С.Хукер Лондоны олимпод аваргалах уу?
Бээжингийн олимпийн тулгууртай харайлтын аварга, Австралийн хөнгөн алтетикч Стивен Хукер “Лондон-2012” -ын эрх хүртэхийг төлөвлөн бэлтгэлээ базааж байгаа ч эх орондоо болох ямар ч тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Австралийн АШТ-ийг ч өнжих аж. 2008 оны олимпоос гадна “Берлин- 2009” ДАШТ, “Мельбурн-2006”, “Дели-2010” Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд түрүүлсэн тэрбээр 2010 оны дэлхийн шилдэгт нэр дэвшсэн удаатай. Харин дээрх шийдвэр энэ жилийн олимпод зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэлгүй байгааг харууллаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ямартай ч 29-тэй залуу Австралийн хөнгөн атлетикийн холбоотой олимпийн эрх олгох ямар тэмцээнд оролцохоо тохиролцон долдугаар сарын 8 гэхэд норматив биелүүлсэн байх ёстой аж.
Гаражид бэлтгэл хийгээд олимпийн эрх авчээ
Бэлтгэлийн нөхцөл, санхүүгийн асуудал зөвхөн манай тамирчдын төдийгүй бусад орны тамирчдын өмнө ч тулгарч байгааг Унгарын туйванч Жейнос Баранягийн жишээ харуулж байна. Бээжингийн олимпод оролцохдоо алдаа гаргасны улмаас туйвангаа унаган, хүнд бэртэл авсан түүнийг хүндийг өргөлтөд дахин хэзээ ч ирэхгүй хэмээн нутаг нэгтнүүд нь зовниж байв. Гэсэн ч хоёр жилийн дараа их спортдоо ирсэн Жейнос “Казань-2011” Европын АШТ-д тавдугаар байр эзлэн, Лондоны олимпийн эрх авсан юм. Тус тэмцээний дараа “Миний хичээллэдэг клуб санхүүгийн асуудлаас үүдэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн тул бэлтгэлээ тухтай орчинд хийж чадаагүй. Тиймээс гаражаа бэлтгэлийн заал болгож өөрчлөхөд хүрсэн. Европын АШТ-ий бэлтгэлээ гараждаа хийсэн юм шүү. Санхүүгийн асуудал миний сэтгэлийг байнга зовоосоор ирсэн. Хэрэв энэ бүх асуудлыг шийдчихвэл Лондоноос медаль авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн өгүүлсэн нь бий. Тэрбээр Лондон, цаашилбал Рио де Жанейрогийн олимпод хүч сорих боломжтойгоо өгүүлжээ.
Дарвуулт завины цэнгэлдэх
“Лондон-2012” ЗБХ дарвуулт завины тэмцээн болох ордны түлхүүрээ гардаж авлаа. “Osprey Quay”-гийн байгуулсан энэ цогцолборт олимпийн үеэр 700 тамирчин өрсөлдөж, 550 албаны хүн цугларна. Техникийн өндөр дэвшил, орчин үеийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг харуулсан завьчдын төв Английн 84 нэгж байгууллагын хүчин зүтгэлээр босчээ.
OLYMPIC HIGHLIGHTS
ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комисс дэлхий болон тивийн шагналд нэр дэвшсэн 52 зүтгэлтнээс ажил үйлсээрээ нөхдөө тэргүүлсэн зургаан бүсгүйг шалгарууллаа. “World Trophy”-г Энэтхэгийн Маниша Малхотра, Африк тивийнхийг Угандагийн Алигавеса Кабенжи, Америкийнхыг Бразилийн Спортын боловсролын “Брадеско” төв, Азийнхыг Малайзын Зайтон Отман, Европынхыг Грекийн Айкатерини Наплиоти, далайн орнуудынхыг Розелин Блак (Кукийн арал) нар хүртжээ.
*** *** ***
ОУОХ-ноос 2020 оны зуны олимпийн эрхийн тендерт нэр дэвшсэн Стамбул (Турк), Токио (Япон), Баку (Азербайжан), Доха (Катар), Мадрид (Испани) хотуудыг албан ёсоор зарлалаа. Зуны ХХХII олимпийн нийслэлийг 2013 оны есдүгээр сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрест болох ОУОХ-ны ээлжит чуулганаар тодруулах юм.
*** *** ***
Рио-де-Жанейрогийн олимпийн байт харваа, хөнгөн атлетикийн тэмцээн болох “Самбодромо” цогцолборыг сэргээн засварлах ажил дууслаа. 2016 оны олимпийн эхний цэнгэлдэх “гараас гарсан” нь энэ бөгөөд бүтээн байгуулалтын ажилд 60000-72500 хүн оролцжээ. Тэнд тэмцээн уралдаан зохиогдоод зогсохгүй спорт, урлагийн томоохон арга хэмжээг явуулах бүрэн боломжтой гэнэ. “Бид энэ хугацаанд хоёр ч цогцолборын барилгын ажлыг дуусгалаа. Эхнийх нь Тамирчдын тосгон, удаах нь “Самбодромо” цэнгэлдэх. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанд явагдаж байна” хэмээн ЗБХ-ноос мэдэгджээ.
*** *** ***
ОУОХ-ны Үнэлгээний комисс ОХУ-д зочилж, “Сочи-2014” олимпийн бэлтгэл ажлыг долоо дахь удаагаа шалгалаа. Тамирчдад үзүүлэх үйлчилгээ, барилга байгууламжийн ажил, хэвлэл мэдээллийнхний ажиллах орчин, зам тээвэр, зочид буудал, эмнэлгийн үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард хойд хөршид зочилсон дээрх баг энэ удаа уулын цанын цогцолборт очиж сонирхсон байна.
*** *** ***
ОУОХ-ны ажлын хэсэг Лондоны олимпийн хөлбөмбөгийн тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэнд зочилж, ЗБХ-ныхонтой ажил хэргийн яриа өрнүүлэв.
*** *** ***
IOC өвлийн XXII, зуны XXXI олимпийг эх орондоо шууд дамжуулах эрхийг Японы консерциумд олгосон байна.
*** *** ***
Олон улсын зүлэгний хоккейн холбоо (FIH)-ноос оны шилдэг тамирчнаар Данийн эмэгтэйчүүдийн багийн ахлагч Маарже Пауменийг нэрлэсэн бол залуу тоглогчийн шагналыг Шинэ Зеландын Стеси Майкельсон хүртэв.
*** *** ***
Германы ҮОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ОУОХ-ны “Спорт ба нийгмийн хариуцлага” шагналыг Франкфурт хотын захирагч Петра Рохт гардууллаа. Тэрбээр өсвөр үеийнхнийг спортоор хичээллэх боломж бүрдүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа спортын зүтгэлтэн аж.
*** *** ***
Японы ҮОХ олимпийн өдрийг угтан цуврал ажил зохион байгуулж байна. ОУОХ, Азийн олимпийн зөвлөлийн ивээн тэтгэлгээр зохиогдож байгаа “Цүбаса” хөтөлбөрт 60 гаруй төрөл багтсан бөгөөд энгийн иргэдийг ч хамарчээ. Уг үйл ажиллагааны хүрээнд 1993 оны уулын цанын ДАШТ болсон Шизүкүшид цугларалт зохион байгуулсан нь хүүхдүүдэд таалагдсан байна.
Б.ӨЛЗИЙТОГТОХ