Шатарчин С.Билгүүн, даамчин Б.Билэгт. Хөлөгт тоглоомын
ирээдүйн хөгжлийг тодорхойлж буй хөвгүүд. Их ирээдүй “үнэртүүлсэн” тэд эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах хүсэл мөрөөдөлдөө умбаж явна. Монголын хоккейн холбооны генсек Ч.Баасандаваагийн хүү Билэгт эцгээ даган цохиур бөмбөг нийлүүлэн, мөсөн дээр цагийг өнгөрүүлэх дуртай байсан ч ээжийнхээ зөвлөгөөг дагаж зуун буудалт даамтай нөхөрлөжээ. Отгон үрдээ урам хайрлан, аавынх нь “урласан” картон цаасан өргийг тэрбээр өдгөө ч хадгалдаг. Өсвөрийн ДАШТ-д гурвантаа оролцож, УАШТ-д үеийнхнээ дөрвөн удаа өнгөлсөн тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга цол хүртэхийг мөрөөддөг нэгэн. Билэгтийг зургаан нас хүрмэгц ээж нь Т.Пүрэвдорж багшийн секцэнд бүртгүүлснээр хөлөгт тоглоомоор хичээллэсэн юм. Хөвгүүд сахилгагүй байдаг хойно олон цагаар томоотой суух нь эхний үед түүнд уйтгартай санагдсан ч энэ бүхэн хүүг тэвчээр суухад нөлөөлжээ.
-Миний дүү шатар, даамын аль алинаар нь тоглодог уу?
-Тийм ээ. Гэсэн ч ээжийн зөвлөснөөр зуун буудалт даамыг сонгосон.
-Медалийн салхи хагалсан тэмцээн юу вэ?
-Чингэлтэй дүүргийн АШТ-ээс анх хүрэл медаль хүртэхдээ зургаан настай байлаа. Намайг медаль авахад аав, ээж хоёр маань маш их баярласан.
-Өсвөрийн УАШТ-ий эхний түрүүг хэдэн настайдаа авсан юм бэ?
-Наймтайдаа 7-12 насанд түрүүлж билээ. Надаас сайн ах нарыг хожоод баярласан гэж жигтэйхэн. Миний санаж байгаагаар хүчтэй өрсөлдөгчдийн нэг Хашчулуун ах байсан.
-Тоглолтын үеэр хэр нервтдэг вэ?
-Багаасаа энэ спортоор хичээллэсэн болохоор төдийлэн нервтдэггүй. Багш маань тэмцээний үеэр урам хайрладаг юм.
-Өсвөрийн ДАШТ-д хэзээнээс оролцсон билээ?
-Зургаан жилийн өмнө ОХУ-д болсон өсвөр үеийнхний ДАШТ-д анх оролцож, багагүй сандарсан ч туршлага суусан гэж боддог. Дараа нь 2008 онд Германы ДАШТ-д өрсөлдсөн. Өнгөрсөн жил эх орондоо зохиогдсон дэлхийн аваргад дөрвөөс зургадугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт.
-Уг нь тэр тэмцээнд медаль авах боломж байсан...
-Тийм ээ. Финалын өмнөх тоглолтод том алдаа гаргасны улмаас хүчтэй өрсөлдөгчдөө хожигдон, байр ухарсан. Комбинацид орчихсон учраас хожигдох нь ойлгомжтой байсан юм. Ер нь санамсаргүй алдаа их гаргажээ.
-Бэлтгэл сургуулилт хийх зорилгоор хичээлээсээ чөлөөлөгддөг үү?
-Хичээлийн хажуу гаар бэлтгэл хийдэг. Зуны амралтаа даамандаа л зарцуулна. Цаашид
залуучуудын ДАШТ-д амжилт гаргах төлөвлөгөөтэй.
-Зуун буудалт даам эрчимтэй хөгжсөн ОХУ, Голланд зэрэг оронд аваргуудыг нутаг дээр нь хожихыг мөрөөддөг үү?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ үүний тулд өөрийгөө сайн боловсруулах хэрэгтэй.
-Хилийн чанадын тэмцээнд оролцох зардлаа хэрхэн гаргадаг вэ?
-Спонсор олдохгүй бол аав, ээж хоёр маань хувиасаа зохицуулдаг юм. Харь орноос медаль авчран гэр бүлийнхнийгээ баярлуулвал мөн ч сайхан аа.
-Чөлөөт цагаараа хоккей тоглодог уу?
-Аавтай хамт тэшүүрээр гулгадаг байсан. Гэхдээ энэ спортоор хичээллэнэ гэж огтхон ч бодож үзээгүй. Эрүүл агаарт гулгах ч сайхан л даа.
-Даам цуглуулах дуртай юу?
-Аав маань анх картон цаасаар даамын өрөг хийж өгсөн нь надад одоо ч бий. Гэхдээ хөлөг цуглуулдаггүй. Модоор хийсэн хөлгүүдийг сонирхдог л юм.
-Аль клубт хичээллэдэг билээ?
-“Алтан титэм” клубт.
-Чи Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг гэж ярьсан. Мэргэжлээ сонгосон уу?
-Одоохондоо сонгож амжаагүй байгаа. Математикийн хичээлд дуртай болохоор энэ чиглэлээр суралцах байх. Насанд хүрэгчдийн даамын ДАШТ-д түрүүлэхийг, улс орондоо хэрэгтэй хүн болохыг мөрөөддөг. Том болчихоод Д.Эрдэнбилэг ах шигээ ажлынхаа хажуугаар спортоор хичээлэн өндөр амжилтад хүрэх юмсан.
-Хэдэн жилийн өмнө алдарт даамчин Харм Вирсма Монголд ирсэн. Тэр үед даамаар хичээллэчихсэн байсан уу?
-Тэгэлгүй яахав. ОХУ-д болсон өсвөрийн даамчдын ДАШТ-ий үеэр түүнтэй уулзаж зураг авахуулж байсан юм. Үүний дараахан Харм Вирсма манай улсад ирсэн.
-Даамнаас өөр ямар спорт сонирхдог вэ?
-Чөлөөт цагаараа сагс тоглох дуртай.NBA-гийн тоглолт үзэх гэж телевизээ асаадаг даа. “Майами Хит”-ийн үнэнч фэн.
Б.ӨЛЗИЙТОГТОХ