Зохион байгуулалт, бүтцийн багагүй өөрчлөлт хийсэн Монголын даамын холбоо энэ онд олон шинэлэг ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн. Даамын рапид тоглолтоор (15-25 минутаар тоглодог төрөл) анх удаагаа зохиогдож буй тус тэмцээн нь нийт таван үе шатнаас бүрдэх бөгөөд анхны урьдчилсан тэмцээн нь сар шинийн босгон дээр буюу хоёрдугаар сарын 17-19-нд “Хос мастер” клуб дээр зохиогдсон юм.
Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй есөн даамчин оролцож, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Бээжинд болсон “Sport Accord” наадмын дүрмээр өрсөлдөв. Тодруулбал энэ тоглолтод тэнцээ огт гардаггүй бөгөөд өрсөлдөгчөө үндсэн тавилдаа хожвол 8:0, дараагийн блиц (5 минутаар тоглодог) өрөгтөө хожвол 6:2, гурав буюу түүнээс хойших тавилдаа хожвол 5:3 оноо өгөх журмаар тоглосон юм. Ингээд дүн гарахад эмэгтэйчүүдээс спортын мастер Г.Энхтуяа 50, М.Нямжаргал 42, Э.Мандахнаран 42, Б.Нандинцэцэг 40 оноогоор бусдыгаа өнгөлж, хагас шигшээд тоглох эрхийг авсан юм. Шөвгийн дөрвийн тоглолтыг МҮОНТ-ийн II сувгаар шууд дамжуулан үзүүлсэн нь оюуны спортын хувьд шинэлэг бөгөөд содон явдал байлаа.
Их шөвөгт 2008 оны улсын аварга Б.Нандинцэцэг УАШТ-ий хошой алтан медальт Г.Энхтуяаг, уржнангийн улсын аварга Э.Мандахнаран Азийн АШТ-ий хүрэл медальт М.Нямжаргалыг буулган авч, аваргын төлөө өрсөлдөхөөр тунан үлдсэн юм. Улмаар шигшээ тоглолтод Э.Мандахнаран өрсөлдөгчөө гурав дахь тавил дээрээ буулган авч, анхны урьдчилсан тэмцээний аваргаар тодорсон.

Эрэгтэйчүүдийн хувьд 20 гаруй хүн тойргоор тоглоход хүндрэлтэй байсан учраас хоёр хэсэгт хуваасан юм. Тоглогчид группдээ 9-11 тоглолт хийж “А” хэсгээс их мастер Д.Эрдэнэбилэг нэгээр, спортын мастер Д.Ганболд хоёроор, “В” хэсгээс ДДХМ Р.Манлай нэгээр, спортын мастер С.Даваадорж хоёроор гарсан. Хагас шигшээд “А” хэсгийнхэн тус тусын өрсөлдөгчөө ялснаар аваргын төлөө тоглоход их мастер Д.Эрдэнэбилэг 6:2- оор ялалт байгуулсан. Тэргүүн байр эзэлсэн тоглогчид 1200, дэд байрт шалгарагсад 1020, шөвгийн дөрөвт үлдсэн тоглогчид 800... гэх мэтчилэн оноо авсан юм.
Ийн дөрвөн тэмцээнд цуглуулсан оноогоороо эхний 16 байрт шалгарсан тамирчид аравдугаар сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм. “Монгол Хьюндай автомотив”, “Газар шим” компаниудын ивээн тэтгэж энэхүү түргэн тоглолтын УАШТ-ий шигшээ тэмцээний шагналын сан 10 гаруй сая төгрөг ажээ.
