Их хотын гудамжаар тайван алхах, цонхоо нээж агаар оруулах, эсвэл зүгээр л унтах гэхээр барилгын ажил, замын хөдөлгөөний нүргээн чихийг тань дэлсэж байна уу. Гэртээ байсан ч хөргөгч дүнгэнэж, хөршүүд чанга ярих, хүүхдүүд шуугилдахаас бүрэн тусгаарлагдаж чаддаггүй. Шөнө дүлээр хүртэл хотын чимээ намжихгүй. Ойр орчмын баар, цэнгээний газ¬рын нүргэлэх хөгжим, согтуу хүмүүсийн орилоон унтах нойрыг тань хумсалсаар байгаа биз. Улаанбаатарчууд бид яг л ийм стресстэй хэмнэлээр амьдарсаар удав. Агаар, орчны бохирдлыг хог хаягдал болон утаагаар нь таньж мэдэрдэг тул эрсдэлийг нь анзаарахад харьцангуй амархан. Харин дуу чимээний бохирдол нүдэнд харагддаггүй учраас “Их хотын амьдрал угаас ийм байдаг” хэмээн дасан зохицож, эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийг нь нийтээрээ үл тоох болжээ. Угтаа нам гүм, тайван орчин бол зөвхөн тав тух, тансаглал биш, хүний эрүүл амьдрах суурь хэрэгцээ билээ.
ЗАМЫН ШУУГИАН ЗҮРХ, СУДАС, МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООГ ГЭМТЭЭДЭГ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ынхан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн дуу чимээг агаарын бохирдлын дараа орох нийгмийн эрүүл мэндийн гол дайсан гэж тодорхойлсон. Бид ихэвчлэн чанга чимээ зөвхөн сонсголд сөргөөр нөлөөлдөг гэж боддог ч хүний сэтгэц, физиологид ихээхэн хор хөнөөлтэй аж. Чанга чимээ сонсогдох бүрд тархи түүнийг аюул хэмээн хүлээн авч, кортизол болон адреналин зэрэг стрессийн дааврыг их хэмжээгээр ялгаруулдаг байна. Өдрийн цагт замын хөдөлгөөний чимээ 53 децибел (дБ)-ээс дээш гарахад л зүрх судасны тогтолцоонд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Данийн хавдар судлалын хүрээлэн (Danish сancer institute)-гийн доктор, профессор Метте Серенсенээр ахлуулсан дөрвөн томоохон их сургууль, судалгааны байгууллагын эрдэмтдийн хамтарсан баг тус улсын Үндэсний эрүүл мэндийн болон бүртгэлийн нэгдсэн санг ашиглан 40-өөс дээш насны 3.1 сая гаруй иргэнийг 18 жилийн турш (2000-2017 он) ажиглаж, тэдний оршин суудаг хаяг дээрх авто замын шуугианы түвшнийг математик загварчлалаар нарийвчлан тооцоолсон байна. Улмаар авто замын шуугианы түвшин 11.5 дБ-ээр нэмэгдэх бүрд паркинсоноор өвчлөх эрсдэл гурван хувиар өсдөг болохыг тогтоожээ. Энэ нь авто замын шуугиан ба паркинсоны өвчний хамаарлыг судал¬сан дэлхийн хамгийн том судалгаа болсон бөгөөд дуу чимээний бохирдол нь мэдрэлийн тогтолцооны өвчлөлд нөлөөлөх эрсдэлт шинэ хүчин зүйл болохыг нотолжээ.
Мөн Лондоны Сент Жоржийн их сургуулийн профессор Чарлотт Кларк болон олон улсын эрдэмтдийн баталснаар дуу чимээнд тасралтгүй өртөх нь зүрх, судасны өвчин тусах эрсдэл найм, цусны даралт ихсэх болон хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижнээр өвчлөх эрсдэл 6-11 хувиар тус тус нэмэгддэгийг 2025 онд баталсан юм. Хэдийгээр бид шөнийн цагаар өөрсдийгөө гүн нойронд автсан гэж боддог ч энэ үед чих орчны чимээг тасралтгүй хүлээн авч, тархи руу дохио илгээж байдаг. Та сэрэхгүй байж болох ч гадаа мотоцикл хаазлах, эсвэл хөрш тань ариун цэврийн өрөөнийхөө усыг татах төдийд зүрхний цохилт түргэсэж, цусны даралт нэмэгддэг аж. Өөрөөр хэлбэл, гэнэтийн, давтамжтай шуугиан нь биднийг бүрэн сэрээхгүй ч бие махбодод шууд нөлөөлж, стрессийн хариу урвал үүсгэн, нойрны чанарыг алдагдуулж болно. ДЭМБ-ын зөвлөмжөөр бүтэн нойртой, чанартай амрахын тулд унтлагын өрөөний чимээ шөнийн цагт 30 дБ-ээс бага байх ёстой бөгөөд 45 дБ-ээс хэтэрвэл нойргүйдэлд хүргэдэг гэнэ. Европын Байгаль орчны агентлагийн тайлангаар тус тивд тээврийн хэрэгслийн дуу чимээнээс үүдэлтэй физиологийн стресс, нойргүйдлийн улмаас жил бүр 66 000 гаруй хүн цаг бусаар нас бардаг аж. Энэ нь Британи, Швейцар тэргүүтэй оронд дам тамхидалтаас үүдэлтэй хор хөнөөл, нас баралтын хэмжээнээс ч өндөр үзүүлэлт юм.
ХҮҮХДИЙН ОЙ САНАМЖ, СУРЛАГЫН АМЖИЛТАД Ч СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ
Монголчууд бид дуу чимээний бохирдлыг зөвхөн авто замын шуугиан, гадаад орчноор хязгаарлан ойлгодог. Гэтэл бидний өдөр тутам үйлчлүүлж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг дотоод орчин ч эрүүл мэндэд заналхийлсээр байна. Тухайлбал, ажиллах, амрах зорилгоор очдог кофе шопод чанга хөгжим, кофе бутлагч төхөөрөмж (85-90 дБ), сүү хөөсрүүлэгчийн чимээ тасралтгүй гардаг. Мөн олон нийтийн үйлчилгээний байгууллага, дэлгүүр, пабууд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах гэж гаднаа болон дотроо ямар ч агаарын акустик тохируулгагүй чанга яригч зориуд байрлуулан өдөржин ажиллуулдаг нь дотоод орчныг маш ихээр бохирдуулдаг. Түүнчлэн кино театрын чанга яригчийн дуу зарим тулаант болон аймшгийн хэсэгт 100-105 дБ хүрдэг. Хоёр цагийн турш ийм орчинд байхад чих дүнгэнэдэг нь сонсголын эсүүд гэмтэж эхэлсний дохио юм. Бас хүмүүс төдийлөн мэддэггүй ч дотоод орчныг хамгийн ихээр бохирдуулдаг хүчин зүйлсийн нэг нь чанга ярих аж. Сургуулийн коридор, анги танхимд хүүхдүүд чанга ярих, хашхирахад дууны түвшин 80-85 дБ хүрдэг. Европын RANCH болон олон улсын судалгаануудаар тасралтгүй шуугиантай орчинд суралцаж буй хүүхдийн анхаарал төвлөрөлт 30 хувиар суларч, ой санамж, сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөн, сэтгэцийн дарамт, зан үйлийн өөрчлөлтөд амархан өртдөг болохыг хэдийн тогтоожээ. хамааруулдаг. Ийнхүү стандартын хязгаарыг сулруулснаас үүдэж, шөнийн цагаар хэт чанга дуутай мотоцикл унан иргэдийн амар тайван байдлыг алдагдуулагчдад хуулийн хариуцлага тооцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
НИЙТ ДУУ ЧИМЭЭНИЙ 80 ХУВЬ НЬ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ГАРДАГ
Хотуудын дуу чимээний бохирдол улам бүр нэмэгдсээр байгаа нь хүний эрүүл мэндэд төдийгүй байгаль орчин, биологийн бүхий л төрөл зүйлд сөргөөр нөлөөлж байна. Мэргэжилтнүүд авто техник, үйлдвэр, станц зэргийн дуу чимээ амьтдын хоол хүнсээ олох болон үржилд ороход нь саад болдог гэж үздэг. Нийт дуу чимээний 80 хувь нь авто тээврийн хэрэгслээс гардаг бөгөөд 1980 оноос хойш энэ үзүүлэлт гурав дахин нэмэгджээ. Байгалийн цогцолбор газар болон дархан цаазат бүсэд нутагладаг амьтад хүртэл дуу чимээний бохирдлын нөлөөнд автах болов. Тухайлбал, Канадын хот суурин газрын дуу чимээнээс болж нэгэн зүйлийн мэлхийний тоо толгой буурсан бол Африкт авто замаас 30 метрийн зайд нутагладаг сармагчны тоо толгой сүүлийн 15 жилд 45 хувиар буурчээ. Нидерландад ойн шувууны 60 орчим хувь нь дуу чимээнээс дайжсан судалгаа бий. Энэ мэтчилэн дэлхий нийтээрээ аюул нэмэгдсээр буйг анхааруулж байхад Монголд одоо болтол дотоод орчны дуу чимээний бохирдлын нөлөөллийн нарийвчилсан судалгаа хийсэнгүй. Бүр дотоод орчны дуу чимээг хянах механизм ч алга. Дуу чимээний бохирдлоос хамгаалах хамгийн сайн арга нь ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарих явдал юм. Ой мод нь дуу чимээг 25 хувь хүртэл өөртөө шингээн сааруулдаг бөгөөд орчны агаарыг давхар цэвэршүүлдэг. Тиймээс хотын стандартыг чангаруулахын сацуу ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь дуу чимээний бохирдлоос өөрсдийгөө болон байгаль дэлхийгээ хамгаалах хамгийн чухал шийдэл болоод байна.
Э.СҮЙЛЭН