Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв. Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2014 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг 10-т “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээрээ шалгарсан юм.
Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал
Дэлхийн банкны зөвлөх Ричард Баллок Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт руу нарийн царигтай төмөр зам тавих нь хамгийн ашигтай хувилбар гэж 2008 онд Засгийн газрын захиалгаар хийсэн “Говийн өмнөд бүсийн тээврийн дэд бүтэц” судалгаандаа дүгнэсэн байдаг. Тэрбээр говийн бүсийн уурхайнуудаас Хятад руу нарийн царигтай (1435 мм) төмөр зам тавих, харин ОХУ-ын сүлжээтэй холбогдох төмөр замаа өргөн (1520 мм) царигаар барих нь зүйтэй гэсэн бодлогын үндсийг үүгээр гаргаж тавьсан. Гэвч тухайн үеийн Барилга, хот байгуулалт, зам, тээврийн сайд Х.Баттулга тэргүүтэй улс төрчидХятад руу нарийн царигтай төмөр зам тавих түүний саналыг эрс эсэргүүцэн, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод Монголын төмөр замын сүлжээний цариг өргөн байх ёстой гэж тусгах үндэслэл гарган дэмжүүлсэн юм. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг УИХаар хэлэлцэж эхлэх үеэс цариг өргөн, нарийн байна гэсэн маргаан дэгдсэн. Х.Баттулга сайдын талыг баримтлагчид геополитикийн үүднээс нь харвал цариг өргөн байх нь зүйтэй хэмээн байр сууриа хамгаалсан бол бизнесийнхэн нарийн нь ашигтай хэмээн санал зөрөлдөж байв. Гурван жил үргэлжилж, нийгмийг хагаралдуулсан “царигийн маргаан” УИХ-аар дахин хэлэлцэх шийдвэр гарснаар түр намжсан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр төмөр замын царигийн хэмжээг шийдвэрлэх тогтоолын төслийг өнгөрсөн лхагва гаригт УИХ-д өргөн барьсан нь царигийн хэмжээг олны анхаарлын төвд дахин авчирлаа.
Тогтоолын төсөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барина гэж тусгажээ. Засгийн газар зургаан жил будилсны эцэст Баллокийн гаргаж тавьсан үндэслэлийг зүтгүүлэхээр шуудрав. “Өргөнийг дэмжигчид” өөрсдийнхөө үзэл бодлыг баталж, нотолсон мэдээ сэлтээрээ хэвлэлийн хуудсыг дүүргэдэг сэн. Гэтэл энэ удаа анир чимээ алга. Тэд ялагдлаа хүлээн зөвшөөрсөн бололтой. Улс төрийн хөшигний ард ярилцаж тохиролцоод бууж өгсөн байх ч магадлалтай. Юутай ч Монгол өргөн ба нарийн гэсэн хоёр царигтай төмөр замын сүлжээ барьж мэдэх нь. Саяхан “Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төслийн барилгын ажлын санхүүжилт тасрах дөхсөнийг сонслоо. Төмөр зам тавих хэрэгтэй, энэ бол бидэнд ашигтай төсөл. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй. Шинэ төмөр зам төсөл хэрэгжсэнээр нүүрсний тээврийн өртөг хоёр дахин буурах тооцоотой. Тавантолгойн ордод тонн коксжих нүүрс 3038 ам.долларын үнэтэй байна. Хэрвээ төмөр замтай байсан бол тус ордоос тонн нүүрсийг 50 ам.доллароор борлуулах боломжтой юм. Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төсөл гэдгийг нь хүн бүр ярьж, “төмөр замаа хурдан барья” гэсэн үг амны уншлага болж байна. Гэтэл “Шинэ төмөр зам” төсөл тогтвортой бодлого, чигч шулуун үзэл баримтлалаар хэрэгжих тавилангүй гэлтэй.
Энэ төслийг хэрэгжүүлэх судалгааны ажилд Хөгжлийн банкнаас 55 сая ам.доллар зарцуулах Засгийн газрын шийдвэр 2011 онд гарсан байдаг. Гэтэл энэ санхүүжилтийг хоёр жилийн дараа олгож байлаа. Бодлого, хөрөнгө гээд төмөр зам барихад хөшүүрэг болох зүйлсэд улс төрийн хүрээнийхэн саад хийдэг ужиг хууч үргэлжлэх нь. Ер нь энэ төслөөс улс төрийн хар, хор салахгүй янзтай. Царигийн хэмжээнээс гадна хэнээр төмөр зам бариулах вэ гэдэг сонголт том маргаан дэгдээсэн удаатай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид “Шинэ төмөр зам” төслийг төрийн өмчийн оролцоо давамгайлсан аж ахуйн нэгж байгуулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу “Монголын төмөр зам” төрийн өмчит компани байгуулан төмөр зам барих тусгай зөвшөөрөл олгосон. Гэтэл тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд гэнэт шийдвэрээ өөрчлөн “Монголын төмөр зам” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг “Энержи ресурс”, Тавантолгойгоос Сайншанд хүртэлх хэсгийг “Дорнын төмөр зам”, “Дэд бүтцийн хөгжил” компаниар бариулж, эзэмшүүлэх концессын гэрээ байгуулсан юм. Хувийн хэвшийнхэн ажлаа эхлээд удаагүй байтал Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан концессын гэрээг цуцлан, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид эргүүлэн олгосон билээ. Хувийн хэвшлийн хийсэн ажлыг төр дээрэмдсэн гэсэн үгийг сөрөг хүчнийхэн одоог хүртэл дэвэргэсээр байгаа. Харин концессын гэрээ байгуулсан гурван компани дээрэмдүүллээ гэж дуугараагүй бөгөөд оруулсан хөрөнгийнхөө төлбөрт “Шинэ төмөр зам” төслөөс хувь эзэмшихээр хэлэлцээр хийж буй гэнэ лээ. Уг нь “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын үнэт цаас гаргаж “босгосон” хөрөнгөөс 400 сая ам.доллар олгоно гэж заажээ. Тэгээд эхний ээлжид 200 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас авахыг зөвшөөрсөн байна.
“Монголын төмөр зам” компани Хөгжлийн банкнаас 173 сая ам.доллар авч, Тавантолгой-Чойбалсан чиглэлийн төмөр замын судалгаа, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын далангийн 70 хувийг барих, далан барихад шаардлагатай материалын үйлдвэрүүд байгуулахад зарцуулжээ. Тус компанид Хөгжлийн банкнаас 27 сая ам.доллар авах эрх бий. Туслан гүйцэтгэгч компаниудын ажлын хөлсийг нэг удаа олгоход л энэ мөнгө дуусах гэнэ. Дахиад санхүүжилт өгөхгүй бол туслан гүйцэтгэгч компаниуд ажилдаа гарахгүй нь мэдээж. Зам, тээврийн сайд А.Гансүх 400 саяас үлдэж буй 200 сая ам.долларын санхүүжилтийг олгохыг хүсжээ. Гэтэл түүнд татгалзсан хариу өгсөн байна. Тэрбээр манай сонинд ярилцлага өгөхдөө “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк мөнгөгүй болсон гээд “Шинэ төмөр зам” төсөлд санхүүжилт хийхгүй гэсэн. Засгийн газар болон Бондын зөвлөлөөс шинэ төмөр замын ажлыг санхүүжүүлэхээр нэгэнт шийдвэрлэсэн болохоор ЭЗХЯ, Хөгжлийн банк гаргах л ёстой” гэж тайлбарласан. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Засгийн газар “Шинэ төмөр зам” төсөлд нэмж санхүүжилт олгохыг даалгавал бид биелүүлэх үүрэгтэй. Засгийн газрын түвшинд л шийдвэрлэх асуудал. Гэхдээ Хөгжлийн банкны зүгээс стратегийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой энэ төслийг дээд зэргээр дэмжин ажиллах нь мэдээж” гэж ярьсан юм. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Самурай” болон “Чингис” бондоос үлдсэн хөрөнгөөр импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүний үйлдвэрийг санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Үнэт цаас гаргаж, босгосон бүх хөрөнгөө зарцуулна гэсэн үг.
Энэ мэдэгдэл “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.долларыг өгөхгүй гэж хэлсэнтэй агаар нэг. Эрх баригч нам, Ерөнхий сайд хүртэл төслийн санхүүжилтийг зогсоохоор үлдсэн бүх мөнгөө импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлд зориулах бодлого баримталж буй мэт харагдаж байна. Ер нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр зам тавих хүсэлгүй бололтой. Түүн шиг эдийн засаг, ниймгийн чухал ач холбогдолтой төслүүдээ үл хэрэгсдэг Ерөнхий сайд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Бусдын түүхээс сонсвол буурай орны Ерөнхий сайд нар эдийн засгаа тэтгэх дэд бүтцийн төслүүдээ “хуруу хумсаа хугалан” зүтгэж бүтээн байгуулснаараа домог болон үлдсэн байдаг юм билээ. Гадаадын нэр хүнд бүхий банкнууд “Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлэхэд 600 сая ам.доллар зээлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн гэнэ. Гэхдээ тэд Засгийн газрын баталгаа шаарджээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт бий. Одоогоор Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байна. 40 хувийн хязгаарыг өсгөсний дараа л Засгийн газарт баталгаа гаргах боломж олдох болов уу. “Монголын төмөр зам” компанийн төсөл хариуцсан захирал П.Бат-Эрдэнэ “Төмөр замын төслийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл, Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. 400 сая ам.доллар гэдэг тоог санаанаасаа гаргаж ирээд Засгийн газар өгөх ёстой гэж ярьж байгаа хэрэг биш. Манай улс “Шинэ төмөр зам” төслийн 51-ээс багагүй хувийг эзэмшихийн тулд 400 сая ам.доллар гаргах учиртай. Энэ төсөл тодорхой судалгаа, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа гэдгийг хэлье” гэв. Ер нь “Шинэ төмөр зам” төсөл урагшлах гэж зүтгээд байхад Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хясаад байгаа юм биш үү.
Доллароор цангаах Н.Золжаргалын стратеги
Америк долларын ханш суларна гэж бодож байвал горьдсоны гарз. Одоо 1780 төгрөгтэй тэнцэж байгаа “ногоон”-ы ханш жилийн турш энэхэн хавьдаа хэлбэлзэх бололтой. Ам.долларын Монгол руу орох урсгал буурч буйг эдийн засагчид, улс төрчид тоть шиг давтан ярьдаг. Тийм ээ, өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт 54 хувиар буурч, нүүрснийүнэ унаснаар Монголын эдийн засаг ам.долларын дутагдалд орсон. Эдийн засагт сох дутсан 3.2 тэрбумам.долларын талыг “Чингис” бондын хөрөнгөөр нөхсөний хүчинд эдийн засаг 11.7 хувиар өссөн юм. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт эхлэх нь, гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрах нь тодорхойгүй байна. Тэгэхээр энэ жил манай улс зөвхөн зэс, төмөр, жонш, газрын тос, малын гаралтай түүхий эдээ экспортолж дэлхийн зах зээлээс “ногоон” олж ирэх боломжтой. 1.5 тэрбум ам.долларын “Чингис”, 280 сая ам.долларын “Самурай” бонд гаргаснаар Засгийн газрын өр тавих хязгаар тулсан. Эргэж төлөх стратеги нь ойлгомжгүй байгаа өнөөгийн нөхцөлд нэмж өр тавихыг олон нийт зөвшөөрөхгүй болов уу. Монголбанк өнгөрсөн жил ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд 1.7 тэрбум “ногоон”-ы интервенц хийсэн ч жилд 25 хувиар өсчихөв. Одоо тус банканд 2.4 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц үлджээ. “Ногоон”-ы ханшийг 20 хувиар бууруулна гэвэл нөөцийнхөө талаас илүүг “гөвөх” шаардлагатай болно. Гэхдээ Монголбанк ийм алхам хийж өмнөх алдаагаа давтахгүйгээ мэдэгдлээ. 2008 оны эдийн засгийн хямралын үед Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат 500 гаруй сая ам.долларыг зах зээлд богино хугацаанд нийлүүлсэн ч нэмэр бололгүй “ногоон”-ы үнэ 20 хувиар өссөн. Улмаар нөөцөөшавхсан Монголбанк Олон улсын валютын сан руу хадаг барин гүйж, 250 сая ам.долларын “сэргээн торниулах” хөтөлбөрт хамрагдан тэнцвэрээ олсон гашуун түүхтэй. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ам.долларын ханштай дайтаж “сэхээнд хэвтсэн” алдааг давахгүй гэнэ. Тэр интервенц хийхдээ харам байх бөгөөд харин ахиухан ам.доллар орж ирвэл хаман авч нөөцөө нэмэх тактиктай “тоглохоо” ярьж байна. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт эхэлж, хоёр тэрбум ам.доллар зах зээлд урсан орж ирлээ ч Монголбанк ихэнхийг нь залгиад авах бололтой. Ам.долларын ханш суларна гэж горьдсоны гарз гэдгийг одоо ойлгов уу. Ам.доллартой холбоотой бас нэгэн зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Америк мөнгөний ханш 1700 төгрөг давснаар гадаад худалдааны алдагдал багасав. Монгол Улсын гадаад худалдаа өнгөрсөн жилийн хоёрдугаар сард 305 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны хоёрдугаар сард 19.3 сая болж, 15 дахин буураад байна. “Ногоон”-ы ханш өсөнгүүт импортын барааны үнэ тэнгэрт хадсан. Хамгийн наад зах нь боодол бохины үнийг 150 төгрөгөөр нэмээд 650-иар борлуулж байх жишээтэй. Үнэ нь өсөхөөр импортын барааны худалданавалт буурах нь дамжиггүй. Зарагдахгүй барааг нэмж импортлох ч утгагүй. Үндэсний статистикийн хонрооноос гаргасан мэдээгээр өнгөрнсөн хоёрдугаарсард экспорт 17 хувиар өссөн бол импорт 24 хувиар буурсан байв. Нэгэн худалдаачин “Уг нь өдийд Зам-Үүдийн боомтод бараа материалтай чингэлгүүд хураалттай байдаг. Гэтэл энэ жил чихэлдэх юмгүй сэлүүхэн байна” гэж ярив. Импортын 24 хувийн бууралт “ЗамынҮүд”-ийг нам жим болгох нь мэдээжийн хэрэг. “Гадаад худалдааг засаж байгаа” гээд ам.долларын өнөөгийн ханшид Монголбанкныхан их тааламжтай хандаж байна. Зах зээлд ам.доллар дутагдах нь нэгэнт тодорхой болсон цагт. Төв банкныхан Хятадын Ардын банкны хийсэн юаний спов хэлцлийн хэмжээг хоёр дахин өсгөх, алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, арилжааны банкнуудыг гадаадын зах зээлээс эх үүсвэр татахыг дэмжих зэрэг арга хэмжээ авч байна. Монголбанк 10 тонн алт авч чадвал ам.долларын нөөц 400-500 сая ам.доллароор нэмэгдэх аж. Түүнчлэн арилжааны банкнууд 800 орчим сая ам.доллар гадаадын зах зээлээс босгох боломжтой. Гэвч Монгол Улсын эдийн засгийн макро орчин муу байгаагаас шалтгаалж, тэдэнд хамгийн багадаа есөн хувийнхүүтэй зээл олдох магадлалтай байгаа. Есөн хувийн хүүтэй мөнгө зээлсэн банкнуудын олох ашиг бага учраас зүгээр суусан нь дээр гэж үзэж байх шиг. Монгол Улс бүтээгдэхүүнээ экспортлоод тав, шууд хөрөнгө оруулалт татаад мөн таван тэрбум ам.доллар олж чаддаг бол эдийн засгаа жил бүр 10 хувиар өсгөх боломжтой гэнэ. Ам.долларын орж ирэх урсгалын хэмжээгээр манай улсын эдийн засгийн өсөлт хэмжигдэхюм байна. “Ногоон”-ы урсгал их байвал эдийн засаг өндөр хувиар өснө. Бага байвал гавихгүй нь. Уул уурхайн түүхий эдийн экспортоос таван тэрбум ам.доллар олох магадлал өндөр. Харин таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах магадлал тун бүрхэг. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт эхэлбэл нөхцөл байдал арай өөрөөр эргэх болов уу. “Оюутолгой”-н дараагийн санхүүжилт эхэлбэл ам.долларын урсгал сайжрах байх. Ам.доллар орж ирэхгүй бол Монгол Улс хөгжихгүй, ургашлахгүй нь. Америк мөнгийг олж ирэх, урьж залах арга замыг Засгийнгазар боловсруулах учиртай. АлтанхуягийнЗасгийн газар ам.доллар олж ирэх алхам хийж чадах нь уу, ядаж “Оюутолгой”-н санхүүжилтийг эхлүүлж эдийн засагтаа дэм хүргэх нь үү гэдгийг харъя. Ам.доллароор хомсхон эдийн засаг хэрхэх вэ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Энэ жил инфляц найман хувиас бага байна. Мөрийцсөн ч алдахгүй” гэв. Түүний тооцоогоор инфляц найм биш, бүр дөрвөн хувиар л өсөх гэнэ. “Эдийн засаг 6-7 хувиар өсвөлсайнд тооцогдоно. Харин би бодит өсөлт дөрвөн хувь байх болов уу гэж бодож байна” гэж тэр нэмж хэллээ. Эдийн засгийн ийм нөхцөлд 20 мянган ажлын байр устах гэнэ. Эдийн засаг хэцүүдэх урьдач нөхцөл ямх ямхаар бүрдээд буй. Төсвийн орлого 20 хувиар тасарсан гэж Сангийн сайд Ч.Улаан хэлжээ. Бараа бүтээгдэхүүн нь борлогдохгүй байгаа худалдаачин импортоо бууруулна. Тэгэхээр импортын, ашгийн татвар төлөх нь багасаж таарна. Ингээд л төсвийн орлого багасах нь ойлгомжтой. Ашиггүй ажиллаж байгаа импортлогч ажилчдаа цомхотгоно. Зарим компани ажилчдаа цомхотгоод эхэлсэн яриа ч чих дэлсэв. Иргэд өндөр үнэтэй импортынхувцас худалдаж авахаасаа хуучнаа арчлаад өмсөхийг илүү үзнэ. Ингээд эрэлт багасаж инфляц шалдаа бууна. Тэгвэл татварынорлогыг нэмэгдүүлэхийн тулд, 20 мянган ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд, эдийн засгийн өндөр өсөлтөө хангахын тулд яах вэ? Энэ асуултын хариулт ямар ч эргэлзээгүйгээр ам.доллар олж оруулж ирэх. Олоод, оруулаад ирлээ гэхэд зах зээл рүү нийлүүлээд ханш буураад сүйд болохгүй. Болохгүй ч гэж дээ Монголбанк тийм үйл явц болгохгүй. Төвбанк орж ирсэн ам.долларыг нөөцдөө худалдаж аваад, бодит эдийн засгийг дэмжих төгрөгийн нийлүүлэлт хийнэ гэж буй. “Ногоон”-ы ханшийг яг өнөөгийн түвшинд тогтворжуулбал бараа импортлогчдын бизнес хумигдаж, ажилчид нь “лааз өшиглөх” эрсдэлтэй юм. Харин үндэсний үйлдвэрүүдийн бизнес, тэнд ажиллагсад айлтгүй. Учир нь тэдэнд ам.долларын ханш нөлөөлөхгүй. Монголбанк ам.долларын ханшийг сулруулах арга хэмжээавах ёстой гэж хашхирах бизнесмен таарч магадгүй. Хэрвээ тэгж хашхирах аваас тэр мэдээж импортын бараа худалддаг байж таарах биз. Төгрөгийн ханшийг сул байлгах бодлого барьснаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сайн талтай. Иргэд импортын өндөр үнэтэй барааг биш, үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг сонгох болно. Гэхдээ ханшийг нэг жил чанга бариад үндэсний үйлдвэрлэл хөгжчихнө гэж сэтгэшгүй. Энэ бодлогын үр дүнг үзье гэвэл төгрөгийн ханшийг олон жил сул байлгах хэрэгтэй. Урд хөршийн удирдагчид “Хятад хүнийг юм хийж суртал юаний ханшийг чангалахгүй” гэж хэлсэн гэдэг. Тэгвэл Н.Золжаргал монгол хүнийг юм хийж суртал төгрөгийн ханшийг чангалахгүй бололтой. Төгрөгийн ханшийг сул байлгахын тулд хил давж орж ирсэн ам.долларыг Төвбанк хамж аваад байвал валютын нөөцөөр баян Монгол болох биз. Бас зах зээл ам.доллароор цангасаар байх биз.
Т.ЭНХБАТ