиллаж байсан эрдэмтдээ урьж, тухайн улсад авч байсан цалин хөлс, нийгмийн хангамж, тэр бүү хэл, ажиллаж байсан лаборатори, багаж хэрэгслээр нь хүртэл хангасан гэдэг. Манайх “Зөгийн үүр” гээд нэг бодлого гаргаж, гадаадад байгаа өндөр мэргэжилтэй, сайн туршлага хуримтлуулсан иргэдээ дуудсан. Цөөнгүй мэргэжилтэн ирсэн ч 1-3 жилийн дараа бараг бүгд буцсан байдаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Эх орон тань дуудвал ирэх үү?
-Миний хувьд эх орондоо ажиллаж, амьдрах сонирхол их байдаг. АНУ-д авдаг цалин, ажиллах бололцоогоор хангавал би хамгийн түрүүнд явна. Төрийн байгууллагууд хэрхэн хээл хахуулиас ангид, нэг хүний хараат байдлаас сэргийлэн ажилладаг, ажлыг яаж үр дүнтэй, ашигтай болгодог систем нэвтрүүлэх тал дээр багагүй мэдлэг түгээж болно. Худалдан авах ажиллагааг хэрхэн ил тод, үр дүнтэй явуулдаг арга барил, бодлогын талын дэмжлэг үзүүлж чадна. Ер нь бүх зүйл системээ яаж бүрдүүлснээс болж буйг анзаарч байна л даа.
-АНУ-д ажиллаж, амьдардаг монголчуудтайгаа холбоотой байдаг уу. Янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм билээ. Та оролцдог уу?
-Монголчуудтайгаа холбоотой байдаг. Өөрийн найз нөхдийн хүрээнд нийлж, санал бодлоо ярилцдаг. Арга хэмжээ бүхэнд оролцох бололцоогүй. Мэддэг, чаддаг зүйлийнхээ хүрээнд бусдадаа тусалдаг. Монгол эрдэмтдийн чуулга уулзалтад илтгэл тавьж байлаа. Монгол хүүхдүүдийг АНУ-ын их, дээд сургуульд ороход зөвлөгөө өгдөг.
-Таны суугаа нутагт дэлхийд нэр хүндтэй, чадал чансаатай компани, олон улсын банк санхүүгийн байгууллага, үндэстэн дамнасан компаниудад амжилттай ажиллаж байгаа монголчууд байдаг. Тийм хүмүүстэй холбоотой байдаг уу. Өнөөгийн Монголын хөгжил, болохгүй байгаа асуудлуудаар санал солилцож байв уу?
-Монголчууд АНУ-д ирж суурьшаад хамгийн ихдээ 30 жил болж байна. Энэ нь монгол хүмүүс АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд тодорхой байр суурь эзлэхэд тийм ч хангалттай хугацаа биш. Гэсэн хэдий ч монголчууд бид дасан зохицох, шинийг сурах байгалийн өгөгдөлтэй тул АНУын хөдөлмөрийн зах зээл рүү нэвтрээд, амжилттай яваа хүмүүс нэг үеэ бодоход олон болсон. Хувийн бизнес эхлүүлж, амжилттай яваа монгол иргэн цөөнгүй.
Холбооны Засгийн газарт ажилладаг монгол хүн цөөхөн ч гэсэн бий. Би уулзаж байгаагүй. ITийн чиглэлээр дажгүй ажилладаг залуус олон. За тэгээд их сургуулийн профессор, судлаачид бас цөөнгүй. Өөрийн найз нөхдийн хүрээнд уулзаад, эх орныхоо төлөө сэтгэл чилээж, асуудлуудыг ярилцаж, санал солилцдог. Гэхдээ албан ёсны клуб болон тодорхой зохион байгуулалтад орсон нь цөөхөн. Энд байгаа монголчуудыг ийм асуудлаар буруутгаж болохгүй. Гол нь хангалттай олон хүн байхгүйд л учир байгаа юм. Аливаа зүйл зах зээлээ дагаж хөгждөг. Сайн дураараа клуб байгуулаад явъя гэсэн ч оролцогчдын тоо хүрэлцэхгүй байна. Эхлээд явж байснаа зогсчихдог. Спортын клубүүд дажгүй яваад байдаг юм билээ. Учир нь хүн бүр оролцох боломжтой тул зах зээл нь байна гэсэн үг. Бидний хүсээд байгаа think-tank ч юм уу оюун ухааны клубуудэд хангалттай оролцогчдыг бүрдүүлэхэд асуудалтай байсаар. Харин Монголын талаас эргэх холбоогоор дэмжээд өгвөл илүү хурдан хөгжих бололцоотой.
Тэгэхгүй бол brain drain гээч юм Монгол Улсад үнэхээр нүүрлээд байна даа. Шилдэг оюунуудаа бага багаар алдаад байх шиг.
-Монгол эцэг, эхээс төрсөн ч Монголд ирж үзээгүй, эх хэл, соёлоо мэдэхгүй олон мянган хүүхэд янз бүрийн оронд өсөж байна. Тэднийг монгол хүн гэхэд хэцүү, хүүхдүүдийн буруу гэж юу байх вэ. Ийм хүүхдүүдийг яавал монгол хүн болгох вэ?
-Энэ бол өнөө үед тулгарч буй бас л нэгэн нийгмийн асуудал. Энэ асуудалтай хүн бүр нүүр тулахгүй байгаа болохоор мэдрэхгүй яваа нь олон. Ирээдүйд хоолойд тулах нь гарцаагүй. Эн тэргүүнд эцэг, эхчүүд өөрсдөө ихээхэн анхаарах ёстой. Гэртээ аль болохоор монголоороо ярьж байхаас эхэлнэ л дээ. Гадаадад зарим эцэг, эхчүүдийг харж байхад хүүхдүүдтэйгээ тухайн орныхоо хэлээр яриад байдаг. Энэ нь эх хэл, өв соёлоо алдахад хүргэдэг. Энэ асуудалд эерэг шийдэл авчрах зорилгоор АНУ-д монгол сургууль байгуулаад ажилуулдаг хүмүүс байна. Үүнд бүх хүүхдийг хамруулах боломжгүй. Тухайн сургуулийн ойр орчимд амьдардаг монголчуудын хүүхдүүд л сурч байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ амралтаар нь Монголдоо авч очиж эх хэл, өв соёлоо сурахад нь дэмжих хэрэгтэй байна. Эцэг, эхчүүдийн зүгээс ийм байдаг байж. Тэгвэл бид чинь бас төр, засагтай улс шүү дээ. Тэндээс гадаадад амьдарч буй иргэдтэйгээ эргэх холбоо бий болгох, хүүхдүүдэд нь эх хэл, өв соёлоо суралцахад нь дэмжлэг үзүүлдэг тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй хэрэгцээ гарч ирж байна. Эх хэл, өв соёлоосоо хөндийрсөн ч нэгэнт монгол ген агуулж байгаа хүүхдүүдийг монгол биш гэж би хэлэхгүй. Тэд ч гэсэн насанд хүрээд монгол гэдгээрээ бахархах, Монголоо гэх сэтгэлтэй болж л таарна. Амьдралыг туулж байгаа бүх л хүн үүнийг мэднэ.
-Монголчуудын нэг давуу чанар нь дасан зохицох. Дэлхийн ямар ч улсад очсон эх хэл, соёлыг нь богино хугацаанд сурч, бараг тэр улсынхаа иргэдээс ялгагдахааргүй болсон байдаг. Гэтэл тийм чадваргүй хүмүүс бас байна. Тийм хүмүүсээс болж монголчуудын нэр хүнд олон улсад унаад байна уу даа. Энэ талаар бодлоо хэлээч.
-Монголчуудын нэг давуу чанар нь дасан зохицох гэдэгтэй би 100 хувь санал нийлж байна. Харин тухайн орныхоо хэл, соёлыг сурч чадахгүйгээс монголчуудын нэр хүнд олон улсад унадаг гэдэгтэй би шууд санал нийлэхгүй. Бүх юман дээр хандлага гэж байдаг. Хэл, соёлыг нь мэдэхгүй ч зөв хандлагатай хүнд хүн бүр дуртай байдаг, байгууллагадаа ажиллуулахыг хүсдэг. Хандлагадаа алддаг хүмүүс байдгийг үгүйсгэхгүй. Монголчуудын нэр хүнд зарим оронд унасан гэж сонсогддог. Тэр нь хэл, соёлыг нь мэдэхгүй гэхээсээ илүүтэй нийлж бүлэглэн хулгай, тонуул хийх зэрэг ёс бус үйлдлүүдтэй нь холбоотой байх. Саяхан АНУ жуулчлалын визний барьцаа тавих 75 орны жагсаалтад Монголыг оруулчихлаа. 2025 оны наймдугаар сард эхэлсэн туршилтын хөтөлбөр л дөө. Өнгөрсөн жил Монгол энэ жагсаалтад ороогүй байсан тул бид анзаараагүй. Жуулчлалын В1/В2 визээр орж ирсэн хүмүүсийн хоёр хувиас илүү нь хууль бусаар энэ оронд үлдвэл энэ жагсаалтад шууд оруулж байгаа. Энэ нь туршилтын хөтөлбөр тул энэ оны наймдугаар сарын дунд хавьцаа хүртэл үргэлжлэх юм билээ. Цаашид үргэлжлүүлэх нь одоогоор тодорхой бус байна. Ингэхлээр АНУ-д ирсэн монголчууд хэл, соёлыг нь мэдэхгүйгээс болж нэр хүнд нь унаж барьцаа төлдөг болж байгаа биш, ирсэн хүмүүс хугацаандаа буцаад байвал бид барьцаанаас чөлөөлөгдөх байх.
-АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар боломж байгааг Та харж байна вэ?
-АНУ-ын Засгийн газар Мянганы сорилтын корпорац (MCC), USAID хоёроор дамжуулан хөгжиж буй орнуудад хөгжлийн болоод дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлж ирсэн. Гэвч USAID-ыг өнгөрсөн онд татан буулгасан тул одоогоор MCC-ээр дамжуулан хөтөлбөр төслүүдээ хэрэгжүүлсээр байгаа. Монголд сүүлийн таван жилд Усны дэд бүтцийн төслийг хэрэгжүүлээд одоо амжилттай дуусаж байгаа мэдээ байна, сайшаалтай. Энэ нь АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлэн, буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй хоёр дахь том компакт төсөл юм. Эхнийх нь 2008-2013 онд хэрэгжүүлээд дууссан. Үүний хүрээнд Чойр-Сайншандын 179 км урт автозам барьж ашиглалтад оруулж байлаа. МСС-ийн төслүүдийг хэрэгжүүлэхэд тодорхой шалгууруудыг хангаж байж эрх авдаг. Тэгэхлээр шалгуур үзүүлэлтүүд дээрээ анхаарвал дараагийн “Компакт-3”-ыг авах бололцоо бий. Уул уурхай, бусад хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тогтвортой улс төр, хууль эрх зүйн орчин чухал гэж би боддог. Эдгээр зүйлүүд нь тогтвортой, ээлтэй байж чадвал Монгол Улсыг АНУ гэлтгүй дэлхийг дамнасан томоохон корпорацууд сонирхож, хөрөнгө оруулалт хийх нь дамжиггүй.