Хүн төрөлхтний цэнгэлийн манлай зуны олимпийг түүхэндээ гурав дахь удаагаа хүлээн авах Лондон хот айсуй их наадамд хэдийнэ бэлэн болж, зочдоо хоног тоолон хүлээж байна. “ТЦ” тус наадмын спортын тэмцээн уралдаан явагдах заал танхим, объектуудыг цувралаар танилцуулж байна. Лондон хот нь наадмын үеэр олимпийн, голын, төвийн гэсэн үндсэн гурван бүсэд хуваагдах ажээ.
“Олимпийн” бүсэд нь олимпийн цэнгэлдэх хүрээлэн, усан спортын төв, дугуйн парк, хоккейн төв, сагсан бөмбөгийн болон гандболын талбай, олимпийн тосгон байрлах бол Темза мөрний эрэг дагуу орших “Голын” бүсэд бокс, туялзуур сэлэм, жүдо, ширээний теннис, тэквондо, хүндийг өргөлт, бөхийн төрлийн тэмцээнүүд болох Лондоны үзэсгэлэн худалдааны төв, бадминтон, гимнастикийн тэмцээн уралдаанууд явагдах “Арена Q2” цогцолбор, морин спорт, орчин үеийн таван төрөлтийн тэмцээнүүдийг хүлээн авах Гринвичийн парк, буудлагын тэмцээн болох Хатан хааны нэрэмжит буудлагын төвүүд байх юм.
Харин “Төвийн” бүсэд хөлбөмбөгийн тэмцээн болох “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэн, Бүх Английн теннис, крикетийн клуб, дугуйн уралдаан болох Риджентс парк, триатлоны тэмцээн явагдах Гайд цэцэрлэгт хүрээлэн, волейболын тэмцээн болох “Эрлс Корт” цогцолборууд тус тус байрлана. Түүнчлэн эдгээр бүсүүдээс гадна орших Броксбурн, Дорни Лейкийн усан спортын цогцолборт олимпийн наадмын сэлүүрт болон далбаат завины уралдаан, каноэ завины тэмцээн, уулын бүсийн Хадли цэцэрлэгт хүрээлэнд уулын дугуйн тэмцээн, Глазгогийн “Хэмпден Парк”, Кардиффын “Миллениум”, Манчестерын “Олд Траффорд”, Ньюкаслын “СентЖеймс Парк”, Бирмингемийн “Вилла Парк”, Ковентригийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хөлбөмбөгийн тоглолтууд болох юм. Ингээд олимпийн цогцолборуудыг цувралаар танилцуулъя.






Үргэлжлэл бий