XVII жарны “Баясгалан” хэмээгч усан луу жил гарлаа. Уламжлал ёсоор шинийн нэгний билэгт сайн өдөр Төрийн гурван өндөрлөг Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Төрийн золголт эхэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд золгодог уламжлалтай. Төрийн золголтыг цомхон болгож, зөвхөн гурван өндөрлөгийн хэмжээнд болгосон билээ. Золголтын дараа Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр төвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа.
Уламжлалт уг арга хэмжээний дараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд хамгийн өндөр настай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, золгодог. Энэ жил ахмадуудаа төлөөлж сийлбэрч Ц.Цагаан- Өвгөн, Төв аймгийн өндөр настан Х.Пагам, 100 нас зооглож байгаа Ч.Рэнцэндорж, Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Г.Очирбат, ахмад дипломатч Ч.Цэмбэлдорж, ахмад багш Б.Чулуун, ахмад дайчин С.Дагва, Булган аймгийн өндөр настан Ч.Долгор, Д.Дариймаа нар ирж, Төрийн гурван өндөрлөг буурлуудтайгаа золгосон.
Ахмадууд төрийн удирдлагууддаа сургаал үгээ хайрласан. Гарч буй жилийн өнгийг хэрхэн бэлэгшээж буй талаар Ерөнхий сайд С.Батболд “Улиран одож байгаа туулай жил Монгол Улсын маань хувьд амжилт, бүтээл арвин сайхан жил болж өнгөрлөө. Тэнгэр хангай ивээж, сайхан өдөр болж байна. Үүнийг гарч байгаа Луу жилд ард түмэн, улс орны маань ажил, амьдрал ч өөдрөг сайхан байхын шинж гэж бэлэгшээж байна. Өнгөрсөн жил Монгол Улс эдийн засаг, хөдөө аж ахуйн, газар тариалангийн салбарт өндөр амжилт гаргасан жил боллоо.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил олон ажил хийж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч эхлүүлсэн он жил байлаа. Гарч байгаа усан луу жилдээ олсон ололтоо улам бататгаж өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ жил өрх бүрд өөрчлөлт дэвшил авч ирсэн жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж нийт Монголын ард түмэндээ, мөн гадаад улс орнуудад амьдарч, ажиллаж байгаа ахан дүүс нартаа сар шинийн мэндийг хүргэж санасан бодсон бүхэн ёсчлон биелэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.