Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Гүрү Дорж” дэвжээний тамирчин, тивийн аварга, өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл, “Их дуулга” тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Нандин-Эрдэнийн дайчин, шийдэмгий, зоримог, уран барилдаан бөхийн хорхойтнуудын сонирхлыг сүүлийн үед их татах болсон. Хөнгөн жинд хүч түрэн гарч ирж, олимп, тив, дэлхийн медальтан эгч нарынхаа амжилтыг буухиалан үргэлжлүүлж буй адтай, сэргэлэн, авхаалжтай гурван шавилхан тамирчны нэг нь тэр. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд дотоод, гадаадын өрсөлдөгч олон. Тэднээс хурд, хүч, ур чадвараараа цойлж, түрүүлнэ гэдэг амаргүй. М.Нандин-Эрдэнэ энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д хошой аваргаар шалгарч, олон улсын тэмцээнд оролцох эрх авсан. Тэрбээр ӨМОЗО-ы Ордос хотод өнгөрсөн сард болсон Азийн АШТ-д түрүүлснийхээ дараа Тажикистан улсыг багийнхантайгаа зорьж, Душанбе хотод зохион байгуулсан “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн юм. Түүний хувьд 2026 он амжилт дагуулсан өөдрөг жил болж байна. Бэлтгэл сургуулилалтаа өдрөөс өдөрт чамбайруулан томоохон тэмцээнүүдэд оролцож, туршлага хуримтлуулан медалийн тавцанд зогсох болсон түүнийг зочноор урилаа.
-“Ордос-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээнд алт, “Душанбе-2026” Их дуулгад хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ онд зохион байгуулах жүдо бөхийн олон улсын тэмцээнээс эхний хоёрт нь амжилттай оролцож, шагнал гардлаа Та.
-Баярлалаа. Олон улсын тэмцээнийхээ гарааг ӨМӨЗО-ы Ордос хотод амжилттай эхлүүлж, тивийн аваргаар шалгарсандаа баяртай байна. Тэнд болсон медалийн төлөөх барилдаанууд спортын замналд минь бас нэгэн таатай дурсамж үлдээсэн. Миний хувьд Азийн АШТ-д хоёр дахь удаагаа оролцлоо. Тайландад өнгөрсөн жил болоход нь медалиас мултарч, сэтгэл гонсгор ирсэн юм. Тиймээс энэ удаа заавал түрүүлэх зорилго өөртөө тавьсан. Азийн орнуудын шилдгүүд хүч сорьсон тул амаргүй учраатай таарсан. Эхний тойрогт Японы тамирчинтай барилдахад үндсэн цаг дуусаж сунгав. Тэрбээр үүрдэг. Барилдааны дундуур түүнд оноо алдаж сандарсан ч сүүлийн долоон секундэд оноогоо авч нөхсөн. Ганц дархан мэхэнд нь уначих гээд байсан тул барилдах арга барилд нь тааруулан хариу мэх хийн хожиж тэмцээнээ үргэлжлүүлэв. Хэсгийн аваргын төлөө Тажикистаны жүдочтой өрсөлдөхдөө оноо авч, минут дуустал хамгаалж барилдсан. Тэрбээр надаас хүч бяраар илүү. Хэвтээ барилдаанд сайн, босоогоос золгож барилддаг. Тиймээс аль болох оноо алдахгүйг хичээсэн. Миний өмнө гарч барилдсан Ж.Анударь 48 кг-ын жинд түрүүлсэн нь надад том урам өгсөн юм. Тэр үед “Түүнтэй адилхан бэлтгэлээ хийсэн юм чинь өрсөлдөгчдөө ялагдахгүй юм шүү” гэсэн бодол төрж байлаа.
-Алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны тамирчин Сита Кадембоеваг ялж, Азийн аваргаар шалгарсан шүү дээ.
-Тийм ээ. Түүнтэй цаг дуусахаас өмнө идэвхтэй барилдаан өрнүүлэн дахин нэг оноо авч, Азийн аваргаар тодорсон. Тэрбээр насаар эгч тул олон тэмцээнд оролцож, туршлага чамгүй хуримтлуулсан нь барилдааны явцад мэдрэгдэж байлаа. АНЭУ-ын багт легионероор нэгдсэн Б.Хорлоодой эгчийг тэрбээр дэвжээнд буулган авч, аваргын төлөө шалгарсан юм. Түүнтэй барилдахаар гарахын өмнө багш бичлэгийг нь үзээд надтай холбогдохдоо “Өрсөлдөгч чинь хэвтээгээс барилдаж, дардаг юм байна. Тэгэхээр чи ийм, тийм мэх хийхдээ оноо авч, хамгаалаарай” гэж зөвлөсөн. Шигшээ багийнхан намайг зүүн үүрдгийг мэднэ. Тиймээс барилдаандаа дасгаж байгаад баруун унагасан. Б.Хорлоодой эгч, дасгалжуулагч Н.Дагвасүрэн багш түүнтэй хэрхэн барилдах талаар хэлсэн нь хэрэг болсон шүү. Монголын тамирчид холимог багийн барилдаанд Казахтсаны хүчирхэг шигшээг 4:0-ээр илүүрхэж түрүүлэхэд нэгнээ маш сайн дэмжин, зоригжуулсан нь багагүй нөлөөлсөн. Азийн АШТ эх оронтой минь хил залгаа хөрш улсад болсон тул уур амьсгалын өөрчлөлтгүй, цагийн зөрүүгүй, ёс заншил, хоол хүнс нь ойролцоо байсан нь амар санагдсан. Иргэд нь биднийг дэмжиж, давах бүрд баяр хүргэн, урам өгч байлаа.
-Тамирчин хүнд амжилт гаргах цаг хугацаа гэж бий. Таны хувьд 2026 он зорилгоо хэрэгжүүлсэн өөдрөг жил болж байна.
-Спортод хүч, хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацаа, итгэл найдвараа харамгүй зориулаад амжилт гаргахгүй байх маш хэцүү. Өнгөрсөн жил олон тэмцээнд оролцож, медалиас мултарсан тул ер нь шантарч байлаа. Дорвитой амжилт гаргаагүй болохоор сэтгэлээр унаж үлдэх үү, болих уу гэж эргэлзэж байх үед “Гүрү Дорж” дэвжээний дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Энхцэцэг багш “Чи сайн барилддаг шүү дээ. Жүдогоор олон жил хичээллэчхээд үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй. Амжилтын дэргэд ойрхон ирчхээд амархан шантарч болохгүй. Дахиад нэг бодоод үз” гэв. Багш зоригжуулж, зөвлөөгүй бол би жүдогоос холдоход тун ойрхон байв. Түүний хэлсэн үг надад нэгийг бодогдуулж, дэвжээнд буцаан авчирсан юм.
-Узбекистаны бөх танд хэдийгээр ялагдсан ч хамгийн сонирхолтой барилдааныг өрнүүлж харагдсан даа. Санал нэг байна уу?
-Тивийн тэмцээний алт, “Их дуулга”-ын хүрэл медаль амархан ирээгүй. Тэмцээн эхлэхээс өндөрлөтөл надтай таарсан бүх өрсөлдөгчийн барилдаан сургамж өгсөн. Нэг л алдаа, дутагдал гаргавал би ч өөрөө ялагдах магадлалтай тул маш няхуур, хичээж барилдсан. Хоёр тэмцээний медалийн төлөөх барилдаанд би Узбекистаны бөхтэй хүч сорьсон. Тэд надад ялагдсан ч хамгийн сонирхолтой барилдаан өрнүүлсэн. Тэдэнд оноо алдаж, цаг дуусахаас өмнө хожих сайхан байлаа. Минут ч хүрэхгүй хугацаанд ухаан, овсгоо, самбаа гаргаж ялах нь л чухал. Ордосын дэвжээнд өрсөлдөгчөө торгуулиар хожихоор барьцан дээр үзэж байтал Н.Дагвасүрэн багш хажуунаас “Нандин-Эрдэнэ ээ, наадахаа одоо боль. Мэх хий” гэж хэлсэн. Багшийг ингэж хэлээгүй бол идэвхгүй барилдаан болох гээд байсан тул даацтайхан мэх хийж буулгаж авахыг бодсон доо.
-Таныг ах нарынхаа амжилтыг үргэлжлүүлж, жүдогоор хичээллэсэн гэх юм билээ.
-Намайг жүдод хөл тавихаас өмнө хоёр ах минь барилддаг байв. Нэг өдөр аав намайг Спортын төв ордонд дагуулж ирээд Т.Энхцэцэг багштай уулзахад “Эмэгтэй хүүхэд байна шүү дээ. Жүдогоор хичээллэхээр зориод ирсэн нь сайхан санагдлаа. Манай клубт орж, бэлтгэл хийгээрэй” гэж уриалгахан хүлээж авсан. Ингэж багштайгаа анх танилцаж, гарынх нь унаган шавь нарын нэг болсон. Тухайн үед багш дэвжээгээ байгуулаад удаагүй байсан үе. Түүнээс хойш өнөөг хүртэл тус дэвжээнд 12 жил зодоглож байна. Багш олон улсын шүүгч тул тамирчид барилдах явцдаа ямар алдаанууд гаргадгийг сайн мэднэ. Шавь нартаа жүдогийн дүрэмд тааруулж, бүхнийг эхнээс нь зөв заасан. Үүгээрээ бусад дасгалжуулагчаас ялгардаг давуу талтай.
-Ах нар тань жүдогоор хичээллэдэг байсан болохоор таныг энэ спорттой нөхөрлөхөд гэрийнхэн тань нэг их татгалзаагүй бололтой.
-Манайхан спортод дуртай. Аав, ээж ч сайн дэмждэг. Хоёр ах минь одоо барилддаггүй. Эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг. Тэднийхээ жүдогоор барилдах хүсэл сонирхлыг гэрийнхнээсээ би үргэлжлүүлж, амжилт гаргахаар тэмүүлж байна. Гэрийнхэн минь ямар ч ажилтай байсан миний оролцсон тэмцээн бүрийг алгасахгүй үздэг. Харин тэмцээнтэй өдрүүдэд холбогдоод байдаггүй. Барилдаандаа анхаарал хандуулсан үед аль болох тайван байлгахыг хичээдэг юм.
-Сугалаанд таарах магадлалтай жингийнхээ бөхчүүдийг жүдочид маш сайн судалдаг. Та ч бас бичлэгийг нь үзээд дүгнэлт хийдэг байх. -Жүдо өндөр хөгжсөн өнөө үед өрсөлдөгчдөө судлахгүйгээр ялна гэдэг хүнд. Ордост болсон Азийн АШТ-д өрсөлдөхөөр ирсэн Японы тамирчин өмнө нь олон улсын тэмцээд оролцоогүй тул ямар ч бичлэг байсангүй. Тухайн үед хэн хэн нь шинэ танил тул өөрсдийн мэдрэмжээр барилдах нь дээ гэж бодож байлаа. Тэгтэл Н.Дагвасүрэн багш түүний Японы дотоодын тэмцээнд оролцсон бичлэгийг хайж олоод надад хэрхэн барилдах талаар зөвлөсөн нь тус болсон шүү.
-Тамирчин хүн тэмцээнд анх оролцож, медаль хүртсэнээ мартдаггүй юм билээ. Танд тийм дурсамж үлдээсэн барилдаан байдаг биз?
-Бий бий. Говьсүмбэр аймгийн төв Чойр сумд 2016 онд зохион байгуулсан тэмцээнээс анх удаа мөнгөн медальтай ирж, гэрийнхнийгээ баярлуулсан. Би 2022 онд өсвөр үеийнхний ДАШТ-д оролцож, хүрэл медаль хүртэж байв. Үүнээс хойш хоёр жилийн дараа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Улаанбаатарт өнгөрсөн жил болсон “Их дуулга”-д мөнгөн медаль хүртсэн минь олон улсын тэмцээнээс анх удаа насанд хүрэгчдийн ангилалд гардсан томоохон шагнал байлаа. Аваргын төлөө Японы тамирчинтай таарч ялагдсан. Япон улс жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаа тэмцээнд бүрд илгээдэггүй. Жин тус бүрд хүч түрэн гарч ирж буй залуу тамирчдадаа боломж олгож, тэднээс чадвартайг нь сонгон, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцуулдаг. Тэд гадаадын тэмцээнд нэг таарсан тамирчинтайгаа дараа дахин барилдах нь ховор. Тиймээс амжилт гаргасан шилдгүүдээ олимп, дэлхийн тэмцээнд өрсөлдүүлэхээр сойдог болохыг нь мэдсэн.
-Бөхийн төрлүүдээр хичээллэдэг тамирчдын олонх нь орон нутгийнх байдаг. Харин та хотын унаган иргэн гэв үү?
-Би Улаанбаатар хотод төрж, Монгол III сургуульд суралцаж төгссөн. Намайг жүдогоор хичээллэхэд манайх Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд оршин суудаг байлаа. Спортын төв ордонд бэлтгэлээ хийхэд гэр холдоод байсан тул Сүхбаатар дүүрэгт шилжиж ирсэн юм. Тамирчны гараагаа дөнгөж эхлүүлж байсан би хичээлээсээ хоцрохгүйн тулд өглөө эрт явж, өдөр нь бэлтгэлээ хийгээд орой автобус зогсохоос өмнө амжиж гэртээ харьдаг сан. Үеийнхэнтэйгээ ч тоглож, наадах завгүй явсан он жилүүд одоо дурсамж болж үлджээ. Хэдийгээр хүүхэд байсан ч цаг хугацаатай уралдаж, бүхнийг амжуулахаар зорьдог байв. Намайг спортын талбар, жүдогийн дэвжээ, тамирчны амьдрал олон талаар өөрчилж, хөгжүүлсэнд талархдаг. Аливаа зүйлд тууштай байхад хүсэл сонирхол, тэвчээр хатуужил, сэтгэлийн хат их нөлөөлдөг. Хааяа халшраад уйлахад аав, ээж урам өгч “Жүдо бол чиний дуртай спорт. Өнөөг хүртэл бэлтгэл хийчхээд орхиж болохгүй. Нэгэнт сонгосон зам чинь болохоор тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Бид чамайг бүх талаар дэмжинэ” гэдэг байсан нь жүдод үлдэх том шалтгаан болсон.
-Жүдогийн 52 кг-д дотоод, гадаадын өрсөлдөгч олон. Жингээ олон жил хадгалж, амжилтаа хамгаалж барилдана гэдэг нэг талаар өндөр үүрэг, хариуцлага шиг санагддаг уу?
-Миний хувьд жингээ нэг хэсэгтээ өөрчлөхгүй. Жүдогийн 52 кг-д Монголоос олон улс, Их дуулга, тив, дэлхийн медальтан болсон тамирчин цөөнгүй бий. Тэднээс Л.Сосорбурам эгч хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэрбээр барьц сайтай, нягт барилддаг хашир, туршлагатай тамирчин тул өрсөлдөгчийнхөө хийсэн мэхэнд амархан унадаггүй. Тэрбээр 2023 онд болсон УАШТ-д аваргын төлөө шалгаран намайг хожиж түрүүлсэн юм. Одоо жин өгсөж 57 кг-д барилддаг болсон.
-Шигшээ багийнхан Ордос хотоос ирснийхээ маргааш бэлтгэлээ үргэлжлүүлж, Тажикистаныг зорьсон гэж дуулдсан.
-Душанбе хотод болсон “Их дуулга”-д зодоглосон Монголын багаас 48 кг-д Ж.Анударь алт, 52 кг-д би хүрэл, 57 кг-д Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ. Миний хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны тамирчин Мухай Ахматоваг үндсэн цагт хожиж, шагналын тавцанд зогссон. Өмнө нь тус улсад залуучуудын ДАШТ-д оролцохоор очиж байв. Харин энэ удаа хөл тавихад бүх зүйл нь сэтгэлд дотно, сайхан санагдсан. Би явсан орон бүрээсээ таатай дурсамжтай ирдэг. Тамирчин болохоор тэмцээн болох газрын уур амьсгал, орчин нөхцөлийг түрүүлж хардаг. Дараа нь улсынх нь хөгжил, соёл, иргэдийнх нь ахуй амьдрал, зан чанар, хандлагыг ажигладаг. Цагийн зөрүүгүй, уур амьсгал, цаг агаар, хоол хүнс нь манай улсынхтай төстэй оронд зохион байгуулсан тэмцээнд оролцох амар. Дасан зохицох гэж бие хямрахгүй, сэтгэл тайван, ядрахгүй барилддаг болохоор тухтай санагддаг. Би хүүхэд байхаасаа тамирчны амьдралаар замнасан болохоор спортын жаргал, зовлонг зах зухаас нь мэднэ. Шигшээ багт ороогүй байхад аав, ээж, хамаатан садны ах дүүс дотоод, гадаадын тэмцээнд оролцоход минь ирэх, очих зардлын мөнгийг бүтээдэг байлаа. Тэднийхээ дэмээр олон ч тэмцээнд оролцож, амжилт гаргасандаа талархдаг.
-Одоо таны зорьж буй хамгийн чухал зүйл юу вэ?
-АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах зуны олимпын наадамд оролцож, медаль хүртэх. Тиймээс ирэх жил олимпын эрх олгох тэмцээнүүдэд амжилттай барилдахыг зорьж байна. Би Азийн аварга болохыг маш их хүссэн. Тэр мөрөөдлөө энэ удаа биелүүлж их баярласан. Тэр үед төрсөн баяр хөөр, догдлол, мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд ч багадана. Өмнө нь хэцүү санагддаг байсан бүх зүйл яг тэр мөчид мартагдаж, ард үлдэх шиг болсон. Ордос хотоос авчирсан алтан медалиа шагналуудынхаа хамгийн дээр залсан. Тамирчин хүний хамгийн хэцүү зүйл бол бэртэл. Гэмтэл бол амжилтаас хойш чангаадаг, өрсөлдөгчөөс илүү дайсан болдог. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцохдоо гэмтэхгүйг хичээж, хянамгай барилддаг. Энэ ташрамд, шигшээ багийнхандаа мөн дэвжээ, жингийнхээ тамирчдад эх орондоо зохион байгуулах “Улаанбаатар-2026” “Их дуулга” тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртээрэй гэж ерөөе.