УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 17-21-нд Ховд аймагт ажиллаад битүүний орой нийслэлд ирсэн байна. Энэ хугацаанд тэрбээр Мянгад, Үенч, Алтай, Манхан зэрэг суманд ажиллаж, малчин иргэдтэй уулзан аж амьдралтай нь танилцсан байна. УИХ-аас малчдын талаар төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, иргэдийн саналыг сонсжээ. Мөн Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Ч.Гансүхэд “Алтан төлийн эзэн”, залуу малчин С.Хүрэлчулуунд “Сайн малчин”-ы шагналыг гардуулсан байна. Тус аймгаас нийт 24 хүн “Сайн малчин” цол хүртсэн аж. Мөн Үенч сум дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж төрөөс зэвсэгт хүчин, хил хамгаалах салбарын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Хэдийгээр хилийн зөрчил жил бүр буурч байгаа ч олон улсын боомттой болсноор зорчигчдын тоо ихээхэн өсөж байгаа аж. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар л гэхэд Булганы хилийн шалган нэвтрүүлэхээр 16 улсын 77969 зорчигч, 14580 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Иймээс Ярантын олон улсын боомтоор аль ч улсын зорчигч нэвтрэх боломжтой болсон тул хилийн анги салбарын төсөв санхүүгийн хуваарилалт, боловсон хүчин, техник хангамжид тусгайлсан бодлого баримталж ажиллах нь чухал байгааг аймгийн удирдлагууд уулзалтад оролцсон Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Буянжаваас хүсэж байв.
Ховд аймаг хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилд улсад тэргүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээ аймгуудын дунджаас бараг гурав дахин илүү байгаа. Өнгөрсөн онд тус аймагт 70 гаруй тэрбум төг рөгийн хөрөнгө оруулсан бол энэ жил дахиад мөн хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Үүний 42 тэрбумыг замын ажилд зарцуулна. Зам дагаж хөгжил ирэх учраас энэ асуудалд их ач холбогдол өгч байгаа юм гэдгийг УИХ-ын дарга сумдын иргэдтэй уулзах үеэрээ онцолж байлаа. Мөн багийн төвийг тохижуулах, эрчим хүчний шугамд холбох, тэр дундаа багийн холбооны байнгын найдвартай ажиллагааг хан гах үүднээс 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг хөдөөгийн иргэдэд дуулгасан юм. Цагаан сарын өмнөхөн нутагт нь зочилсон УИХ-ын даргыг иргэд ууц чанаж, ширээ засан угтсан байна. Нэг ёсондоо Цагаан сараа тэрбээр малчин иргэдтэй “урьдчилан” тэмдэглэсэн аж.